Монгол Улсад эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал өнөөдөр ямар байдалтай байгаа, ямар асуудал тулгарч буй, түүнийг хэрхэн шийдэх талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, Төрийн соёрхолт, Гавьяат эмч, доктор, профессор О.Сэргэлэнтэй ярилцлаа.
– П.Батчулуун эмчийг гайгүй мэдэх хүний хувьд танаас асууя. Түүний талаар Та юу хэлэх вэ?
– П.Батчулуун бол манай 1-р эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийн үндсэн гишүүн. Анхнаасаа П.Батчулуун бид хоёр энэ чиглэлд тохоон томилогдож, Финланд, Германд суралцаад, дараа нь Эрдэнэ багш, П.Батчулуун бид гурав Ли профессороос “Монголд элэг шилжүүлэн суулгах мэс заслын технологи нутагшуулж өгөөч” гэж хувийн журмаар гуйсан юм шүү дээ. Хадаг барьж гуйсан. Яг үнэндээ 2010 онд засаг захиргаа биднийг дэмжээгүй. Ойлгохгүй байсан. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг ингэж Монголд эхлүүлсэн юм.
Харамсалтай нь Батчулууны маань бие муудсан. Клиник үхэлд орж, зүрх нь зогсоод, сэхсэн хүн. Мэс заслаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болсон учраас энэ ажлыг хамгийн сайн мэддэгээрээ Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах албаны даргаар томилогдсон. Донорын хуульд заасны дагуу Эрүүл мэндийн хөгжлийн төвд Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах алба байгуулсан. Анх байгуулагдсан цагаас нь энэ албыг авч явж байгаа хүн юм. Тархины үхэлтэй бүх донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл удирдаж, зохион байгуулсан хүн бол П.Батчулуун.
– П.Батчулуун эмчид анхан шатны шүүхээс оноосон ялыг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээлээ. Та бүхэн арай ингэнэ гэж бодоогүй биз дээ?
– Бид анхнаасаа П.Батчулууны энэ асуудлыг ийм аймшигтай, хатуугаар шийдэгдэнэ гэж бодоогүй. Яагаад гэвэл донорын ар гэрээс ном ёсоор нь зөвшөөрөл авсан. Амьгүй донорыг тандан судлах, илрүүлэх, бүртгэх эс, эд, эрхтнийг хамгаалах эмчилгээ хийх, гэр бүлийн гишүүдээс нь зөвшөөрөл авна гээд Донорын тухай хуулийн 18.1.6-д заасан байдаг. Үүний дагуу зөвшөөрөл авсан.
Донорын хуулиар амьгүй донор гэж тархи нь бүрэн үхжиж, үйл ажиллагаа нь эргэшгүй алдагдсан хүнийг хэлдэг. “Тархины үхэл нь тогтоогдсоны дараа зарим нэг үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа эрхтнийг нь шилжүүлэн суулгахаар авч болно” гэж уг хуульд заасан. П.Батчулуун энэ хуулийг биелүүлсэн. Амьгүй донороос эрхтэн авахдаа ар гэрээс нь зөвшөөрөл авна гэж хуульд заасан байдаг. Бид ерөөсөө зөвшөөрөлгүйгээр хүнээс эрхтэн авдаггүй. Амьгүй донороос эрхтэн авахад бөглөдөг тусгай хуудас байдаг. Энэ хуудсан дээр гарын үсэг зурсан бол ямар ч эрхтэн авах нь зөвшөөрөгдсөн гэж үздэг. Заавал элэг, бөөр, судас, шөрмөсийг авна гэдэггүй. Нэгэнт эрхтнийг нь өгнө гээд ар гэр нь зөвшөөрсөн л бол түүгээр л болно. Ар гэрийнхэн нь зөвшөөрсөн учраас П.Батчулуун үүргийнхээ дагуу элэг, бөөр, судас, шөрмөс авсан.
– Амьгүй, тархины үхэлтэй донороос ямар ямар эрхтэн авах боломжтой вэ?
– Донороос арьс, шөрмөс, судас, элэг, бөөр, уушги, зүрх, нойр булчирхай, гэдэс, нүдний эвэрлэг авна. Донороос авсан эрхтнээр 10 гаруй хүний амийг аварч, амьдралын чанарыг нь сайжруулдаг. Бид одоохондоо элэг, бөөр, судас, шөрмөс л авч байна.
– “Шөрмөс, яс зөвшөөрөлгүй авсан байна. Шөрмөс, яс авна гэж хэлээгүй” гэж уг донорын ар гэрийнхэн П.Батчулуун эмчийг буруутгасан. Шөрмөсийг яснаас нь салгавал эргүүлэн суулгах боломжгүй болно. Тасарсан шөрмөсийг оёж болохгүй болоод л хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй болдог. Оёж болохгүй юмыг яснаас л салгаж авбал нөгөө хүний ясанд яаж бэхлэх билээ дээ. Энэ бүхнийг харахаар эрхтнээ мэддэггүй, наад захын ойлголтгүй хүмүүс П.Батчулуун эмчийг буруутгаад байна.
– Элгийг цөсний замтай нь авч нөгөө хүнд суулгадаг. Бөөрийг шээс дамжуулах замтай нь авдаг. Шөрмөсийг 2 талын яс, ясны хэсэгтэй нь авдаг. Ясгүй дан шөрмөс бол зүгээр л сул утас. Тийм утсыг дангаар нь хүнд суулгах боломж байхгүй.
Өндөр хөгжсөн орны ард түмэн энэ талаар их сайн мэдлэгтэй байдаг. П.Батчулууны энэ хэрэгтэй холбоотой мэдээлэл доор хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүдийг уншихад үнэхээр гомдмоор. “Даанч дээ. Бид хүний төлөө үхэн хатан зүтгэж байхад, биднийг яагаад ингэж доромжилж байгаа юм бэ” гэсэн гомдол өөрийн эрхгүй төрсөн.
Бид хүний амь аврахын төлөө, эрхтэн шилжүүлэн суулгах технологийг Монгол Улсад нутагшуулахын төлөө маш их зовлон туулсан. Маш их бартаа бэрхшээлийг даван туулсан. Тэгж байж бид Дэлхийн хэмжээнд элэг шилжүүлэн суулгах технологитой болсон.
Гэтэл биднийг хүний эрхтний хулгайч, наймаачид, цогцосноос эрхтэн авч, худалддаг гэж сэвж байна. Үүнийг уншаад, нулимс гарах шахсан. Бид энэ мэс заслыг эх орондоо нутагшуулахын төлөө яаж явлаа. Яаж зүтгэлээ. Үүнийг ард олны олонх нь ойлгож байгаа. Ойлгохгүй байгаа нэг хэсэгт нь хэлье! Энэ бол та бүхний боддог шиг хадаас авч сандлын хөл хаддагтай адил биш ээ. Маш нарийн ажил. 2-хон мм судас авч түүнийг залгах, 2-хон мм цөсний зам залгах амаргүй, чимхлүүр ажлыг яаж хийдэг, ямар их хариуцлага шаарддагийг хүмүүс тэр болгон мэдэхгүй. Тэр судас, цөсний зам дундуур цус, цөс гүйж байж суулгасан эрхтэн ажилладаг.
Эрүүл хүнд бид эрхтэн шилжүүлэн суулгадаггүй шүү дээ. Үхлийн даваан дээр очсон, цөөн хоногийн нас үлдсэн хүмүүст бид эрхтэн суулгадаг. Тэр хагалгаа бол амьдралын төлөөх тэмцэл байдаг юм. Хагалгааны ширээн дээр хүний зүрх зогсоход ямар хэцүү байдаг гэж санана. Зүрхийг нь ажиллуулах гэж бид яаж зовдог гэж санана. Зүрх нь ажиллахаар ямар их баярладаг гэж бодно. Тэр хүний зүрх зогсох агшинд тэнд ажиллаж байгаа эмч, сувилагч нарын зүрх хамт зогсох шиг болдог юм аа. Үүнийг ард түмэн минь ойлгооч!
– Хүний хувь заяаг дэнсэлдэг шүүгч нар хүний эрхтний бүтцийг мэддэггүй юм байна гэдэг нь 2 шатны шүүхийн шийдвэрээс харагдлаа.
– Шүүхийнхэн хэрвээ бидэнтэй ганц удаа уулзаад, хүний эрхтэн системийн талаар асуусан бол бид тодорхой тайлбарлах байсан. Аргаа бараад бид анагаахын чиглэлээр мэргэшсэн эмч-өмгөөлөгч авсан. Харамсалтай нь анхан шатны шүүхийн шийдвэр хэвээрээ үлдсэнд харамсаад ч баршгүй. Бидэнд тэр шүүх хуралд оролцох боломж олдоогүй. Хаалттай болсон.
– Эмч нарыг энэ талаар дуугарах байх гэж нэлээд хүлээлээ. Та бүхэн яагаад өдий болтол таг байв?
– Бид шүүхийн шийдвэрийг харзнасан. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр нааштай гарна гэж итгэж байсан. Арай ч ухвар мөчид байдлаар шийдэхгүй байх гэж бодсон. Харамсалтай нь тэгсэнгүй.
– Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийг үгээ хэлэхийг зарим хүн шаардаж байна.
– Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийг дуугараасай гэж хүсэж байна. Тэд П.Батчулуун эмчийн удирдсан албаны хүчээр, эрхтэн шилжүүлэн суулгах багуудын чармайлтын үр дүнд амьд явж байгаа. Бидний ачаар үхлээс аврагдаж, амьдралын чанар нь дээшилсэн. Дахин амьдрах ямар сайхан байдгийг тэд биеэрээ амссан. Бидний ажлыг бас гадарлах хүмүүс. Тиймээс дуугарч, бусдад ойлгуулж, үгээ хэлэх хэрэгтэй байна.
– Тэр хүмүүс хэний эрхтнийг тавиулснаа мэдэхгүй байгаа шүү дээ.
– Мэдэхгүй байгаа. Тархины үхэлтэй донорын ар гэрийг эрхтэн шилжүүлэн суулгуулах гэж буй өвчтөний ар гэртэй уулзуулдаггүй. Тухайн өвчтөн ямар хүний эрхтнийг өөрт нь суулгасныг мэдэхгүй. Эрхтнээ өгч буй хүний ар гэр ч тухайн эрхтнийг ямар хүнд суулгасныг мэдэхгүй. Яг л энэ хуулийн дагуу явсан.
– Хүний эд, эрхтний наймаанд эмч нарыг сэжиглэдэг хэсэг бий. Та үүнд ямар хариу өгөх вэ?
– Монгол Улсад эрхтний наймаа байхгүй ээ, ард түмээн! Яагаад гэвэл ДЭМБ эрхтний наймаа хөгжсөн улсын эрхтэн шилжүүлэх үйл ажиллагааг хаадаг, хатуу заалттай. Хэрвээ амьгүй донороос эрхтэн худалдаж авсан хүн байвал гараад ир. Би төдөн сарын төдөнд, тэр эмнэлэгт амьгүй донороос төдөн төгрөгөөр ийм эрхтэн худалдан авч, суулгуулсан гээд баримттайгаа гараад ир. Би зоригтойгоор ингэж уриалж байна. Яагаад гэвэл ийм тохиолдол ганц ч байхгүй.
– П.Батчулуун эмчтэй холбоотой шуугианаас хойш тархины үхэлтэй хэдэн донор олдсон бэ. Олдохоо больсон гэдэг үнэн үү?
– Ер нь амьгүй донорын олдоц маш бага. Өнөөдөр манайд 450 гаруй өвчтөн хүн амьгүй донороос элэг шилжүүлэн суулгуулах гээд дугаарлан хүлээж байна. Харамсалтай нь сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн сэвсэн сенсаацтай холбоотойгоор 2024 оны 5-р сараас хойш амьгүй донор ганц ч олдоогүй. Амьгүй донор хүлээсэн хүмүүс горьдсоор ертөнцийн мөнх бусыг үзэж байна. Ийм их нүгэл хийчхээд, яагаад энэ мэс заслыг хөгжүүлэхийн төлөө явсан хүнийг барьж авч, шоронд хийгээд, 2.6 жил хорьдог юм бэ? Донороос авсан элэг, бөөр, шөрмөсийг нэг ч хүнд бид зараагүй. Шаардлагатай хүмүүст нь суулгаснаар амь нь аврагдаж, амьдралын чанар нь дээшилсэн хүмүүс яагаад дуугарахгүй байна вэ?
Хэрвээ тэр шөрмөсийг аваад зарсан бол, суулгах ёсгүй хүнд суулгасан бол, шөрмөс суулгуулсан хүн гомдол гаргасан бол, бид хамтдаа шийтгүүлье. Би зоригтой хэлнэ. Тийм юм байхгүй. Монгол Улсад хүний эрхтний наймаа байхгүй!!!
П.Батчулууны асуудал бол эрүүл мэндийн системд ажиллаж буй бүх ажиллагсад, тэр дундаа эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлд өдөр, шөнөгүй, нойр, хоолгүй зүтгэж яваа олон хүний урмыг хугалж байна. Ард түмнийг талцуулсан муухай шуугиан дэгдээлээ. Бидний урам хугарах юу ч биш. Цаана нь тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа бүрэн зогссонд маш их харамсаж байна. Үүнээс болоод амьгүй донороос эрхтэн суулгуулахаар хүлээж байсан олон хүн ертөнцийн мөнх бусыг үзлээ.
– П.Батчулуун эмчийн бие ямар байгаа вэ?
– Энэ хүн зүрх муутай. Зүрх бүтэн 16 минут зогсоод, эргэж ажиллана гэдэг бол түүнд ус уух хувь байсных. Эмнэлэг дээрээ, ажлын байран дээрээ ухаан алдаж унаад, зүрх нь зогссон ч яаралтай тусламж авсан тулдаа эргэж амьдарсан. Зүрхнийхээ титэм судсанд 4, 5 удаа тэлэгч тавиулсан. Энэ болж буй явдлын улмаас зүрх нь эрс муудсан, 33%-ийн үйл ажиллагаатай байгаа. Чихрийн шижин өвчнөөр олон жил өвдсөн, цусан дахь сахарын үзүүлэлт нь 20-иос буухгүй байгаа. Өөр бусад дагалдах өвчин ч бий. Энэ хүн үнэхээр хүнд байдалтай байна. Ядахдаа хүн гэдэг талаас нь бодоод, өршөөгөөч. Төр, засгаасаа гуйж байна. Ерөнхийлөгчөөсөө гуйя. Та бүхэн минь авраач, туслаач.
– Угаасаа буруу юм хийгээгүй хүн шүү дээ.
– Тийм ээ. Энэ хүн өвчин зовлондоо шаналсан хүний төлөө л явсан. Тэр донороос авсан шөрмөсийг 10 хүнд тавьсан. Шөрмөс нь тасарч, тэргэнцэр дээр суудаг болсон хүн одоо хөл дээрээ явж байгаа. Шөрмөс нь тасраад, таяг тулдаг болсон хүн таяггүй явж байгаа. Ийм олон хүний амьдралын чанарыг дээшлүүлээд байхад, яагаад энэ хүн ялтан болох ёстой юм бэ?
– Яагаад П.Батчулуун эмчийг буруутгаад байгаа юм бол? Тэр эмч донороос өөрөө эрхтэн авч, өөрөө өөр хүмүүст суулгасан юм уу?
– Үгүй. Яг нарийндаа бол донороос авсан эрхтнүүдийг хэнд суулгахыг П.Батчулуун болон түүний алба мэдэхгүй. Амьгүй донороос эрхтэн авах, шилжүүлэн суулгахыг тусдаа өөр багууд хариуцдаг.
– Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг ямар хяналтан доор явуулдаг вэ?
– Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа хатуу хяналтан доор явагддаг. Донорын ар гэрийн 3-аас доошгүй хүнээс зөвшөөрөл авч, гарын үсэг зуруулдаг. Эрхтнийг нь авч, шилжүүлэн суулгах үйл ажиллагааг багууд гүйцэтгэнэ. Багууд яг хэнд суулгахаа шийднэ. П.Батчулуун эмчийн алба биднийг эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг хянадаг. Ийм олон давхар хяналттай.
– Тэгэхээр П.Батчулуун эмч эрхтэн суулгахад оролцдоггүй юм байна.
– Оролцдоггүй. Тус тусдаа ажилладаг багууд байдаг. Амьгүй донорын эрхтнийг тусгай лицензтэй, эрхтэн шилжүүлэн суулгах эрх бүхий багтай эрүүл мэндийн байгууллага гүйцэтгэдэг. Гэтэл 1 хүнд эрхтэн хэрэгтэй болонгуут түүнд таарах хүнийг гудамжинд цохиж унагаад, эрхтнийг нь авдаг юм шиг зарим хүн ойлгодог юм байна.
Эрхтэн авах мэс засал нь 6 цаг үргэлжилдэг. Маш хэцүү мэс засал. Энэ мэс заслыг нарийн мэргэшээгүй ерөнхий мэс заслын эмч нар ч хийж чадахгүй. Яг эрхтэн шилжүүлэн суулгах, мэргэшсэн баг хагалгааны өрөөнд, ариун нөхцөлд, ариун багажаар хийдэг. 2 мм судсыг таслахгүйгээр ялгаж, залгах боломжтойгоор авдаг юм. Хэн нэг хүнийг хээр аваачиж алаад, эрхтнийг нь авдаг юм байхгүй. Тэгж ойлгож болохгүй.
Донорын эрхтнийг авахдаа зүрх дөнгөж зогсонгуут авдаг. Цусны эргэлт зогсоод, 10 минут болбол тэр эрхтэн хэрэггүй болдог. Авсан эрхтнээ, жишээлбэл элгийг 6 цагийн дотор нөгөө хүнд суулгахгүй бол тэр элэг амьдрах чадваргүй, хэрэггүй болдог. Ийм айхтар нарийн үйл явцыг ард түмэн үнэхээр мэдэхгүй байна. Мэдэхгүй байж “Хүний эрхтэн хулгайлсан Батчулуун эмчийг шийтгэх нь зөв” гэж бичиж, нийгэмд буруу ойлголт төрүүлж болохгүй.
Би тийм сэтгэгдэл бичиж байгаа хүмүүст хэлье. Тэр хүн хулгай хийгээгүй юм аа. Худлаа хэлж, хүний эрхтэн аваагүй ээ. Тэр хүн өөртөө аваагүй, бусдад зараагүй. Бусдын амийг аврахын төлөө хариуцсан ажлаа хийж, үүргээ гүйцэтгэсэн. Уг үйл ажиллагаа эрхзүйн хүрээнд хийгдсэн.
– Нас барсан хүнд задлан шинжилгээ хийхдээ эрүүл эрхтнийг нь авдаг гэж зарим хүн харддаг. Цусны эргэлт зогссоноос хойш 10 минутын дараа бол тэр хүний бүх эрхтэн эрүүл байлаа ч ямар ч хэрэггүй юм байна. Тэгэхээр задлан хийхдээ эрхтэн авдаг гэдэг нь хий хардалт болж таарлаа.
– Янз бүрийн байдлаар нас барсан хүнд задлан шинжилгээ хийдэг. Хүмүүсийн бодлоор бол задланд оруулсан хүний эрхтэнг эмч нар тонодог юм байна л даа. Тэр чинь нас барсан хүн. Үхээд удсан хүний эрхтэн хэнд ч хэрэггүй. Наад захын мэдлэгтэй болооч. Юм уншаач. Янз бүрээр хашхираад байгаа хүмүүст хэлье. Жаахан мэдлэгтэй болж байж дуугараач. Мэддэг хүмүүс тэднийг хараад “Ээ хөөрхий. Юу ч мэдэхгүй амьтан байна даа” гэж л харж байгаа. Өөрсдийгөө битгий тийм байдалд оруулаач. Мэдлэггүйгээ битгий гайхуулаач. Мэдэхгүй бол дуугүй бай!
– Донорын ар гэрийнхэн бас ийм мэдлэггүй байдлаар П.Батчулуун эмчид хандаад, эцсийн эцэст ийм байдалд оруулчихлаа шүү дээ. Мөнгөний сонирхол ч үүнд нөлөөлсөн үү?
– Манай улсын хууль, журмын уялдаагүй байдал үүнд маш их нөлөөлсөн. Амьгүй донорын ар гэрт 3 сая төгрөгийн оршуулгын зардал өгнө гэж Донорын хуульд заасан байдаг. Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газар хуулиас давсан журам гаргаж, нийгмийн даатгал төлдөг хүнд л оршуулгын зардал олгохоор заасан. Харамсалтай нь тэр донор нийгмийн даатгал төлдөггүй байсан учраас оршуулгын зардал 3 сая төгрөгийг өгөөгүй юм билээ.

– Ядаж донор болсны төлөө оршуулгын зардал өгч болно шүү дээ.
– Амьгүй донор нь ийм олон хүний амь аварч байгаа учраас өгөх ёстой байхгүй юү. Гэтэл нийгмийн даатгалын байгууллага өгөөгүй. П.Батчулуун эмчтэй холбоотой асуудал анхнаасаа үүнээс үүдэлтэй. Донорын ар гэр нь гомдсон. Гомдолгүй яах юм. “Нийгмийн даатгал төлдөггүй байсан учраас танай хүний эрхтнийг зүгээр авна. Оршуулгын зардал өгөхгүй” гэж хэлэх амтай албан тушаалтан, тэр журмыг баталсан НДЕГ-ынхныг одоо шүүх авч хэлэлцээч! Энэ асуудлыг үүсгэсэн нийгмийн даатгалынхан яагаад ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ? Тэднээс хариуцлага шаардаач. Нэгэнт П.Батчулууныг шийтгэж байгаа юм бол “Нийгмийн даатгал төлсөн тархины үхэлтэй донорт оршуулгын зардал өгнө” гэсэн журам гаргасан хүнээ шийтгээч! Тэднээс шалтгаалж, энэ асуудал үүсээ биз дээ.
– Тэр донорын ар гэр одоо ч гомдолтой хэвээрээ байгаа юу?
– Би тэр донорын ар гэрийнхэнд баярлалаа гэж хэлнэ. Яагаад гэвэл тэд сая давж заалдах шатны шүүх хуралд “Шөрмөс авна гэж бидэнд хэлээгүй нь үнэн боловч одоо энэ хүнийг шоронд суулгах сонирхол алга” гэж мэдүүлсэн байна лээ. Тиймээс би тэдэнд баярлалаа гэж хэлээд, мэхийн ёсолмоор байна. Бидний ажлыг ойлгож буйд баярлаж байна.
– Одоо хяналтын шатны шүүхэд хандах ганц боломж П.Батчулуун эмчид үлдлээ. Улсын дээд шүүх өмнөх шатны шүүхүүдийн шийдвэрийг хэвээр үлдээвэл яах вэ?
– Арай ч П.Батчулууныгаа 2.6 жил шоронд хатаачихгүй байх гэж бид найдаж байна. УДШ-ийн шүүгчид энэ асуудлыг зөв ойлгож шийдээсэй. Ойлголт багатай байвал бидэнтэй уулзан, шаардлагатай мэдээллээ авч болно. Бүр шаардлагатай гэж үзвэл донор реципиентийн мэс заслын үйл ажиллагаатай танилцаж болно оо. Биднийг юу хийдгийг хар. Мэс заслын үйл ажиллагааг үзүүлье, танилцуулъя. Та бүхэн маань ул сууртай шийдээсэй гэж л залбирч гуйх байна.
– Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг Монголд хийж эхэлснээс хойш тархины үхэлтэй донор хэд олдсон бэ?
– Тархины үхэлтэй хүнээ донор болгож, эрхтнийг нь өгч, бусдад буян болсон 37 айл бий. Тэдэнд бүгдэд нь баярлалаа. Ер нь бурхны оронд залрахад, тэр хүн элэгтэй, бөөртэй, шөрмөстэй байна уу гэдгийг бурхан шалгахгүй. Харин ийм олон хүн авраад, бурхны оронд заларсан хүнийг бурхан диваажиндаа аваачих байх.
Тархины үхэлтэй донор дахиад олдоосой. Хүмүүс буруу ойлголтоо засаасай. Өшөө олон хүн аврах юм сан. Энэ бол маш тулгамдсан чухал асуудал.
– Донорын хуулийг шинэчлэх, өөрчлөх шаардлагатай юу?
– Донорын хуулиа шинэчлэхээр өнгөрсөн парламентаар хэлэлцүүлэхэд бэлэн болчихсон байсан юм. Шинэчилсэн төсөл нь байна. Энэ төслийг П.Батчулуун маань боловсруулахад оролцсон юм. Харамсалтай нь өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцүүлж чадалгүй, сонгууль болсон. Одоо энэ УИХ хаврын чуулганаар хэлэлцэх байх.
Монгол Улс цусны, эрхтний донороо нэгтгээд, Донорын хууль баталсан. Уг нь энэ чинь 2 өөр донорын асуудал. Жишээлбэл: Цусны донор болооч, цусаа өгөөч, хандивлаач гэж уриалж болдог. Гэтэл эрхтний донор болох, эрхтнээ хандивлахыг уриалах эрх эрхтэн шилжүүлэн суулгах багуудад байдаггүй. Хамгийн наад захын ялгаа нь энэ. Нэгэнт эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хөгжөөд, 20 жил болж байгаа учраас эрхтний донорын хуулийг тусад нь гаргах гэж байгаа юм. Энэ төслөөр нэлээд өөрчлөлт оруулж байгаа.
– Манай улсад одоо хүн амьддаа “Намайг нас барвал донор болгоорой” гэж гэрээсэлж, зөвшөөрч болдог. Ийм зөвшөөрөл өгсөн хэдэн хүн байна вэ?
– Энэ ажлыг хариуцдаг хүн нь П.Батчулуун эмч. Эд маань 10 жил уйгагүй хөдөлмөрлөж, хүмүүст ойлгуулсны хүчинд тархины үхэлтэй донорын карт гэж гаргасан. Түүндээ тухайн хүн амьд ахуйдаа “Надад хэзээ нэг цагт золгүй явдал тохиолдвол эс, эд, эрхтнээ хандивлана” гэсэн байдаг. Энэ картыг “Имонголиа”-гаас татан авч болно. Өрх, сум, дүүргийн эмнэлгээр дамжуулан авч болно. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвөөс авч болно. Яг өнөөдрийн байдлаар 1000 орчим хүн донорын карт авсан.
Ер нь амьгүй донорын асуудал 2 янз байдаг. Өндөр хөгжилтэй улс нас бараад донор болохоор амьд ахуйдаа зөвшөөрсөн хүний жолоочийн үнэмлэхийг тамгалдаг, иргэний үнэмлэхэнд нь тусгай бүртгэл хийдэг. Тэр хүн өөрөө амьддаа зөвшөөрсөн л бол дараа нь өөр хэн нэгнээс зөвшөөрөл авахгүйгээр шууд донор болгодог. Ингэхдээ эрхтэн гэж заадаг. Түүнээс биш яс, элэг, бөөр, шөрмөс гэж нэгбүрчлэн заадаггүй. Зарим улс эрхтний донор болох карттай хүнийг нас барахаар нь заавал ар гэрээс нь зөвшөөрөл авдаг. Манайх донор өөрөө өмнө нь зөвшөөрсөн ч ар гэрийн 3 хүнээс нь зөвшөөрөл заавал авдаг. Гэхдээ одоо Донорын хуулиа шинэчлэхдээ донорын карттай бол ар гэрээс нь зөвшөөрөл авахгүй байх санал тусгасан. Угаасаа хүн амьд ахуйдаа өөрөө зөвшөөрсөн бол нас барсны дараа эмнэлэг эрхтний донор болгох асуудлыг тусгасан. Үүн дээр сайтар ярилцах байх. УИХ-ын гишүүд ч үүнийг ойлгож, батлах байх.
– Манай улс элэг шилжүүлэн суулгаад 14, өөрсдөө бие даан энэ эмчилгээг хийгээд 10 жил болж байна. Энэ хугацаанд ямар ололтод хүрэв?
– Бид анх 2011 онд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг БНСУ-ын АСАН анагаах ухааны төвийн багш нартайгаа хамт эх орондоо эхэлсэн. Үүний эхний 33 хагалгааг багш нартайгаа хамт хийсэн. Өнөөдөр 306 дахь хагалгаагаа хийж байна. Үлдсэн бүх хагалгааг бие дааж хийсэн. Манай баг жилээс жилд улам чадваржиж байгаа. 10 гаруй жилд 300 гаруй хүнд элэг шилжүүлнэ гэдэг бол 3.5 сая хүнтэй Монгол Улсад том амжилт.
ДЭМБ жил бүр амьд донороос элэг шилжүүлэн суулгасан 1 сая хүнд оногдох мэс заслын тоог гаргадаг. Үүгээр Монгол Улс 2022, 2023 онд дараалан Дэлхийд 1-р байранд явж байна. Бидний хөдөлмөр далайцтай байгааг энэ тоо харуулж байгаа. Амьд донороос эрхтэн шилжүүлсний дараах үр дүнг өвчтөний хэдэн хувь нь 1, 3, 5 жилд амьд байгаа вэ гэдгээр тооцдог. Энэ үзүүлэлтээр манайх БНСУ-ын дараа Дэлхийд 2-рт ордог. 90-ээс дээш хувьтай. Энэ бол гол үзүүлэлт. Манай улс ихэнхдээ амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгаж байгаа. Манай баг 306 хүний 17-д нь тархины үхэлтэй донороос элэг авч суулгасан. Бусдад нь амьд донороос элэг шилжүүлэн суулгасан.
2 дахь гол үзүүлэлт нь суулгац элэгний амьдрах чанар. Үүнийг бас 1, 3, 5 жилээр гаргадаг. Манай багийн үзүүлэлт бас 90-ээс дээш хувьтай.
– Элэг шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн хэд нь ямар шалтгаанаар нас барсан бэ?
– Элэг шилжүүлэн суулгаж эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар 17 хүн ертөнцийн мөнх бусыг үзсэн. Тэдний 4 нь ковидоор, 2 нь хавдар дахисны улмаас, 2 нь сүрьеэ дахисны улмаас нас барсан. Яг элэг шилжүүлэн суулгасны дараах хүндрэлээр нас барсан хүн цөөн. Хүнээ амьдруулах чадвар маань ч дээгүүр байгаа.
Энэ бүхнийг харж байхад сууриа маш сайн тавих хэрэгтэй байдаг юм байна. Монголчууд бид азтай. БНСУ-ын АСАН анагаах ухааны төв амьд донороос элэг шилжүүлсэн тоогоороо ч, бусад үзүүлэлтээрээ ч Дэлхийд 1-рт ордог. Багш маань ийм мундаг учраас биднийг маш сайн сургасан. Бид бүтэн 5 жил бэлдсэн. Тэгж байж бие дааж мэс засал хийсэн. Одоо ч АСАН төвд манай эмч нар жил бүр очиж, 1 сар суралцдаг. Тэд манай эмч нарын байр, хоол, сургалтын зардлыг даадаг. Шинэ технологийг ийм хэмжээнд нутагшуулахад байнгын сургалт чухал. Яг л өлгийтэй хүүхэд арчилж байгаа юм шиг тордохгүй бол болдоггүй. Энэ зарчмыг манай баг тасралтгүй мөрдөж байгаа. Бидний амжилт бол багш сайтай, тасралтгүй суралцдагт байгаа. Мэдээж манай багийн залуусын зүтгэл, сэтгэл их чухал байсан.
– Багаж, хэрэгсэл хэр байгаа вэ?
– Үе үеийн төр, засаг бидэнд анхаарч байна аа. 2011 онд бид ганц ч багажгүйгээр мэс заслаа эхэлсэн. Багш нар маань 2 “Портер” дүүрэн багаж хэрэгслээ ачиж ирээд, эхний 3, 4 хагалгааг хийсэн. 2012 онд бид Ерөнхий сайд Н.Алтанхуягт хүсэлт тавьж, сайн багажтай болсон. Түүнийгээ 10 гаруй жил ашигласан. 2016 онд Ч.Хүрэлбаатар Сангийн сайд байхдаа бидэнд 3.5 тэрбум төгрөг шийдэж өгч, багажаа шинэчилсэн.
Шинэ технологи нутагших тусам өөр шинэ технологи нутагшуулах шаардлага гардаг. Бид сая бас л багажгүй ч АСАН төвийн багш нартайгаа хамтарч, донорын элгийг дурангийн аргаар тайрах мэс засал хийлээ. Сангийн яам, Эрүүл мэндийн яаманд хүсэлт тавьж, Б.Жавхлан, Т.Мөнхсайхан сайд дэмжиж, дурангийн мэс заслын багаж авах 1.5 тэрбум төгрөгийг өчигдөр (2025.03.13) шийдэж өгсөн. Энэ бол бидэнд маш том бэлэг болж байна.
– Эрхтэн шилжүүлэн суулгах хэчнээн технологи байдаг юм бэ. Түүний хэдийг нь манай улс нэвтрүүлээд байна вэ?
– Бид Монголд элэг шилжүүлэн суулгах бүх шинэ технологийн анхдагч. Анх амьд донороос, дараа нь тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгасан. 3-рт, хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал нутагшуулсан. 4-рт, элэгний зүүн, баруун дэлбэнг шилжүүлэн суулгалаа. 5-рт, донорын элэг дурангаар тайрах мэс засал хийлээ. 6-рт, цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах эмчилгээг 2016 оноос нутагшуулсан. Одоо бидэнд роботоор донорын элэг тайрах дутуу байна. Харамсалтай нь бидэнд робот мэс заслын багаж байхгүй. Бусдыг нь бүгдийг нь хийчихсэн. Дэлхийд элэг шилжүүлэн суулгах чиглэлээр хийж буй бүх технологи Монгол Улсад нэвтэрсэн гэсэн үг.
– Амьтнаас хүнд элэг шилжүүлэн суулгах цаг хэзээ вэ?
– Анх бид гахайнаас гахайнд элэг шилжүүлэн суулгах туршилтын мэс засал хийж, суралцсан. Ер нь амьтнаас хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг өнөөдөр Дэлхий дахинд 2 л хийсэн. Гахайнаас элэг шилжүүлэн суулгуулаад, хэдэн сар амьдарч байгаа хүн байна. Эхнийх нь нас барсан. Энэ туршилт лабораторийн шатандаа явж байгаа. Үүдэл эсээс эрхтэн ургуулах мэс заслын технологи бас туршилтын шатандаа байгаа. Хүний үүдэл эсийг авч, тухайн эрхтнийг ургуулна.
– Манай эмч нар одоо бусдад заах, сургах хэмжээнд хүрчээ. Гадаадын эмч нарыг сургаж байна уу?
– Монголдоо гэвэл ХСҮТ-ийнхөн биднээс туршлага судалж байгаад, элэг шилжүүлэн суулгах мэс заслаа хийж эхэлсэн. 7 хүүхдэд элэг шилжүүлэн суулгаснаас ЭХЭМҮТ дээр хамтран 4 хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа. Тус төвийнхөн 2016 оноос хойш манай багаас суралцаж байна. Одоо бол яг сургалтын шатандаа явна. Улсын 2-р төв эмнэлэг, БНСУ-ын “Самсунг” багтай хамтарч эхний мэс заслаа хийсэн. Гэхдээ бэлтгэл сургалт нь одоо ч манай багт үргэлжилж байна.
Гадаадад гэвэл ОХУ-ын Красноярск хотын төв эмнэлгийн 2 баг, Улаан-Үдийн нэгдсэн эмнэлгийн 2 баг манай эмнэлэгт ирж суралцаад явсан. Одоо Эрхүү мужийн эмнэлгийн баг 5-6 дугаар сард ирж, суралцахаар гэрээ байгуулсан. Гэх мэтээр бид бусдадаа сургах ажлаа байнга хийж байна.
Анх манай улсад элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлж байхдаа бидний багш, Дэлхийн алдартай эрдэмтэн Ли профессор нэг зүйл захисан. “Би бол Дэлхийд амьд донороос хүнд анх элэг шилжүүлэн суулгасан, Японы Макүчи гэж хүний шавь. Макүчи профессор Ли профессорт “Би чамд үүнийг заалаа. Цаашдаа бусад олон шавь нартаа түгээгээрэй” гэж захисан. Тиймээс би Монголын багийг сургах үнэнхүү хүсэлтэй байна” гээд Монгол, Вьетнамын багийг сургаж эхэлсэн юм. Монголын баг өнөөдөр Дэлхийд тэргүүлэх үзүүлэлттэй явж байна.
2 responses to “О.Сэргэлэн: Эрхтэн худалдаж авсан хүн байвал гараад ир. Монголд эрхтний наймаа байхгүй”
Бүх эмч нартаа баяр хүргье . Монголчууд үнэхээр агуу шүү. Батчулуун эмчийг маань арай суул
Сэргэлэн доктор маш сайн ярилцлага өгчээ Хэн ч уншсан ойлгохоор бна Түмэн олон минь ном сэтгүүл, шинжлэх ухааны ялангуяа – өөрийнхөө эрүүл байх бие түүнийхээ хэвийн үйл ажилгаа хэрхэн явагддаг талаар мэдлэгтэй болоо чээ Өвдөхгүй байхаа анхаараачээ Эмч нар та нарын хариуцлагагүйн улмаас / ихэнхидээ / өвдсөн өвчнийг эдгээх , нөхөн төлжүүлэх үйл хэрэгт бие сэтгэлээ зориулан /ялангуяа мэсийн эмч нар ,төрөх эмэгтэйчүүдийнх/ хүнд албанд зүтгэдгийг хайрлаж хүндэлмээр шүү Хувь хүн өөрийнгөө эрүүл байлгах нь идээ ундаа , явдал мөрөөс эхлэнэ гэдгийг онцгой анхаараасай