Д.Трамп ЕХ-ны согтууруулах ундааны төрлийн бараа бүтээгдэхүүнд 200%-ийн тариф тогтооно хэмээн сүрдүүллээ


АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ЕХ-ноос АНУ-д импортлогдон орж ирдэг бүх төрлийн согтууруулах ундаанд 200%-ийн тариф тогтооно хэмээн сүрдүүлээд байна.

Трампын ган, хөнгөнцагааны импортод ногдуулсан нэмэлт татварын эсрэг хариу арга хэмжээ болгон авч хэрэгжүүлсэн Америкт үйлдвэрлэсэн вискинд ногдуулахаар төлөвлөсөн 50%-ийн импортын татварын нэмэгдлийн хариуд АНУ-ын ерөнхийлөгч ийнхүү сүрдүүлжээ.

Д.Трамп мөн мэдэгдэлдээ ЕХ-г “дайсагнагч, дүрэм зөрчигч” хэмээн нэрлэж, “АНУ-аас үргэлж ашиг хонжоо хүртэж байх цор ганц зорилгоор үүсгэн байгуулагдсан” гээд, ЕХ-г Америкийн вискинд ногдуулсан “жигшмээр” тарифаа нэн даруй буцаа гэжээ.

АНУ, ЕХ-ны хооронд үүсээд буй худалдааны ээдрээтэй нөхцөл байдлыг хэлэлцэх бэлтгэл ажил  хийгдэж байгаа талаар Европын Комиссын хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна. Түүнчлэн ЕХ-ны худалдааны комиссар Марош Сефкович Трампын сүрдүүлгийн дараагаар Америкийн талын худалдаа хариуцсан албаны хүмүүстэй холбогдоод байгаа талаараа мэдэгджээ.

Европоос АНУ-д жил бүр 4.5 тэрбум еврогийн үнэ бүхий дарсыг экспортолдог бөгөөд АНУ-д нийлүүлдэг дарсны экспортын хэмжээгээрээ тэргүүлдэг талаар Европын дарс үйлдвэрлэлийн салбарыг төлөөлөгч “Comité Européen des Entreprises Vins” группын зүгээс онцолжээ. Тус группын ерөнхий нарийн бичгийн дарга Игнасио Санчез Рекарт хэлэхдээ, хэрвээ Трамп үнэхээр 200 хувийн татвар ногдуулвал Европын дарсны зах зээл сүйрч, олон мянган хүн ажилгүй болох болно гэдгийг анхааруулсан байна.

Харин Цагаан ордны зүгээс үүсээд буй маргаан зөрчилд ЕХ-г буруутгаад байгаа бол Европын төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард BBC сувгийн “HardTalk” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа ЕХ-нд Америкийн тавьсан татварын нэмэгдэлд хариу арга хэмжээ авахаас өөр сонголт байхгүй гэдгийг тодотгосон юм. Мөн тэрээр хэрвээ энэхүү маргаан улам гаарч худалдааны дайн болон хувирвал “зовлонг нь бүгд амсах болно” хэмээн анхаруулсан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *