УНТӨ-ийн Элэг шилжүүлэн суулгах баг П.Батчулуун эмчийг холбогдуулан шалгаж буй хэрэгтэй холбогдуулан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, Төрийн шагналт, Гавьяат эмч, доктор, профессор О.Сэргэлэн:
-Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа Дэлхий дахинд хөгжөөд 40 гаруй жил болж байна. Монгол Улсад хөгжөөд 20 хүрэхгүй жил болж байна. Бид энэ өндөр технологийг Монгол Улсад сүүлийн 10 жилд л эрчимтэй хөгжүүлж байгаа. Монгол шиг хөгжиж буй оронд энэ өндөр технологи нутагшуулах амаргүй. Бид энэ технологийг нутагшуулж чадсан гэж бардам хэлнэ.
Бид урдах ажилдаа анхаараад, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах технологийн талаар сэтгүүлчдэд, ард түмэнд ойлголт өгч чадаагүй юм байна гэдгээ ойлголоо. Та бүхэнд, ард түмэндээ гүйцэд ойлголт өгч чадаагүйдээ хүлцэл өчье.
Тархины үхэлтэй донор гэж хэн бэ, эрхтэн шилжүүлэн суулгах үйл явц ямар байдаг, Донорын хуульд ямар өөрчлөлт оруулах ёстой вэ гэдэг ойлголт товчхон өгье гээд бид ажлаасаа 30 минут завсарлага аваад байна.
Бид 2011 онд элэг шилжүүлэн суулгасан. Түүнээс хойш УНТЭ-ийн баг 306 хүнд элэг шилжүүлэн суулгаад байна. Үүний 17-д нь тархины үхэлтэй донороос шилжүүлэн суулгасан. Ердөө 5-хан хувь. ДЭМБ амьгүй донороос элэг шилжүүлэн суулга гэдэг чиглэл өгдөг. Гэвч монголчуудын ёс заншил, сэтгэхүй, мэдээлэл гээд олон шалтгаанар амьгүй донорын олдоц тааруу байгаа.
Амьгүй донороос элэг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах багийг 2018 онд байгуулсан. Бусдад буян хийгээд, эрхтнээ хандивлах үйл ажиллагааг зохицуулах алба. Энэ алба байгуулагдсанаас хойш тархины үхэлтэй 270 гаруй хүний ар гэрт санал тавихад, 31 нь донор болгохыг зөвшөөрсөн.
Өнөөдөр тархины үхэлтэй донор хүлээж буй 430 хүн бүртгэлтэй байна. Энэ жагсаалт дотроо цусны бүлгээрээ өөр байдаг. Тэд донор хүлээгээд, биднээс амь гуйгаад, үр хүүхэд, хамаатан саднаараа өдөр хоногийг арай ядан өнгөрөөж байгаа.
Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ Монгол Улсад дөнгөж хөгжих замдаа ороод байтал донортой холбоотой асуудал гарлаа. Үүнээс хойш тархины үхэлтэй донор байхгүй болсон. Гэсэн ч энэ 430 хүн горьдлого тээсэн хэвээрээ л байгаа.

УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн гишүүн, Төрийн соёрхолт эмч Д.Чулуунбаатар:
-Тархины үхэл гэж тархины үйл ажиллагаа, багана хэсгийн бүхий л үйл ажиллагаа эргэж сэргэхгүйгээр зогссон байхыг хэлнэ. Тархинд цус харвах, гэмтлийн улмаас бяцрах, няцрах шалтгаанаас тархи үхжих байдалд ордог. Тархи үхсэн байх хамгийн гол үндсэн шинж нь 1-рт тэр хүн ухаангүй байдаг. 2-рт, унтуулах, тайвшруулах, булчин суллах, өвчин намдаах эмчийн бодис хийгээгүй нөхцөлд өвдөлтийн хүчтэй цочрол өгөхөд, ямар ч хариу урвал үзүүлэхгүй байх. 3-рт, амьсгал нь зогссон байдаг. Эвэрлэгийн рефлексгүй байх, хүүхэн хараа өргөссөн байх, залгиурын ханиалгах, хахаж цацах гэх мэт рефлекс бүгд арилсан байх гэх мэт шинж бий. Ийм өвчтөнд эмч нар зохиомол амьсгал хийдэг.
Тархины үхлийг тодорхойлох MNS 4621:2008 гэсэн Монгол Улсын стандарт бий. Энэ стандартад гол шалгуурыг заасан байдаг. Тухайн өвчтөн байгаа эмнэлэгт эмчилгээ эрхэлсэн захирлаар нь удирдуулсан, мэргэжлийн 5-6 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, олон сорил шалгуураар 6 цагийн зайтай 2 удаа шалгаад, тархины үхэл батлагдвал Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах, зохицуулах албанд мэдээлдэг. Энэ албаныхан ар гэрийнх нь хүмүүстэй очиж уулзаад, тайлбарлана. Тархины үхэлтэй өвчтөний ар гэр хүнээ донор болгохыг зөвшөөрсөн тохиолдолд зохицуулах алба эмнэлгүүдэд мэдээлэл өгдөг. Энэ мэдээллийн дагуу эмнэлгүүдийн эрхтэн шилжүүлэн суулгах багууд очиж, зохиомол амьсгалын аппаратаар амьсгалыг нь удирдаж байгаа, цусны эргэлт хэвийн байгаа, тархины үхэлтэй өвчтөнд мэс засал хийж, шилжүүлэн суулгах эрүүл эрхтнийг нь авдаг.
Манай ард түмний дунд нас барсан хүнээс эрхтнийг нь авдаг гэсэн буруу ойлголт байдаг. Үгүй. Тархины үхэлтэй хүний онцлог бол амьсгал зогссон ч зохиомол амьсгалтай байдаг. Хүний уртавтар тархинд амьсгал хөдлөлийн төв, зүрх хөдлөлийн төв гэж байдаг. Уртавтар тархины дээд хэсэгт амьсгал удирдах төв байдаг. Түүний доор зүрх удирдах төв байдаг. Тархи дээрээсээ эхлэн гэмтсээр амьсгал удирдах төвд ирэнгүүт амьсгал зогсдог. Зүрх удирдах төв доор нь байдаг учраас зүрх ажиллаад байдаг. Тархи хавагнаад, янз янзын өөрчлөлт гараад ирэх үед зүрхний үйл ажиллагаа нь доголдож эхэлдэг. Энэ үед тухайн эмнэлгийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн эмч нар зүрх, судасны үйл ажиллагааг нь дэмжих, амьсгалыг нь удирдах үйл ажиллагаа явуулаад байж байдаг. Энэ үед тархинаас бусад эрхтний цусны эргэлт хэвийн явагдаж байдаг. Энэ үед нь шаардлагатай, эрүүл эрхтнүүдийг нь авдаг юм.

УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга, Элэг шилжүүлэн суулгах багийн гишүүн Б.Бат-Ирээдүй:
-2018.01.19-нд шинэчлэн найруулсан Донорын тухай хуульд “Хүний эс, эд, эрхтэн гэж хүний эрхтэн, эрхтний хэсэг, эс болон эдийн нийлмэл бүрдлийг хэлнэ” гэж заасан. Эрүүл мэндийн сайдын 2023.06.06-ны А/198 дугаар тушаалын дагуу манай донорын баг үйл ажиллагаа явуулдаг. Тархины үнэлтэй донор гарсан эмнэлэгт мэс заслын баг очиж, үйл ажиллагаа явуулдаг. Ингэхдээ тодорхой дэс дараалсан журамтай. Хамгийн түрүүнд донороос авах эрхтнийг бүрэн чөлөөлж суллана. Элгийг цөсний хүүдийний хамт, бөөрийг шээлгүүрийн хамт, шөрмөсийг ясны эдийн хамт авдаг. Бид тухайн эрхтнийг аваад, маш богино хугацаанд шилжүүлэн суулгах ёстой. Жишээлбэл: Донороос авсан элгийг 6 цагийн дотор эргүүлэн суулгах ёстой. Түүнийг өвчтөн байрлаж буй эмнэлэгт авчирч, шилжүүлэн суулгадаг.
УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн гишүүн Б.Батсайхан:
-Амьгүй донороос элэг гарсан бол аль болох богино хугацаанд шилжүүлэн суулгах шаардлага тулгардаг. Тэгэхгүй бол тухайн элэг үхжих, үйл ажиллагаа нь алдагдах гэх мэт өөрчлөлт гардаг. Тиймээс амьгүй донорыг зарим тохиолдод тухайн эрхтэн шилжүүлэн суулгуулах төвд шилжүүлэн авчирдаг. Энэ нь тухайн донорын амьсгал хэр тогтвортой байгаагаас шалтгаална.
Нэгэнт донороос эрхтэн авсан бол Эд, эс, эрхтэн зохицуулах албанаас зөвшөөрөл авч, тухайн эрхтнийг суулгуулах хүнийг богино хугацаанд хагалгаанд бэлтгэдэг. Эрхтэн авч байх үед шилжүүлэн суулгах багууд хагалгаанд бэлэн болдог. Эрхтнийг авч дууссаны дараа түүнийг суулгах хүнд мэс засал хийж эхэлдэг. Зөвхөн элэг гэлтгүй бусад эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал зэрэг явагддаг. Нэг биш, олон багийн үйл ажиллагаа зэрэг явагддаг юм.

П.Батчулуун эмчийн өмгөөлөгч Э.Ганбат:
-Давж заалдах шатны шүүхийн магадлал гараагүй байна. Энэ 7 хоногт гарах байх. УДШ бүх маргааныг танхимаар авч хэлэлцэх боломжгүй. Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-д заасан зохицуулалт бий. Үүгээр бол эрхзүйн шинэ ойлголт, хууль хэрэглээний зарчмын нийтлэг ач холбогдолтой хэрэг маргаанаар гомдол гаргасан бол УДШ авч хэлэлцэх зохицуулалттай.
2002 онд хүний эд эрхтнийг хууль бусаар авсан бол гэмт хэрэг гэж үзэхээр Эрүүгийн хуульд оруулсан. Түүнээс хойш ийм хэрэг маргаан шүүхээр шийдэгдэж байгаагүй. Тиймээс УДШ үүнийг авч хэлэлцэх байх. Үүнээс хойш ийм хэрэг маргааныг ингэж ойлгож хэрэглэх юм байна гэдэг жишиг тогтоно. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн болон шинжлэх ухааны үндэслэлтэйгээр авч хэлэлцэх байх. Хэргийн талаар өмгөөлөгч дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, Төрийн шагналт, Гавьяат эмч, доктор, профессор О.Сэргэлэн:
-Донорын тухай хуулийг 2002 онд баталж, 2012, 2014, 2018 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. 2022 онд Донорын тухай хуульд “Тархины үхэлтэй донорын ар гэрт оршуулгын зардал 2 сая төгрөг олгоно. Нэмж 3 сая төгрөгийн тэтгэмж өгнө” гэсэн заалт оруулсан. Энэ заалтыг П.Батчулуун эмч өөрөө хөөцөлдөж, энэ хуульд тусгасан хүн шүү дээ.
Тухайн донорын ар гэрийнхэн 3 сая төгрөгийн тэтгэмжийг нь авахаар нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст очсон юм билээ. Гэтэл тухайн донор нийгмийн даатгал төлж байгаагүй юм байна. Тиймээс 3 сая төгрөгийн тэтгэмж олгохгүй гэх хариулт өгсөн юм байна лээ. Яг үнэндээ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ийм журам гаргасныг огт мэдээгүй. Хуулиас давсан журмаас болж ар гэрийнхэн нь бухимдсан.
Анх ингэж л асуудал үүсэж, олон нийтийн сүлжээгээр “нүдүүлсэн”. Тэгээд П.Батчулуун эмч энэ журмыг өөрчилж, уг донорын ар гэрт 3 сая төгрөг олгосон. Нийгмийн даатгал төлсөн, төлөөгүйгээс хамаарахгүйгээр донорын ар гэрт 3 сая төгрөгийн тэтгэмж олгодог болсон.
Манай Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах албаныхныг иргэд “Та нар дахиад хүний эд эрхтэн хулгайлах гэж байна уу” гэж хараадаг болсон. Ер нь нийгмийн сүлжээгээр ийм эмзэг асуудлыг ингэж өндөр хэмжээнд сэвж тавина гэдэг бол маш буруу. Үүний цаана маш олон хүний амь нас хохирч байгааг ойлгох хэрэгтэй.

П.Батчулуун маань биеийн байдал ийм муу байгаа учраас цаашдаа энэ олон цохилтыг давж гарч чадах уу гэдэг асуудал тулгараад байна. П.Батчулууныг бид гэмт хэрэг хийсэн гэж бодохгүй байна. Эрхтэн шилжүүлэн суулгах зөвшөөрлийн хуудас гэж байдаг. Тэр хуудсан дээр эрхтэн шилжүүлэн суулгах төвийнхөн зөвшөөрөл авдаг. П.Батчулуун эмч ямар ч буруугүй.
Яг тэр журмын дагуу 31 донороос эд, эрхтэн авч, шилжүүлэн суулгасан. Өмнө нь ямар нэг асуудал үүсээгүй. Элэг өөхлөлттэй, бөөр үрэвсэлтэй гэх мэт шалтгаанаар зарим эрхтнийг нь авахгүй байх тохиолдол байдаг. 31 донороос 27 хүнд элэг, 45 хүнд бөөр шилжүүлэн суулгасан. Тэд одоо бүгд эрүүл энх амьдарч байгаа.
Эрхтэн шилжүүлэн суулгуулах гээд өвчтөнүүд, ар гэрийнхэн горьдлого тасраагүй, хүлээгээд л сууж байгаа. Тархины үхэлтэй 1 донороос элэг, 2 бөөр авч, 3 хүний амь авардаг. Шөрмөсөөр нь 10-аад хүний амьдралын чанарыг сайжруулдаг.
П.Батчулуун эмчийн өмгөөлөгч Э.Ганбат:
-Улс орон болгон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ мэргэжлийн үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжоос гадна тусгай эрх зүйн байдлыг сайжруулсан хуультай байдаг. Монгол Улсад харамсалтай нь Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хууль байхгүй. Гагцхүү Эрүүл мэндийн тухай хуульд эмнэлгийн мэргэжилтний эрх, үүрэг, нийгмийн баталгаа гэсэн зохицуулалт бий. Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлыг хамгаалсан асуудлыг нарийн зохицуулсан бие даасан хууль боловсруулж, батлуулах шаардлагатай. Ажлын хэсгийг салбарын сайдын тушаалаар байгуулсан.
Эрхзүйн байдал ийм байвал ирээдүйд эмч нар гадаад явах эрсдэлтэй.
Эмч мэргэжилтнүүд мэргэжлээс халшрах өвчтэй байна. Би өчигдөр орон нутагт 1 шүүх хуралд оролцсон. Ковидын үед нарийн мэргэжлийн ганцхан эмчтэй байсан. Тэрийгээ тэнд, энд ажилла гэсээр байгаад, өөр хүнд үзүүлэх тусламж үйлчилгээ доголдсон гэдэг асуудлаар шүүгдэж байх жишээтэй. “Зар өгөөд ч ажиллах хүн олдоогүй ээ. Үүнээс энэ хүндрэл үүссэн” гэж тайлбарлаж байх жишээтэй.

УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, Төрийн шагналт, Гавьяат эмч, доктор, профессор О.Сэргэлэн:
-Энэ үйл явцтай холбоотойгоор оюутнууд маань хүртэл айж байна. “Багш аа! Эмч болоод надад ийм асуудал тулгарвал яах вэ” гэж асууж байна. Надад хэлэх үг байхгүй. Тэгээд юу гэж хариулахаа мэдэхгүй “Та нарыг эмч болох үед хууль эрхзүйн орчин гайгүй болох байх аа” гэж хариулж байгаа.
438 хүн ам нь ангалзаад хүлээж байна. 30 гаруй хүн одоо донор хүлээж байгаад ертөнцийн мөнх бусыг үзчихлээ. Хүний амь гэдэг маш чухал.
Би П.Батчулуунтайгаа очиж уулзсан. П.Батчулуун “Би яах гэж, юуны төлөө эрүүл мэнд, амь, амьдралаа зориулаад, ийм газарт сууж байна” гээд уйлж байна. Арга байхгүй.
Бусад оронд эрхтэн шилжүүлэх үйл явц төрийн хяналтад, дээд зэргийн нууцлалтай байдаг.