Израилын тал Газын зурваст агаараас цохилт үзүүлснээр 200 гаруй хүн амь үрэгджээ. Израилын зэвсэгт хүчний зүгээс энэ удаагийн агаарын цохилтыг Газын зурвас дахь Хамас бүлэглэлийн хамаарал бүхий байршлуудад үзүүлсэн талаараа мэдэгдсэн байна. Газын зурвасын Эрүүл мэндийн яамны зүгээс мэдэгдсэнээр мягмар гарагийн үүрээр үзүүлсэн Израилын агаарын цохилтын улмаас наад зах нь 200 хүн амь үрэгдсэн бөгөөд олон хүүхэд багачууд багтсан гэжээ. Газын зурвасын дотоод хэргийн дэд сайд, Хамас бүлэглэлийн аюулгүй байдлын удирдах албан тушаалтан Махмуд Абу Вафах Израилын агаарын цохилтод өртөж, амиа алдсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Энэ удаагийн Израилын талаас үзүүлсэн агаарын цохилт нь 1-р сарын 19-нд эхэлж, 6 долоо хоногийн хугацаанд үргэлжилсэн гал зогсоох тохиролцооны дараа Газын зурваст үзүүлсэн хамгийн том агаарын цохилт болоод байна. Ариун Рамадан сар эхэлсэн учраас Газын зурвасын олон муслим шүтлэгтнүүд нар мандахын өмнөх зоогоо барьж байх үеэр дэлбэрэлтүүд эхэлж, Израилын 20 гаруй байлдааны сөнөөгч онгоц нисэж өнгөрсөн талаар гэрчүүд ярьсан бөгөөд Газа, Рафах, Хан Юнис хотуудад голчлон цохилт өгсөн байна. Израилын ерөнхий сайдын албаны зүгээс агаарын цохилт үзүүлэх тушаалыг ерөнхий сайд Б.Нэтаньяху, батлан хамгаалахын сайд Израил Катц нар өгсөн гэжээ. Түүнчлэн тус мэдэгдэлд Хамас бүлэглэл АНУ-ын ерөнхийлөгч тусгай элч төлөөлөгч Стив Уиткофф болон бусад зуучлагчдын зүгээс тавьсан гал зогсоох тохиролцоог сунгаж, барьцааны хүмүүсийг суллах саналыг хүлээж авахаас удаа дараа татгалзсан учраас ийм хариу арга хэмжээ авсан, агаарын цохилтын төлөвлөгөөг өнгөрсөн амралтын өдрүүдээр танилцуулж, засгийн газраас зөвшөөрсөн болохыг дурджээ. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргааны зүгээс мөн агаарын цохилт үзүүлэхээс өмнө Израил улстай зөвлөлдсөн болохыг Цагаан Ордны хэвлэлийн төлөөлөгч Fox News телевизэд мэдээлсэн байна. Б.Нэтаньяху мэдэгдэлдээ “Израил одооноос эхлэн цэргийн хүчээ нэмэгдүүлэн Хамасын эсрэг үйл ажиллагаа явуулах болно” гэсэн байна. Харин Хамас бүлэглэлийн зүгээс гаргасан мэдэгдэлд “Б.Нэтаньяху болон түүний засгийн газар гал зогсоох тохиролцоог орвонгоор нь эргүүлж, барьцааны хүмүүсийн хувь заяаг хөсөр хаяхаар шийдсэн байна” хэмээн хурцхан шүүмжилжээ. Гэхдээ Хамас бүлэглэлийн зүгээс дайны байдалд шилжиж орж байгаа талаар огт мэдэгдээгүй бөгөөд эсрэгээрээ зуучлагчид болон АНУ-ыг хүндрээд буй нөхцөл байдалд хөндлөнгөөс оролцохыг уриалсан байна. Энэ сарын 1-ний өдөр дууссан түр гал зогсоох тохиролцоны эхний үе шатны дараагаар АНУ, Катар, Египет зэрэг хоёр талын хоорондох яриа хэлэлцээний зуучлагчдын хувьд гал зогсоох тохиролцоог үргэлжлүүлэх, сунгах, цаашлаад энхийн гэрээ байгуулах асуудлыг урагшлуулахыг оролдож байгаа ч эх сурвалжуудын өгч байгаа мэдээллээр зуучлагчдын тавьсан санал дээр сөргөлдөгч талууд зөвшилцөлд хүрэхгүй байгаа юм
Израил Газын зурваст цохилт үзүүлснээр 200 гаруй хүн амь үрэгджээ
