Шөнийн клубт гарсан галын дараа иргэдийн эсэргүүцлийн жагсаал болов


Өнгөрсөн ням гарагт Умард Македонийн Кочани хотын шөнийн клубт гал гарч, өсвөр насны голцуу 59 хүн амиа алдсаны дараагаар тус хотод олон мянган иргэд оролцсон эсэргүүцлийн жагсаал болсон байна.

Ямар ч аюулгүй байдлын стандарт шаардлага хангаагүй, зориулалтын бус барилгад үйл ажиллагаа явуулж байсан Pulse хэмээх тус шөнийн клубт зөвшөөрөл олгосон авлигачдыг эсэргүүцэж, шударга ёсыг шаардан олон мянган иргэн даваа гарагт жагсчээ. Мөн хотын төв талбайд амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэж, лаа асаан, эмгэнэлийн захидлуудыг бичиж гашуудлаа илэрхийлсэн байна. Харин зарим өсвөр насны залуус Pulse шөнийн клубын эзний эзэмшдэг гэх өөр нэгэн баарны цоныг хагалж, тонож дээрэмдсэн хэрэг мөн гарчээ.

Тус клубт зохиогдсон хип хоп хамтлагийн тоглолтын үеэр тайзны пиротехникийн оч шатамхай материалаар хийгдсэн таазанд үсэрч авалцсанаар гал гарсан бөгөөд амиа алдсан хүмүүсээс гадна мөн 160 гаруй хүн бэртэж гэмтсэнээс 45 хүн маш хүнд бэртэл авч, хөрш зэргэлдээх Болгар, Грек, Серб, Турк улсын эмнэлгүүдэд хүргэгдэн эмчлүүлж байгаа ажээ. Гал гарах үеэр Pulse шөнийн клубын арын хаалга түгжээтэй, ганцхан урд хаалгаар гарах боломжтой байснаас гадна хоёрхон ширхэг галын хор байсан бөгөөд галын дохиолол болон таазны ус шүршигч системгүй байсан ажээ.

Шөнийн клубт гарсан галын хэрэг явдалтай холбогдуулан 20 орчим хүнийг баривчлан шалгаж байгаагийн дотор тус клубын эзэн болон мөн өмнө нь сайдын албан тушаал хашиж байсан улс төрчид ч багтсан байна.

Кочани хотын иргэдийн ихэнх нь олон залуусын амь насыг авч одсон энэхүү галд авлига, хээл хахууль авч хивсний агуулахад шөнийн клубын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон албаныхныг буруутган жагссан бол Умард Македонийн иргэний нийгмийн бүлгийн зүгээс мягмар гарагт улсын хэмжээнд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах уриалгыг гаргажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *