Японд цахим орчинд жил бүр $8.4 тэрбумын мөрий тавьдаг байна


Японы цагдаагийн байгууллага түүхэндээ анх удаа цахим мөрийтэй тоглоомын талаар судалгаа явуулж, судалгааны тайлангаа танилцуулаад байна.

Тайланд бичсэнээр Япон улсад 3.36 сая хүн цахим орчин дахь кибер казинод мөрий, бооцоо тавьдаг бөгөөд япончууд жил бүр ойролцоогоор 8.4 тэрбум ам.долларын мөрий тавьдаг болохыг тооцоолжээ.

Японы Үндэсний цагдаагийн албаны зүгээс явуулсан цахим судалгаанд 27 мянга гаруй хүн оролцсон байна. Судалгаанд 15-79 насны иргэд хамрагджээ. Японы иргэд сард дунджаар 52000 иен буюу 350 ам.долларыг цахим орчинд мөрий, бооцоо тавихад зарцуулдаг болох нь мөн судалгаагаар тогтоогджээ.

Япон улсад цахим мөрийтэй тоглоомыг хуулиар хориглодог бөгөөд тухайн цахим мөрийтэй тоглоом, бооцооны сайтууд нь зөвшөөрөлтэй улс оронд үйл ажиллагаа явуулдаг эсэхээс үл хамааран цахимаар мөрий, бооцоо тавихыг хориглодог ажээ. Харин Япон улсад өнөөдрийн байдлаар цахим казино, бооцооны сайтуудыг 1,967,000 хүн хэрэглэж байгааг дээрх судалгааны тайланд бичсэн байна. Түүнчлэн өмнө нь цахимаар мөрий тавьж байгаад одоо больсон нийт хэрэглэгчдийн тоо 3,3 сая гаруй байгааг дурджээ.

Цахимаар бооцоо тавьдаг 7000 хүнээс “Хууль бус гэдгийг нь мэдэж байсан уу?” гэж асуухад 44% нь огт мэдээгүй хэмээн хариулсан байна. Түүнчлэн судалгаанд оролцсон 27 мянга гаруй хүний 60% нь цахим мөрийтэй тоглоомд донтсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн бол 46% нь цахимаар мөрий тавихын тулд санхүүгийн байгууллагууд, гэр бүлийн гишүүд, найз нөхөд, хамтран амьдрагчаасаа нэг  бус удаа мөнгө зээлж байсан хэмээн хариулжээ.

Японы цагдаагийн газрын явуулсан дээрх судалгаагаар ихэнх нь цахим казино, мөрийний сайтууд япон хэлний сонголттой байгаа нь Японы зах зээлийг байгаа болгон онилсон болохыг илтгэж байгааг онцолж, Японд хууль бус бооцоо, мөрий тавих явдал газар авсныг тодотгож, үүний эсрэг арга хэмжээ авахыг холбогдох яам, төрийн байгууллагуудтай зөвлөлдөх шаардлагатай байгааг цохон тэмдэглэхийн сацуу Японы урлаг соёлын алдартнуудад цахим бооцооны сайтуудыг сурталчлахгүй байхыг уриалж, мэдээллэх болно гэжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *