ОХУ Украинтай байгуулах аливаа энхийн гэрээнд Украиныг НАТО-д элсэхийг хориглосон зүйл заалтыг багтааж оруулахыг шаардах болно гэдгийг тус улсын гадаад хэргийн дэд сайд Александр Грушко дотоодын “Известия” сайтад өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Тэрээр хэлэхдээ, “бид ямар ч энхийн гэрээ байгуулсан аюулгүй баталгааг л эрэлхийлж шаардах болно, тэдгээр нь Украин улсын төвийг сахих статус болон мөн НАТО-гийн улс орнууд Украиныг гишүүнээр элсэх явдлаас татгалзах ёстой” гэсэн байна.
Ийнхүү ОХУ-ын ерөнхийлөгчийн өмнө нь удаа дараа илэрхийлж байсан байр суурийг тус улсын гадаад хэргийн дэд сайд илэрхийлээд байна.
Өнгөрсөн долоо хоногт явагдсан АНУ-Украины уулзалтын төгсгөлд АНУ-ын талын тавьсан 30 хоног гал зогсоох саналыг Украин улс хүлээж авсан бол ОХУ-ын ерөнхийлөгч дээрх саналыг дэмжиж байгаа ч гал зогсоох хугацаанд хэн, хэрхэн яаж хяналт тавих вэ гэх зэргээр олон тооны урьдчилсан нөхцлүүдийг тавьсан. В.Путин мөн тэрээр удахгүй гал зогсоох асуудлаар АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамптай утсаар холбогдож, ярилцахаар болоод байгаа юм. Энэ талаар өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Москва хотноо В.Путинтэй хаалттай уулзалт хийсэн АНУ-ын тусгай элч төлөөлөгч Стив Уиткофф CNN агентлагт мэдэгдсэн.
Харин энхийн гэрээнд Украин улс дахь Оросын талын эзлэсэн газар нутгийг хэрхэн яаж тодорхойлж, томъёолох тухай асуултанд Стив Уиткофф хариулахаасаа татгалзсан байна. ОХУ одоогийн байдлаар Украин улсын нийт газар нутгийн 20 хувьд нь хяналтаа тогтоочихоод байгаа билээ.