ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 30 хоногийн хугацаанд гал зогсоох саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч энэхүү зөрчилдөөн гарах болсон үндсэн шалтгаануудыг тодотгож, гал зогсоохын тулд шаардлагатай олон тооны урьдчилсан нөхцөл тавьсан байна. Тэрээр энэ долоо хоногт АНУ-Украины яриа хэлэлцээний үеэр Украины талын зөвшөөрсөн 30 хоногийн хугацаанд гал зогсоох санал төлөвлөгөөний талаар пүрэв гарагт Москва хотноо зохиогдсон хэвлэлийн бага хурлын үеэр байр сууриа илэрхийлжээ.
В.Путин гал зогсоох санаачилгыг зөв хэмээн дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч хэлэлцэх шаардлагатай хэд хэдэн асуудал байгаа гэдгийг хэлсэн байна. Путин “Гал зогсоосноор хямрал зөрчилдөөн гарах болсон үндсэн шалтгаан, асуудлыг уг үндсээр нь шийдвэрлэж, урт хугацааны энх тайван байдлыг тогтоох хэрэгтэй. Бид Америкийн талын түнш хамрагчидтайгаа хэлэлцээ явуулах шаардлагатай байна. Магадгүй миний бие Дональд Трамптай ч холбогдож, ярилцах хэрэг гарах байх. 30 хоногийн хугацаанд гал зогсоох нь Украины талд ч мөн сайн хэрэг болох болно: Бид гал зогсоох саналыг дэмжиж байгаа ч үүнд зарим асуудал байна” гэжээ.
Путин “Оросын тал Курск мужийг хяналтдаа байлгаж байгаа нөхцөлд АНУ 30 хоног түр гал зогсоох санал тавьсан нь Украинд л ашигтай. Украин энэ хугацааг ашиглан, зэвсгийн нийлүүлэлт хийн, цэргийн байршуулалтаа хэлэлцэх хугацааг олгож байна” гэжээ. Иймэрхүү байр суурийг мөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мөн өдөр илэрхийлсэн байна. Тэрээр “Гал зогсоох асуудлыг ярилцсан нь Украины талд амьсгаа авах цаг олгож буй хэрэг. Харин Орос улс өнө мөнхийн энх тайвныг эрэлхийлж байна. Орос, Украин гал зогсоох хэлэлцээр байгуулахад хүрвэл Оросын талын ашиг сонирхлыг харгалзан үзэх ёстой” гэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч гал зогсоох тохиролцоог хэрхэн, яаж хэрэгжүүлэх талаар нэлээд олон асуудал тодорхойгүй байгааг онцолсон байна. В.Путин “Гал зогсоох 30 хоногийн хугацааг хэрхэн яаж ашиглах юм? Украиныг цэрэг зэвсгийн хүчээ сэргээж, дахин зэвсэглэж, цэргүүдээ бэлтгэхэд ашиглах уу? Эсвэл эдгээрийн аль нь ч биш үү? Хэрвээ биш бол Украинд хэн хяналт тавих вэ? Дайн тулааныг зогсоох тушаалыг хэн өгөх юм? Ямар үнэ цэнээр? 2000 км үргэлжилсэн өргөн уудам газарт гал зогсоох гэрээг зөрчсөн эсэхийг хэн хянаж тогтоох юм? Энэ бүх асуудлыг хоёр талаасаа маш нягт нарийн ажиллаж шийдвэрлэх хэрэгтэй. Тэгвэл хэн үүнийг зохицуулах вэ?” хэмээн олон асуулт тавьсан байна.
Украины Ерөнхийлөгч В.Зеленский Путины мэдэгдэлтэй холбогдуулан, байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Хэдийгээр Путин гал зогсоох саналд шууд үгүй гэж хэлээгүй ч цаагуураа татгалзахад бэлдэж байна. Путин мэдээж Ерөнхийлөгч Трампад энэ дайныг цааш нь үргэлжлүүлэхийг хүсэж байгаагаа шууд хэлэхээс айж байгаа. Тийм учраас маш олон урьдчилсан нөхцөл тавьж байна” хэмээн шүүмжилжээ. Украины Ерөнхийлөгч гал зогсоох асуудлаар хийсэн В.Путины пүрэв гаргийн мэдэгдлийг “төөрөгдүүлсэн” шинжтэй хэмээн тодорхойлж, ОХУ-ын эсрэг өшөө олон хориг арга хэмжээ нэмж авахыг уриалсан байна. АНУ-ын зүгээс Оросын газрын тос, байгалийн хий болон банкны секторт нэмэлт хориг арга хэмжээ тавиад байгаа билээ.
АНУ-ын зуучилж байгаа гал зогсоох асуудал дээр Путин, Зеленский нар ийнхүү мэдэгдэл хийснээр үндсэндээ гал зогсоох санал дээр хоёр талын байр суурь эсрэг байгаа нь ил болж байна. Украины тал түргэн хугацаанд гал зогсоож, дараагаар нь урт хугацаанд энхийг тогтоох яриа хэлэлцээг өрнүүлэх хоёр үе шаттай үйл явцыг хүсэж байгаа бол ОХУ эсрэгээрээ хямрал зөрчлийн бүхий л асуудлуудаа нэг мөр шийдвэрлэсэн ердөө ганцхан гэрээ хэлэлцээр байгуулахыг эрэлхийлж байна. Украин улс АНУ-ын дэмжлэгтэй ОХУ-д шахалт үзүүлж чадна гэдэгтээ итгэж байгаа бол ОХУ ч мөн анхнаасаа ярьж байсан НАТО-гийн өргөжилт болон Украины гишүүнчлэлийн асуудлыг зогсоох зорилтод хүрэх боломж гарч ирснийг бүрэн ашиглахыг зорьж байна. Түүнчлэн хоёр тал өөрсдийн байр суурин дээр бат зогсон, буулт хийх сонирхолгүй байгаа нь харагдаж байгааг ажиглагчид онцолж байна. Энэхүү байдал нь хэдхэн өдрийн дотор Украины дайныг дуусгана гэсэн амлалт өгч байсан АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад асуудал үүсгэж болзошгүй юм. Д.Трамп Оросын талыг гал зогсоох гэрээг хүлээж авна гэдэгт найдаж, Путинтэй дуртайяа уулзах болно гэдгээ энэ долоо хоногт хэлсэн билээ. Энэ үеэр мөн Д.Трампын тусгай элч төлөөлөгч Стив Уиткофф Москвад хүрэлцэн ирээд байгаа бөгөөд тэрээр гал зогсоох асуудлаар В.Путинтэй хаалттай уулзаад байгаа юм.
Эргэн сануулахад, ОХУ 2022 оны 2-р сард цэргийн тусгай ажиллагаа нэрээр Украинд халдан довтолсон бөгөөд өдгөө Украины газар нутгийн 20 орчим хувьд хяналтаа тогтоогоод байна. Мөн энэхүү дайнд Оросын тал 95 мянга гаруй хүнээ алдаад байгаа гэсэн тоог Барууны хэвлэлүүд өгч байна. Харин Украины талаас 43 мянган цэрэг амь үрэгдсэн гэх тоог 2024 оны 12-р сард Украины Ерөнхийлөгч В.Зеленский мэдээлсэн ч Барууны шинжээчид үүнийг хэтэрхий дарсан тоо гэж үзсэн юм.