Spotify платформ 2024 онд уран бүтээлчдэд нийт 10 тэрбум ам.долларын урамшуулал төлбөр олгожээ


Дуу хөгжмийн стрийминг үйлчилгээний Spotify платформ өнгөрөгч онд тус платформд бүртгэлтэй уран бүтээлчдэд нийт 10 тэрбум ам.долларын урамшуулал төлбөр олгосон нь Spotify-ийн түүхэн дэх хамгийн өндөр хэмжээ болсныг онцолжээ.

Гэхдээ Spotify компанийн зүгээс олгосон дээрх төлбөрийг тухайн дуу, хөгжмийн эрхийг эзэмшигчдэд олгосон учраас хамтлаг, дуучид лэйбл компаниудтайгаа ямар тохиролцоотой гэрээ байгуулснаас шалтгаалан төлбөр нь олгогдох болно гэдгийг тодотгосон байна.

Spotify компанийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, “Spotify дуу зохиогч, хамтлаг дуучдад төлбөр төлдөггүй, бид тухайн дуу, цомгийн эрхийг эзэмшигчид буюу дуу бичлэгийн лэйблүүд, томоохон хөгжмийн компаниудад л голцуу олгодог, тэдгээр эрхийг эзэмшигчид дараа нь тухайн гэрээт уран бүтээлчидтэй байгуулсан гэрээ, тохиролцооныхоо дагуу төлбөрийг олгодог гэжээ.

Уран бүтээлч бүрийн хүртдэг мөнгөн дүн янз бүр боловч 2021 оны байдлаарх мэдээллээр хамтлаг дуучид өөрсдийн уран бүтээлийн стриймингээс олсон нийт орлогын 16 орчим хувийг л хүртдэг байна.

Өөрөөр хэлбэл аливаа уран бүтээлчийн Spotify дээрх нэг жилийн орлого 100,000 ам.доллар байлаа гэж бодоход тэрээр үүнээс 16,000 ам.долларыг хүртдэг бөгөөд энэ нь татвараас өмнөх дүн юм.

Өнгөрсөн жил Spotify нийт уран бүтээлчдэд 10 тэрбум ам.долларыг олгосон нь өмнөх 2023 оны 9 тэрбум ам.доллартай харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ. Түүнчлэн жил бүр 1000-10 сая ам.долларын төлбөр авдаг уран бүтээлчдийн тоо хэмжээ гурав дахин нэмэгдсэн болохыг Spotify-ийн зүгээс онцолжээ.

Spotify-ийн зүгээс дуу хөгжмийн салбарын санхүүгийн ил тод, нээлттэй байдлыг эрхэмлэх үүднээс жил бүрийн тайлангаа “Loud and Clear report” гэсэн нэрэн доор гарган танилцуулдаг бөгөөд өнгөрсөн жил хамгийн олон стриймингтэй уран бүтээлчээр дуучин Тэйлор Свифт тодорсон байна. 2024 онд түүний дуу хөгжмийг Spotify дээр нийт 26 тэрбум гаруй удаа сонссон байна.

Хэдийгээр ийнхүү Spotify-ийн зүгээс уран бүтээлчдэд урамшуулал төлбөр олгодог боловч стриймингээс хүртээж байгаа хувь хэмжээг нь хэтэрхий бага гэж шүүмжлэх, тус компанийн үйлчилгээнд сэтгэл хангалуун бус уран бүтээлчдийн тоо их байдаг ажээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *