Умард Македонийн Кочани хотын шөнийн клубт гал гарч, 59 хүн амь үрэгджээ


Ням гарагт Умард Македони улсын Кочани хотын Pulse хэмээх шөнийн клубт гал гарсны улмаас 59 хүн амь үрэгдсэн бөгөөд энэхүү галын хэрэгтэй холбогдуулан 10 хүнийг баривчилжээ.

Гал орон нутгийн цагаар ням гарагийн үүрийн 02:30 минутанд гарсан байна. Тухайн үед Pulse шөнийн клубт тус улсын DNK хэмээх хоёр гишүүнтэй хип хоп хамтлагийн тоглолт болж байсан бөгөөд клубт ойролцоогоор 500 орчим хүн цугласан байжээ.

Тус хамтлагийн нэг гишүүн амьд үлдсэн ба эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаар прокурорын албанаас мэдээлсэн байна. Галын улмаас 59 хүн амиа алдаж, 155 хүн ямар нэгэн байдлаар бэртэж гэмтжээ.

Олон хүн шатаж амиа алдсан гол шалтгаан нь тухайн клубын арын хаалга түгжээтэй, зөвхөн урд талын хаалгаар л гарах боломжтой байснаас гадна галын эсрэг аюулгүй байдлын системгүй, мөн гэрэлтүүлэг муутай байсныг галын дараахь үзлэг шинжилгээгээр тогтоогдсон байна.

Нийслэл Скопье хотоос зүүн зүгт 100 км-т байрладаг Кочани хотын Pulse клубын барилга өмнө нь хивсний үйлдвэрийн агуулах байсан ба агуулахыг засч янзлан шөнийн клуб маягаар ашиглаж байсан, барилгын болон аюулгүй байдлын наад захын стандарт шаардлага хангаагүйгээс гадна шөнийн клубын зориулалтаар үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй буюу хууль бусаар үйл ажиллагаа эрхэлж байсныг эрх баригчдын зүгээс онцолжээ.

Цагдаа нар уг хэрэгтэй холбогдуулан 10 хүнийг сэжигтнээр татан баривчлаад байгаа ба тэдний дунд төрийн албан хаагчид ч байгааг тодотгосон байна. Умард Македонийн Дотоод хэргийн сайд П.Тосковски галын талаар хийсэн мэдэгдэлдээ тайзны зориулалттай пиротехникээс үсэрсэн оч шатамхай материалаар хийгдсэн таазыг шатааснаар гал гарсан болохыг батлажээ.

Үзэгчдийн гар утсаараа хийсэн бичлэг дээр тааз шатах үед үзэгчид шөнийн клубээс гаралгүй гал унтрааж буй үйл явцыг хараад зогсоцгоож байсан нь харагдаж байгаа юм. Улмаар гал түргэн хугацаанд газар авч нэмэгдсэний дараагаар л хүмүүс сандралдаж, ердөө ганцхан гарцан дээр шамбааралдаж, дээр дээрээ гишгэлж, гарахыг оролдсон эмх замбараагүй байдал шөнийн клуб дотор үүссэн байна.

Тус улсын ерөнхий сайд Христиан Микоски “олон залуусын амь насыг авч одсон маш хүнд хэцүү, эмгэнэлтэй өдөр байлаа” гээд, засгийн газраас үндэсний хэмжээнд 7 хоногийн гашуудал зарлаж байгааг мэдэгджээ. Умард Македонийн ерөнхийлөгч Гордана Силяновска-Давкова мөн болсон үйл явдалд “эх хүний хувьд, төрийн тэргүүний хувьд” маш их цочирдож хүлээж авснаа хэлж, ямар ч бизнесийн болон бусад төрлийн үйл ажиллагаанууд тогтсон дүрэм журам, стандартын дагуу явагдах ёстой, ахиж энгийн иргэдийн амь нас ийм байдлаар үрэгдэх ёсгүй гэдгийг мэдэгдэлдээ онцолж, хамгийн хүнд бэртэл гэмтэлтэй хүмүүсийг Болгар, Грек, Серб, Турк зэрэг улс орнуудын тусгай эмнэлэгт хүргээд байгааг мэдээлжээ.

Хөрш зэргэлдээх Серб улс, ЕХ-ны удирдлагуудын зүгээс Умард Македони улсад эмгэнэл илэрхийлээд байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *