АНУ-д хүчтэй шуурга, хар салхины улмаас 37 хүн амиа алджээ


АНУ-ын төв болон өмнөд хэсгээр хүчтэй хар салхи, шуурга шуурсаны улмаас наад зах нь 37 хүн амиа алдсан талаар Америкийн хэвлэлүүд мэдээллээд байна. Амиа алдсан хүмүүсийн тоо цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд Миссиссиппи, Жоржиа, Арканзас, Оклахома зэрэг олон мужид онц байдал зарлажээ.

Дээрх байгалийн гамшигт үзэгдэл өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас эхлэн үргэлжилсэн бөгөөд хар салхи, элсэн шуурга, үер, мөн ой хээрийн түймэр зэрэг аюултай үзэгдлүүд АНУ-ын 100 сая гаруй оршин суугч бүхий төвийн болон өмнөд хэсгийн Техас, Канзас, Оклахома, Арканзас, Алабама, Миссиссипи, Миссури, Луизиана, Теннесси, Жоржиа, Кентакки, Хойд Каролина мужуудад тохиогоод байна.    

Цаг агаарын ноцтой нөхцөл байдлын улмаас ням гарагийн байдлаар дээрх мужуудын нийт 320 мянга гаруй оршин суугч тог, цахилгаангүй болсон талаар Америкийн цахилгаан сүлжээний тасалдал хяналтын PowerOutageUS вебсайтын зүгээс мэдээлжээ.

Оклахома мужид дээд тал нь 133 км/цаг хүрч ширүүссэн салхины улмаас 150 орчим том, жижиг ой хээрийн түймэр асч, 300 гаруй байшин, барилгыг сүйрүүлж, олон хот суурингуудыг нүүлгэн шилжүүлэх тушаал гарсан бол Канзас, Техас зэрэг мужуудад олон арван автомашинууд дээр дээрээсээ овоорч мөргөлдсөн осол гарч, олон хүн амь үрэгдэж, бэртэж гэмтсэн байна.

Өнгөрсөн баасан гарагаас эхлэн амралтын өдрүүдээр АНУ-ын 10 орчим мужид 40 гаруй удаа хуй салхи, хүчтэй шуурга үуурсан тухай мэдээллийг АНУ-ын Үндэсний цаг уурын албанаас мэдээлжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп өөрийн Truth Social нийгмийн сүлжээнд “гамшигт хар салхинд нэрвэгдсэн хүн бүрийн төлөө Меланиа бид хоёртой цуг залбираасай гэж хүсэж байна” хэмээн нийтэлсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *