Д.Трамп “Америкийн дуу хоолой” радиог хаах зарлигт гарын үсэг зуржээ


АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп холбооны засгийн газраас санхүүдэг Voice of America буюу “Америкийн дууд хоолой” радиог хаах зарлигт гарын үсэг зурсан байна. Тэрээр тус хэвлэл мэдээллийн байгууллагыг “Трампын эсрэг үзэл баримтлалтай”, “радикал үзэлтэй” хэмээн буруутгаж, дээрх шийдвэрийг гаргажээ.

Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд “татвар төлөгчдийн мөнгөөр радикал суртал ухуулга явуулагч байгууллагыг цаашдаа санхүүжүүлэхгүй” хэмээн мэдэгдсэн байна.

Олон улсад ихэвчлэн радиогоор мэдээлэл цацдаг VOA агентлаг нь дэлхийн хоёрдугаар дайны үед буюу 1942 онд нацизмын суртал ухуулгын эсрэг үйл ажиллагаа явуулах зорилгоор байгуулагдаж байсан юм. Дараа нь 1976 онд тухайн үеийн ерөнхийлөгч Ж.Форд тус агентлагийн биеэ даасан, хараат бус байдлыг хамгаалах журамд гарын үсэг зурж байсан бол 2013 онд батлагдсан хуулийн дагуу VOA болон түүний харьяа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд АНУ-д шууд дамжуулалтаа цацаж эхлэх болсон билээ.

Дэлхийн хэмжээнд 400 сая хүн сонсогчтой “Америкийн дуу хоолой” радиогийн захирал Майк Абрамовиц хэлэхдээ тус радиогийн нийт 1300 ажилтанд цалинтай чөлөө олгохоор болсон бөгөөд үүнд өөрийгөө ч багтсаныг онцолжээ. Тэрээр “Иран, Хятад, Орос зэрэг улс орнууд өнөөдөр АНУ-ын эсрэг утга агуулга бүхий мэдээ, мэдээлэлд хэдэн тэрбум ам.долларыг зарцуулж байгаа энэ эгзэгтэй цаг үед тэдний эсрэг хамгийн чухал үйл ажиллагааг явуулж буй VOA радиог зогсоож байгаа нь байж боломгүй явдал” гэжээ.

АНУ-ын сэтгүүлчдийн эрх ашгийг төлөөлдөг “National Press Club” байгууллагын зүгээс мөн VOA радиог хаах болсон ерөнхийлөгчийн тушаал шийдвэрийг “он удаан жил оршин тогтнож ирсэн Америкийн чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн салбарыг уландаа гишгэсэн үйлдэл боллоо” хэмээн шүүмжилжээ.

АНУ-ын ерөнхийлөгчийн зарлигт мөн VOA радиогийн толгой компани болох US Agency for Global Media-гийн үйл ажиллагааг хязгаарлахыг үүрэгдсэн байна. Ийнхүү Трампын зарлиг тушаалын дагуу VOA радиогийн үндсэн ажилтнууд болон олон улсын гэрээт ажилтнууд ажлаа алдаад байна.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп мөн иргэдийг орон гэргүй болохоос сэргийлдэг холбооны агентлаг, холбооны засгийн газраас санхүүждэг музей, номын сан зэрэг өөр бусад олон байгууллагуудын санхүүжилтийг зогсоох шийдвэрийг гаргаад байгаа бөгөөд холбооны засгийн газрын төсөв зардлыг танах хүрээнд хийгдэж байгаа эдгээр ажлуудыг Трампын зөвлөх, тэрбумтан Элон Маскын бодлого, төлөвлөгөөний дагуу хийж байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *