Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат, нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Ц.Батсайхантай элэг шилжүүлэн суулгах эмчилгээний талаар ярилцлаа. Тэр бол үхэл, амьдралын зааг дээр байж үзсэн, эрүүл мэнд, донор гэж юу болохыг ойлгосон хүн.
-Та хэзээ, ямар оноштойгоор элэг шилжүүлэн суулгуулсан бэ?
-Би 2025.01.22-нд хагалгаанд орсон. Элгээ солиулаад, 2 сар орчим болж байна. 2024 оны 1-р сард гэртээ ганцаараа байж байтал хамраас, маргааш нь амнаас цус гарсан. Түргэн дуудаж үзүүлэхэд, цус тогтоох эмчилгээ хийгээд “Та яаралтай дотор эрхтнээ ЭХО, томографт үзүүл” гэж зөвлөлөө. Дүүргийн эмнэлэгт үзүүлэхэд, ЭХО-д хараад, “Та ХСҮТ рүү яв” гэсэн. Манай эхнэр өмнө нь 1-р эмнэлэгт элэг шилжүүлэн суулгуулсан болохоор тийшээ очлоо. Яаралтай томограф хийлгэсэн чинь 11.8 см том хавдар илэрсэн. Эмч нар ч гайхаад “Эхнэрээ эмчлүүлээд энүүгээр 2 жил гүйсэн хүн чинь яахаараа өөрийгөө анхаардаггүй юм” гэлээ.
2022 онд эхнэр өвдөхөд “Бид 3 энэ хүнгүй бол баларна. Эхнэрээ л амьдруулахгүй бол болохгүй. Эхнэрээ эрүүл болгочихвол би гайгүй” гээд явж байсан чинь сүүлдээ би өөрөө хавдартай болж таарсан. 2024.02.08-нд хавдрын судас боолгоход, эмч нар “Яаралтай донор ол. Элэг солиулахгүй бол хэцүү. 7-р сар гэхэд донор олоорой” гэсэн.
Би эхээс 5-уулаа. 4 дүүгээрээ шинжилгээ өгүүлэхэд, миний яг доод талын эмэгтэй дүүгийн элэг таарсан. Тэр бие жижигтэй. Түүнд үлдэх элэг нь өөрийгөө тэжээх боломжгүй гэсэн хариу гарсан.
-Элгээ өгөх болон элэг суулгуулах хүний биеийн хэмжээ, өндөр, жинг харгалзаж байж, хэнд нь хамгийн багадаа ямар хэмжээний элэг байвал үйл ажиллагаа нь хэвийн явагдах вэ гэдгийг тооцдог байх нь ээ?
-Тийм. Надад шаардлагатай элгийг Сарнайгаас авчихвал үлдэх элэг нь дүүд хүрэлцэхгүй. Дүүд шаардлагатай элгийг үлдээнэ гэвэл үлдсэн нь надад хангалтгүй. Тэр дүүгийн маань хүү нь 20 гарсан залуу бий. Тэрийг шинжилгээ өгүүлье гэсэн чинь ганц ч тариа хийлгэж үзээгүй хүнд чинь сэтгэл санааны ямар ч бэлтгэл байдаггүй. “Ах аа! Чадахгүй байх аа” гэсэн. Сураглаад өөр донор олоогүй.
-Тархины үхэлтэй донор олдох нь уу гэж судалж үзсэн үү?
-Кадавр (Тархины үхэлтэй) донор хүлээж байгаа хүмүүсийн оочрыг үзсэн чинь 170 гаруй хүн байсан. 7-р сар хүртэл настай болчихсон хүн чинь тэр олон хүний дараа кадавр донор хүлээх боломжгүй.
Угаасаа манай улсад кадавр донор маш ховор. Эрхтнийг нь өгье гэсэн сэтгэл гаргах хүн цөөн. Ар гэрийнхэн нь зөвшөөрөх үү гэдэг бол асуудал. Кадавр донор бол бурхны оронд очихдоо үнэхээр том буян үйлдэж байгаа юм. 1 хүний амь аварсан ч асар том буян.
Амьд донор бол ах дүү, садан төрөл гээд цусан төрлийн хүн байх ёстой. Хар элгийн хүнээс элэг авч суулгуулах боломжгүй, хуулиараа. Амьд донороо миний цусан төрлийн хүн мөн гэдгийг нотлох бүх лавлагааг Иргэний бүртгэл мэдээллийн сангаас авчирч өгдөг. Түүнийг эмч нар үзээд, өөрсдөө дахин шүүж, нягталдаг. Тэгээд хуралддаг. Тэгж байж хагалгаанд бэлтгэж эхэлдэг юм байна лээ. Төрөл садан биш, хар элгийн хүнийг донор болгохыг эмч нар зөвшөөрөхгүй юм байна лээ. Тэр ч бүү хэл, ах дүү, төрөл садангийн элэг таарлаа гэхэд тэр нь зөвшөөрсөн байх ёстой. Зөвшөөрөөд яг хагалгаанд орох гэж байтал донор нь гэнэт татгалзчихдаг. Тийм юм гарч байсан гэж сонссон. Тэгэхэд эмч нар “Чи донор болох ёстой” гэж хүчлэх ямар ч боломжгүй, хуулиараа. Тэр хүн “Би донор болохгүй” гэсэн бол тэгээд л бүх юм дуусаа. 1 хүний амь эрсэднэ гэсэн үг.
-Донор олдохгүй байх үед Танд ямар байсан бэ?
-Би чинь эхнэрээ бодвол сэтгэлээр нэлээн унасан. Донор тохирохоо байхад үнэхээр сэтгэлээр унасан. “Бие жижигтэй дүүгээ эрсдүүлчихвэл яана. Нэгийгээ эрсдүүлчхээд өөрөө үлдэнэ ч гэж юу байх вэ. Тэрний оронд хаашдаа би өнгөрсөн хүн” гээд л. Гадаад явах гэхээр мөнгөний асуудалтай. Үр хүүхдэдээ үхэж байгаагаа үзүүлмээргүй байсан болохоор буудалд үхье гээд буудалд очоод хэвтчихсэн.
-Тэгэхэд юу бодогдож байв?
-“Өөрөө бага зовох юм сан. Хажуудах хүмүүсээ бага зовоох юм сан. Бусад нь дүүрчээ. 2 хүүхэд минь даанч дэндүү жаахан үлдэх нь дээ” л гэж бодож байсан. Эрүүл мэндээ хайхарч байхгүй яав даа. Эх, эцэг минь эрүүл бие заяасан байхад өөрийн гамгүйгээс ийм болголоо доо гэж харамсаж явдаг.

Ямар ч байсан эмчилгээгээ хийлгээд, явж байлаа. Аргаа бараад, Хятадад очиж, Хавдрын төв эмнэлэгт нь үзүүлсэн чинь хятад эмч гайхаад “Таны судсыг хаана боосон бэ? Европт уу, Японд уу, Солонгост боосон уу” гэж асуугаад, “Монголд боосон” гэсэн чинь “Монгол эмч нар ийм сайн боодог болчихсон юм уу? Таны энэ судсыг маш сайн боосон байна. Харин хавдар дахиад үсэрхийлж байна. Олон зангилаа байна. Манайд эмчлэх ямар ч боломжгүй. Та эртхэн буц. Гэртээ хариад, сэтгэлээ тайван байлга” гэсэн. Тайван байж байгаад яваарай ухааны юм ярьж байгаа байхгүй юу.
Тэгээд сэтгэл санаагаар нэлээд унасан л даа. “За амьдралын төлөө зүтгэлээ. 1 нь эрүүл болсон ч 1-ийг нь авах ёстой байсан юм байгаа биз. Даанч 2 хүүхэд минь жаахан байна даа. Багыг нь хоолонд нь хүргэчихсэн бол…” гэж бодогдсон.
-Таны дүү элгээ өгсөн гэсэн шүү дээ. Ууган дүү чинь бие жижигтэйгээсээ болоод донор болж чадсангүй. Бусдынх нь элэг таараагүй гэсэн биз дээ?
-2025 он гарлаа. 1-р эмнэлгээс утасдаад “Донортойгоо эмнэлэг дээр бэлэн бай” гэсэн. “Юу болсон юм бол доо” гэж бодоод ирсэн чинь “Сарнайг донор болгохоор болсон шүү. Болно оо” гэсэн. Бөөн баяр. Ингээд урьдчилсан эмчилгээ хийж эхэлсэн. Тэгээд 22-нд хагалгаанд оруулсан.
-Дүү Сарнайгийн чинь бие жижиг, элэг ч жижиг учраас болохгүй гэсэн биш бил үү?
-Дүүгийн элгийг хэрхэн тайрахаа дахин нарийн тооцоод, болно гэсэн дүгнэлтэд хүрсэн юм байна лээ.
-Өмнө нь тайрах гэж байсан хэсгээ болиод, өөр хэсгээр нь тайрсан гэсэн үг үү?
-Энэ сигментэд нь хүрэхгүй. Үүнийг ингэж аваад, ингэж тавина гээд маш нарийн тооцоо гаргадаг юм байна лээ. Хүний хэвлийд байгаа элгийг маш нарийн хэмжээд, нарийн тооцоо гаргадаг. Сарнай намхан, туранхай. Тийм болохоор элгийг нь өөр хэсгээр нь тайрах тооцоо хийж үзээд, болох юм байна гэж үзсэн юм байна лээ. Манай эмч нарын хамгийн их анхаардаг хүн нь донор юм байна лээ. Донорыг эрсдэлд оруулахгүй байхад бүх анхаарлаа хандуулдаг.
-Манай эмч нарын чадвар үнэхээр сайн юм байна.
-Үнэхээр сайн. Дүүгийн элэгний 75%-ийг нь аваад, надад тавьчихсан шүү дээ.
-Айн. Дүүд чинь элэгнийх нь 25%-ийг үлдээгээд үү?
-Тэгсэн. 75-иас багыг авбал надад жижигдэх юм байна л даа. Дүүд минь элэгнийх нь 25% нь үлдсэн ч намхан, туранхай болохоор үйл ажиллагаа явуулах боломжтой юм байна.
-Таныг аврах гэж эмч нар үнэхээр сэтгэл гаргаж, бүх боломжоо шавхжээ.
-Манай монгол эмч нар үнэхээр агуу гэдгийг хагалгааны дараа ухаан ороод л ойлгосон.
-Дүүгийн чинь бие одоо ямар байгаа вэ?
-Би хагалгааны дараах өглөө 06:30 цагт сэрсэн. Сувилагч “Та дахиад 2 цаг унтаадах” гээд унтуулсан. 9 цаг өнгөрч байхад сэрээд, дуслын системээ түшээд босож байтал сувилагч орж ирээд “Та ингэж болохгүй. Би босгож өгье” гээд. Дүүгээ харахыг хүссэн юм. Сувилагчтайгаа юм яриад, дүүгийнхээ тасагт орж хараад, сэтгэл амарсан.
Сарнай хагалгаанд орсны дараах 2 өдөрт оёдолдоо хэсэг зовуурилсан. 3 дахь хоногоос өөрөө босоод, явдаг болсон. Биднийг бодвол донорт харьцангуй хүндрэлтэй байдаг юм байна лээ. Байсан, эрүүл эрхтнээс нь авчихсан болохоор.
Одоо дүү зүгээр. Оёдол нь бүгд эдгэсэн. Өнгөрсөн 1 дэх өдөр Дундговиос ирж, шинжилгээгээ өгөөд явсан. Элэг нь нэлээд сайн нөхөн төлжсөн байна гэсэн. Одоо донорт уудаг эм байхгүй.
-Харин та насаараа эм ууна.
-Бид эм ууна, гам барина. Эхнэр маань бие султай байсан болохоор элэг солиулсны дараа хүндрэл гардаг байсан юм. Ханиад амархан хүрнэ. Шөнө 3 цагт эмч рүүгээ залгахад, хэн нь ч утсаа шууд авдаг. Эмнэлэгт шөнө яаралтай очоод, хүлээн авахын эмч үзлэг хийж байхад, эмч маань ирээд ирчихсэн “Хүнээ авлаа” гэдэг. Эмчилгээ, үйлчилгээ үнэхээр сайн.
Хагалгааны өмнө урьдчилаад эмчилгээ хийдэг. Надад ч хийсэн. Өвчтөнийхөө сэтгэл санааг хүртэл хагалгаанд бэлтгэдэг юм шиг санагдсан. Эмнэлгийн хувцастай хүмүүс тасагт орж ирээд, ганц нэг асуулт асуучхаад, гараад явчихдаг. “Сэтгэлзүйч нар орж ирээд, янз бүрийн юм асуугаад байна даа” гэж боддог байсан.
Сувилагч, асрагч нар хүртэл үнэхээр сайн. Даавуу жаахан бохирдоход л асрагч орж ирээд сольдог. Хүүхдийг яаж асардаг билээ, хагалгаанд орсон хүнийг сувилагч яг тэгж асардаг. Нуруу нь цоорчих вий, наалдац үүсэх вий гээд л. Байнга хэвтээд байвал наалдац үүсдэг. Тэгээд босох шаардлага үүсдэг. Бид чинь ямар ч тамиргүй болчихсон, өөрөө хөл дээрээ босож чаддаггүй. Энэ хүмүүс л биднийг асарч, өргөж босгож, аманд бантан халбагадан хийж, аманд самбай чийглэж тавьдаг.
-Гадаадад элгээ солиулахаар судалж үзсэн үү?
-Энэтхэг, Солонгос, Турк явбал яах бол гээд судалж үзсэн л дээ. Зардал асар өндөр. Хамгийн бага зардалтай нь Турк. Зөвхөн хагалгааных нь зардал 200 гаруй сая төгрөг. Энэтхэг 250 сая, Солонгос 400 сая гэсэн. Миний донорыг “Болно. Элэг жижигдэхгүй. Донорын элэг 6 сарын дотор бүрэн төлжинө. Хэвийн амьдралдаа орно” гэсэн.
Харин надаас айгаад байсан. Таных бол мөд төлжихгүй. Их дэглэм барина. Хавдар үсэрхийлээд, 3, 4 хавдар үүсчихсэн. Надад зураг нь бий. Би өөрөө ч харж чадахгүй юм байна лээ. Өөрийнхөө элгийг хараад “Би ийм болтол нь явчихсан юм уу” гэж бодохоор нулимс гарч байсан. “Үүнийгээ хайрлахгүй яав даа” гэж харамссан.
-Үхэл, амьдралын зааг дээр очиж үзлээ. Одоо юу бодогдох юм?
-Амьдрал бол үнэхээр агуу. Одоо 2 охин маань элэг бүтэн, эхнэр бид 2 эрүүл саруул. Бид 2 чинь нэг талдаа давуу талтай. Эмээ уух цагаа мартлаа гэхэд нөгөө нь сануулна. Хоолны дэглэмээ сайн барьж байгаа. Эхнэртээ, донорт нь яг гараараа хоол хийж өгч, асарч, гэртээ хэдэн сар болсон. Тиймээс хоолоо яаж хийхийг мэдэж байгаа.

Хагалгаанаас хойш сар гаруй болоод, өчигдөр эмч нартайгаа уулзсан. Одоо засмал замаар машинтай явж болно гэсэн болохоор Дундговь орж, ээждээ очиж золгочхоод, өглөө үүрээр ирлээ. Би чинь нутагтаа дахиад очиж чадахгүй гэж бодож байсан хүн. Эмч нар, дүүгийнхээ ачаар ийм сайхан болчхоод, нутагтаа дахиж очоод ирлээ.
–П.Батчулуун эмч ямар буруутай юм бол?
-Донорын тухай хуулийг анх баталсан УИХ-ын гишүүд ард түмний төлөө үнэхээр хэрэгтэй юм хийсэн. 2018 онд Д.Гантулга гэж Хэнтийн залуу энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад, нэлээн боловсронгуй болгосон юм гэнэ лээ. Гэтэл хэдхэн жилийн өмнө Донорын тухай хуульд жаахан өөрчлөлт оруулсан юм байна. Хууль гэдэг чинь үгнээс их хамаардаг. Сүүлд энэ хуулийг өөрчлөхдөө үг зүйн алдаа гаргаад, түүнээс үүдэлтэйгээр одоогийн энэ асуудал үүсэлтэй гэж боддог.
Би П.Батчулуун эмчтэй уулзаж үзээгүй ч эхнэрээ эмчлүүлэх гээд явж байхдаа харж байсан. Өнөөдөр эрхтэн шилжүүлэн суулгаж байгаа эмч нар бүгд Сэргэлэн, Батчулуун, Эрдэнээ эмчийн шавь нар байна.
П.Батчулуун эмчтэй холбоотой тэр асуудлыг зарим сэтгүүлч буруу ойлгооод, хэт сэвчихлээ гэж би тухайн үед харж байсан. Арай л буруу ойлгоод, буруу ойлгуулчихлаа даа. Тэрнээс өмнө кадавр донор олдож байсан байх. Одоо бол олдохгүй байна. Ингээд зогсож ч магадгүй. Тэгвэл аврагдах байсан хүмүүс аврагдалгүй, бурхны орон руу явна.
Донорын эд, эрхтнийг авахад цагдаа, шүүх шинжилгээ, прокурор гээд олон байгууллага хянаж байгаа шүү дээ. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгана гэдэг чинь 1 хүн толгой даагаад хийчихдэг зүйл биш. Миний нэлээн сайн танил, олон жил бизнес эрхэлсэн залууд донор олдохгүй байсаар, бурхны орон руу явсан. Намайг эргэж очиход тэр хүн “Найзад нь мөнгө байна. Би 300 саяыг гаргана. Надад донор олоод өгөөч” гэсэн. Гэсэн ч тэр хүн бурхны оронд явсан. Эрхтэн худалдаад авдаг бол ийм юм болохгүй шүү дээ.
Тэгвэл бидэнд ямар мөнгө байгаа юм. Эрүүл мэндийн даатгалаараа л элгээ солиуллаа. Одоо эмийн тунгийн шинжилгээ өгөхөөр 1-р эмнэлэгт ирээд, хамт эмнэлэгт үзүүлээд явж байсан хүмүүстэйгээ таардаг. “Хоногийн хоолоо яаж олно гэж байсан би хагалгаанд орчихсон шүү дээ. Дүү минь, ах минь донор болоод. Монголд ийм сайхан байгаа биз дээ. Гадагшаа явах байсан бол мань мэт нь чадахгүй байсаар үхэх юм байна лээ” гэж ярьцгаадаг.
-Хагалгааны өмнө элэг солих мэс заслын талаар тайлбарлаж өгдөг үү?
-Бүгдийг тайлбарлаж өгдөг. Донорт ч гэсэн. “Элэгнээс чинь ийм хэмжээтэйг авна. Суулгуулах хүний элгийг бүгдийг нь авна. Таны ийм ийм судсыг тасална. Ийм эрсдэл үүсэж магадгүй. Үүнийг хүлээн зөвшөөрч байна уу” гэж асуудаг.
Кадавр донорын ар гэрийнхнээс ч зөвшөөрөл авдаг байх. Элэг авбал цөс дагалдаад авагдана. Шөрмөс авах бол хажуугийн бэхэлгээ, шөрмөс суудаг үүр, яс бүгдийг авна. Ингэж авдаг шүү. Би хичээлд нь суусан юм шүү дээ. Манай эхнэрийг хагалгаанд ороход ч ингэж хэлсэн. “Таны гуянд зүсэлт хийж, судас авна. Шаардлагатай бол өөр газраас авч магадгүй” гээд бүх эрсдэлийг хэлдэг.
1-р эмнэлгийн эмч нар үнэхээр тэсвэртэй, тэвчээртэй. Би 1-р сарын 22-ны үүрээр 5 цагт хагалгаанд ороод, 23-ны өглөө 06:30-д ухаан орсон. Тэр хооронд юу болсныг мэдээгүй. Сүүлд ар гэрийнхнээсээ асуухад, ганцхан судас залгах гээд 6 цаг болсон байдаг. Тэр хугацаанд эмч нар хөл дээрээ зогссон гээд бод. Би тэгэхэд танд ярилцлага өгөөд, 10 минут зогсоход хөл өвдөж байна. Даавуугаар юм оёход яггүй биз дээ. Гэтэл судас гэдэг тэр нарийн, хэврэг эдийг оёно гэдэг гайхамшигтай. Амьдрал бэлэглэсэн эмч нартаа маш их баярлаж байгаа.
-Та өмнө нь өөрийнхөө эрхтнийг өвчилснийг ч мэдэхгүй явсан. Хагалгаанд орсны дараа л энэ бүх нарийн зүйлийг мэддэг болсон уу?
Тэгсэн. Хүн өөрийн биеэрээ туулж байж л мэдэх юм даа. Миний ямар нэг эд, эрхтэн болохоо байгаад үхэхэд хүрвэл 1 хүнд амьдрал бэлэглэчхээд үхэхэд гомдох юм байхгүй. Энэ бүх нарийн юмыг ар гэрийнхэн, ойр дотныхон л мэднэ. Бусад нь мэдэхгүй. Үхэл, амьдралын зааг гэж юу байдгийг тэд л мэднэ. Хавдар тусаад, эмчилгээгүй боллоо гэхэд Дэлхий хөмөрчихдөг юм даа. Хагалгааны өглөө нүдээ нээж, Нарны гэрэл харах үнэхээр гайхамшигтай аз жаргал.
Одоо бол биднээс шалтгаалах юм үлдсэн. Эмч нар хийх эмчилгээгээ хийсэн. Эхнэр бид 2 одоо эмээ цагтаа ууна. Хоолны дэглэм барина. Хөдөлгөөнөө хязгаарлана. Амьдралынхаа хэмнэлийг өөрчилнө. Хорт зуршлаа болино, тамхи татахгүй, архи уухгүй. Айраг, исэх чанарын юм ухгүй. Жүржийн төрлийн жимс идэхгүй. Эмчийн зөвлөгөөг дагаж байгаа. Эхнэр маань үүнийг дагаад, сайхан эрүүл болчхоод байгаа. Би ч эрүүл болно.