Баруун аймгууд харьцангуй их цастай байна. Ялангуяа Увс, Завхан аймгийн нийт нутаг, Баянхонгор аймгийн хойд талын сумдаар 17-25 см зузаан цасан бүрхүүлтэй байна.
Энэ сарын 17-ны өдрөөс эхлэн баруун аймгуудын нутгаар өдөртөө агаарын температур өмнөх хоногуудаас харьцангуй дулаарч байна. Хаврын шар усны үер гуу жалга, сайр, авто зам дагуу урсах эрсдэлтэй байгаа тул орон нутгийн иргэд болон тус бүс нутгаар зорчиж байгаа аялагч, тээвэрчид сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
3 дугаар сарын 10-ний байдлаар Монгол орны нийт газар нутгийн 45% нь цасан бүрхүүтэй цасны дундаж зузаан нь 4.5 см, цасан дахь усны нөөц 6.37 шоо. км байна. Жишээлбэл: Халх, Увс нуур, Булган, Үенч, Бодонч, Идэр, Хяргас нуур, Шишгэд, Хараа голын сав газруудын 75-95% нь цастай. Цасан дахь усны нөөц нь дунджаар 0.52 шоо.км бол Хар нуур, Ховд гол, Хүйсийн говь цэцэг нуур, Ерөө, Чулуут, Дэлгэрмөрөн зэрэг голуудын савын 45-75% орчим нь цастай, цасан дахь усны нөөц нь дунджаар 0.36 шоо.км, Бөөнцагаан, Туул, Хөвсгөл нуур, Эг голын сав газруудын 20-45% орчим нь цасан бүрхүүтэй цасан дахь усны нөөц дунджаар 0.11 шоо км байна.
Урин дулаан цаг ирж байгаатай холбогдон дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгахыг ОБЕГ-аас зөвлөж байна.
Шар усны үер айсуй
