30 орчим жилийн дараагаар Донателла Версаче Италийн хувцас загварын алдарт “Versace” брэндийн уран бүтээл эрхэлсэн захирлын албан тушаалаасаа буухаар шийдсэн байна.
Тэрээр Versace брэндийг үүсгэн байгуулагч, өөрийн ах Жианни Версачег цуврал алуурчны гарт амь үрэгдсэний дараа 1997 онд уг албан тушаалд томилогдож байсан ажээ.
Өдгөө 69 настай Донателла Версаче Versace брэндийн хувцас загварын олон зуун цуглуулга, кампанит ажлуудыг гүйцэтгэснээс гадна зочид буудлууд болон автомашины загвар хүртэл гаргаж байсан туршлагатай уран бүтээлч хүн юм. Тэрээр дуучин Мадонна, Бейонсе, Лэди Гага, Женнифер Лопез, АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама зэрэг олон алдартнуудыг хувцаслаж байсан түүхтэй.
Versace брэнд харъяалагддаг Capri Holdings группын зүгээс пүрэв гарагт хийсэн албан ёсны мэдэгдэлд Донателла Версачегийн хийсэн бүх зүйлд талархал илэрхийлж, түүнийг Versace брэндийг дэлхийн брэнд болгон хувиргахад асар их үүрэг гүйцэтгэсэн гээд, Донателлаг цаашдаа Versace брэндийн сайн үйлс, хандивын арга хэмжээнүүдэд өөрийгөө бүрэн зориулж, тус брэндийн олон улсын зөвлөх хэвээрээ үлдэх болно гэжээ.
Харин Донателла Версачегийн халааг авч, тус брэндийн уран бүтээл эрхэлсэн шинэ захирлаар өмнө нь Miu Miu брэндийн загварын албаны даргаар ажиллаж байсан Дарио Витале томилогдон ажиллахаар болсон байна.
Донателла Версаче 12 сая дагагчтай өөрийн Инстаграм хуудсандаа “Жианни ахынхаа эхлүүлсэн зүйлийг үргэлжлүүлэн авч явсан минь нэр төрийн хэрэг байлаа, Versace брэнд миний цусанд, миний зүрх сэтгэлд үүрд орших болно, Дарио Виталег бидэнтэй нэгдэж байгаад би үнэхээр баяртай байна” хэмээн нийтэлжээ.
1978 онд байгуулагдаж байсан Versace брэндийг 2018 онд Michael Kors групп худалдан авч байсан бол дараа жил нь Capri Holdings-ийн мэдэлд шилжсэн бөгөөд өнгөрөгч 2024 онд Versace брэнд Capri Holdings-ийн 5.2 тэрбум еврогийн орлогын 20%-ийг дангаараа бүрдүүлсэн байна.