Д.Чулуунбаатар: Тархины үхлийг тодорхойлох MNS 4621:2008 гэсэн Монгол Улсын стандарт бий


УНТӨ-ийн Элэг шилжүүлэн суулгах баг П.Батчулуун эмчийг холбогдуулан шалгаж буй хэрэгтэй холбогдуулан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, Төрийн шагналт, Гавьяат эмч, доктор, профессор О.Сэргэлэн:

-Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа Дэлхий дахинд хөгжөөд 40 гаруй жил болж байна. Монгол Улсад хөгжөөд 20 хүрэхгүй жил болж байна. Бид энэ өндөр технологийг Монгол Улсад сүүлийн 10 жилд л эрчимтэй хөгжүүлж байгаа. Монгол шиг хөгжиж буй оронд энэ өндөр технологи нутагшуулах амаргүй. Бид энэ технологийг нутагшуулж чадсан гэж бардам хэлнэ.

Бид урдах ажилдаа анхаараад, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах технологийн талаар сэтгүүлчдэд, ард түмэнд ойлголт өгч чадаагүй юм байна гэдгээ ойлголоо. Та бүхэнд, ард түмэндээ гүйцэд ойлголт өгч чадаагүйдээ хүлцэл өчье.

Тархины үхэлтэй донор гэж хэн бэ, эрхтэн шилжүүлэн суулгах үйл явц ямар байдаг, Донорын хуульд ямар өөрчлөлт оруулах ёстой вэ гэдэг ойлголт товчхон өгье гээд бид ажлаасаа 30 минут завсарлага аваад байна.

Бид 2011 онд элэг шилжүүлэн суулгасан. Түүнээс хойш УНТЭ-ийн баг 306 хүнд элэг шилжүүлэн суулгаад байна. Үүний 17-д нь тархины үхэлтэй донороос шилжүүлэн суулгасан. Ердөө 5-хан хувь. ДЭМБ амьгүй донороос элэг шилжүүлэн суулга гэдэг чиглэл өгдөг. Гэвч монголчуудын ёс заншил, сэтгэхүй, мэдээлэл гээд олон шалтгаанаар амьгүй донорын олдоц тааруу байгаа.

Амьгүй донороос элэг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах багийг 2018 онд байгуулсан. Бусдад буян хийгээд, эрхтнээ хандивлах үйл ажиллагааг зохицуулах алба. Энэ алба байгуулагдсанаас хойш тархины үхэлтэй 270 гаруй хүний ар гэрт санал тавихад, 31 нь донор болгохыг зөвшөөрсөн. Өнөөдөр тархины үхэлтэй донор хүлээж буй 430 хүн бүртгэлтэй байна. Энэ жагсаалт дотроо цусны бүлгээрээ өөр байдаг. Тэд донор хүлээгээд, биднээс амь гуйгаад, үр хүүхэд, хамаатан саднаараа өдөр хоногийг арай ядан өнгөрөөж байгаа.

Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ Монгол Улсад дөнгөж хөгжих замдаа ороод байтал донортой холбоотой асуудал гарлаа. Үүнээс хойш тархины үхэлтэй донор байхгүй болсон. Гэсэн ч энэ 430 хүн горьдлого тээсэн хэвээрээ л байгаа.

УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн гишүүн, Төрийн соёрхолт эмч Д.Чулуунбаатар:

-Тархины үхэл гэж тархины үйл ажиллагаа, багана хэсгийн бүхий л үйл ажиллагаа эргэж сэргэхгүйгээр зогссон байхыг хэлнэ. Тархинд цус харвах, гэмтлийн улмаас бяцрах, няцрах шалтгаанаас тархи үхжих байдалд ордог. Тархи үхсэн байх хамгийн гол үндсэн шинж нь 1-рт тэр хүн ухаангүй байдаг. 2-рт, унтуулах, тайвшруулах, булчин суллах, өвчин намдаах эмчийн бодис хийгээгүй нөхцөлд өвдөлтийн хүчтэй цочрол өгөхөд, ямар ч хариу урвал үзүүлэхгүй байх. 3-рт, амьсгал нь зогссон байдаг. Эвэрлэгийн рефлексгүй байх, хүүхэн хараа өргөссөн байх, залгиурын ханиалгах, хахаж цацах гэх мэт рефлекс бүгд арилсан байх гэх мэт шинж бий. Ийм өвчтөнд эмч нар зохиомол амьсгал хийдэг.

Тархины үхлийг тодорхойлох MNS 4621:2008 гэсэн Монгол Улсын стандарт бий. Энэ стандартад гол шалгуурыг заасан байдаг. Тухайн өвчтөн байгаа эмнэлэгт эмчилгээ эрхэлсэн захирлаар нь удирдуулсан, мэргэжлийн 5-6 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, олон сорил шалгуураар 6 цагийн зайтай 2 удаа шалгаад, тархины үхэл батлагдвал Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах, зохицуулах албанд мэдээлдэг. Энэ албаныхан ар гэрийнх нь хүмүүстэй очиж уулзаад, тайлбарлана. Тархины үхэлтэй өвчтөний ар гэр хүнээ донор болгохыг зөвшөөрсөн тохиолдолд зохицуулах алба эмнэлгүүдэд мэдээлэл өгдөг. Энэ мэдээллийн дагуу эмнэлгүүдийн эрхтэн шилжүүлэн суулгах багууд очиж, зохиомол амьсгалын аппаратаар амьсгалыг нь удирдаж байгаа, цусны эргэлт хэвийн байгаа, тархины үхэлтэй өвчтөнд мэс засал хийж, шилжүүлэн суулгах эрүүл эрхтнийг нь авдаг.

Манай ард түмний дунд нас барсан хүнээс эрхтнийг нь авдаг гэсэн буруу ойлголт байдаг. Үгүй. Тархины үхэлтэй хүний онцлог бол амьсгал зогссон ч зохиомол амьсгалтай байдаг. Хүний уртавтар тархинд амьсгал хөдлөлийн төв, зүрх хөдлөлийн төв гэж байдаг. Уртавтар тархины дээд хэсэгт амьсгал удирдах төв байдаг. Түүний доор зүрх удирдах төв байдаг. Тархи дээрээсээ эхлэн гэмтсээр амьсгал удирдах төвд ирэнгүүт амьсгал зогсдог. Зүрх удирдах төв доор нь байдаг учраас зүрх ажиллаад байдаг. Тархи хавагнаад, янз янзын өөрчлөлт гараад ирэх үед зүрхний үйл ажиллагаа нь доголдож эхэлдэг. Энэ үед тухайн эмнэлгийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн эмч нар зүрх, судасны үйл ажиллагааг нь дэмжих, амьсгалыг нь удирдах үйл ажиллагаа явуулаад байж байдаг. Энэ үед тархинаас бусад эрхтний цусны эргэлт хэвийн явагдаж байдаг. Энэ үед нь шаардлагатай, эрүүл эрхтнүүдийг нь авдаг юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *