Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Б.Ганчимэг 2023 онд элэгний хатуурал гэсэн оноштойгоор элгээ солиулжээ. Үхэл, амьдралын зааг дээр байж үзсэн, үхлийг ялж, дахин амьдарсан түүнтэй эрүүл мэнд, донор, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар ярилцлаа.
-Элэг чинь хатуурсныг анх мэдээд яасан бэ?
-Өвчнөө анх мэдээд “Ингээд л үхэх юм байна” гэж бодогдоод, 3-р эмнэлгээс Сүхбаатарын талбай хүртэл ганцаараа уйлаад, алхчихсан. Үхэх тухай л бодогдоод, 2 хүүхэд маань нүдэнд харагдаад байсан. Нөхөр лүүгээ утсаар залгаж уйлаад, хэлсэн. “Миний 2 охин бага байна шүү дээ” гэж бодохоор л өөрийн эрхгүй нулимс гоожоод байсан. Алхаж явахдаа ээждээ хэлэхэд “Битгий сэтгэлээр уна. Хүрээд ир. Хэдүүлээ ярилцъя. Ямар нэг арга байгаа” гэсэн. Талбай дээр хүрээд иртэл ээж маань нэг хүнтэй хамт тосоод зогсож байсан. Тэр эгч “Би чамаас хүнд өвчтэй. Миний дүү битгий ингэ. Залуу байна” гэж тайвшруулсан.
-Элэг хатуурсныг хэзээ, яаж мэдсэн бэ?
-2022 онд ковид тусаад, эмнэлэгт хэвтэж байхдаа анх анзаарсан. Эмч нар ковидын эмчилгээ хийгээд байхад, миний гэдэс аймаар цэрдийгээд, жирэмсэн хүн шиг болсон. Шөнө ч унтаж чадахгүй. Эмч нар “Таныг эмнэлгээс гаргая. Та дотрын эмчид үзүүлээрэй” гэхээр нь гараад, ЭХО-д харуулсан чинь элэг усжсан байсан. Тэгээд 1-р эмнэлэгт хяналтад орсон. Эмч намайг “Нэлээд хүндэрсэн байна. Чи элгээ тартагтаа тултал нь явсан байна” гэсэн.
Эмнэлэгт шинжилгээ өгөхөөр ирэхэд, “Эдгэсэн, гоё болсон” гэсэн маш олон хүн байсан. Тэд “Өө миний дүү, сэтгэлээр битгий унаарай. Өргөс авсан юм шиг болдог” гэж хэлсэн. Элэг нь хатуурсан хүний улаанхоолойн судас өргөсөөд, тэрүүгээрээ цус алдах магадлалтай болдог юм байна. Тэрийгээ боолгосон.
-Донороо яаж олов?
-“Донор хайгаарай. Ах дүү нараараа шинжилгээ өгүүл” гэж эмчийг хэлэхэд, сэтгэл санаа шал өөр болсон. Эмч нарын, хүмүүсийн яриаг сонсоод нэлээд тайвширсан даа. Хамгийн түрүүнд төрсөн дүү нараараа шинжилгээ өгүүлэхэд, 1-нийх нь цусны бүлэг таарч, хагалгаанд орсон. Донор болох гэж байгаа дүү “Элгээ өгөх гэж байгаа би айгаагүй байхад, та айгаагүй биз дээ” гээд л. “Юу гэж дээ” гээд хоёулаа хагалгаанд орсон. Би 1-р эмнэлэгт элэг солиулсан 171 дэх хүн.
-Донор олох их хэцүү байх даа.
-1-р эмнэлгийн 2-р давхарт оочирлож зогсохдоо өвчтөнүүд есөн шидийн юм ярина. “Чи хэнээс элэг авах юм бэ. Донортой гэдэг чинь ямар сайхан юм бэ”, “Надад донор олдохгүй байгаа”, “Эгч нь доноргүй болчихсон”, “Кадавр донор хүлээж байгаа” гэсэн хүн зөндөө. Өөрөө адилхан өвдөж байсан болохоор тэднийг хараад, сэтгэл өвдсөн. Аймаар цэрдийсэн, тогоо шиг гэдэстэй болчихсон, нүүр нь харлачихсан тэр хүмүүс яг л миний зовлонг туулж явсан. Кадавр донор хүлээгээд л … “Төрөл төрөгсдөөсөө сайн асуу. Өвдөж зовсон үед туслах ах дүү нар байдаг шүү дээ” гэж л тэдэнд хэлэхээс хэтрэхгүй шүү дээ.

Элгээ солиулаад, эрүүл болчихсон хүмүүс ч зөндөө байсан. “Тэгэхэд би донортой. Цусны бүлэг нь таарсан. Элгээ өгье гэсэн дүүтэй байгаа нь ямар сайхан юм” гэж бодогдсон. Донортой болсон цагаас эдгэнэ, сайхан болно гэсэн итгэлтэй болсон доо.
-Эрүүл саруул яваа дүүгээ хагалгаанд оруулж, элэгнээс нь авна гэдэг амаргүй байж таарна. Өөр донор хайж үзэв үү. Эд эрхтэн зардаг гэж хүмүүс сэрддэг шүү дээ. Тийм юм байдаг юм уу. Судалж үзсэн үү?
-Эд, эрхтэн наймаалцах гэдэг зүйл Монголд байхгүйг энэ зовлонг биеэрээ туулсны хувьд бид маш сайн мэдэж байна. Бид чинь “Донор таарахгүй бол яах билээ” гээд амьдрахын төлөө судалж үзнэ шүү дээ. Зарим хүн “Тийм юм байдаг гэсэн. Мэдсэн үү, сонсов уу” гээд надаас ч асууж байсан. Ёстой тийм юм байхгүй юм билээ. Судалж үзэхэд, тийм юм огт байгаагүй. Тэр бол хүмүүсийн ам дамжсан худал яриа. Миний дараа нөхөр маань бас элгээ солиулсан болохоор үүнийг нэлээд сайн судалсан. Ёстой тийм юм байхгүй.
-Хэрвээ гадаадад элэг солиулсан бол ямар өртгөөр хагалгаа хийлгэх байсан бол?
-Гадаадад энэ хагалгааг хийлгэсэн бол хагас тэрбум төгрөгийн зардал гарах байсан. Монголдоо бид эрүүл мэндийн даатгалаараа 100% үнэгүй хагалгаа хийлгэсэн. Ямар ч төлбөргүй. Хагалгааны дараах эмчилгээ, сувилгаа бас төлбөргүй. Ямар ч асуудал алга. Монголдоо энэ хагалгааг хийлгэсэндээ бид хоёр үнэхээр их баярлаж байна.
Гадаадад элэг шилжүүлэн суулгуулсан хүмүүст хэцүү байдаг юм билээ. Янз бүрийн асуудал, хүндрэл гарвал заавал тэр улс руугаа явдаг. Эсвэл хувийн эмнэлэг барааддаг юм шиг байна лээ. Тэгэхэд нөхөр бид 2 Монголдоо хагалгаа хийлгээд, эмч нарынхаа бүрэн хяналтад байдаг. Ямар нэг асуудал гарахад, шөнө орой ч хамаагүй эмч рүүгээ шууд залгаад асуудаг. Шууд л хариулдаг, зөвлөгөө өгдөг. 1-р эмнэлгийн эмч, сувилагч нарт насаараа баярлаад баршгүй.
–Та энэ эмчилгээг хийлгэхээсээ өмнө өөрийнхөө элэгний бүтцийн талаар, эрхтнийхээ талаар хэр ойлголттой байсан бэ?
-Ямар ч ойлголтгүй байсан. 1-р эмнэлгийн хяналтад ирээд л тэр талын мэдээлэл, ойлголттой болсон. Донор хайх, шинжилгээ өгөх явцдаа ойлголт авч эхэлсэн. Одоо нөхөртэйгээ хоёулаа зөвлөлдөөд, хоёр биеэ тордоод явж байна. Нөхөр маань саяхан хагалгаанд орсон болохоор бага зэрэг зовуурьтай байгаа. Би бол зүгээр.
-Хагалгаанд орсны дараа хамгийн анх нүдээ нээсэн мөчид юу бодогдсон бэ?
-Нүднээс нулимс гараад, гэр бүл, дүү нар, ойр тойрныхон, тусалж дэмжсэн хүмүүсээ бодсон. “Эд нарыгаа л баярлуулна. Энэ бүх өвчин зовлонг даваад гарна” гэж өөртөө амлалт өгсөн. Саяхан нөхөр маань бас элгээ солиулсан. Тэр үед нөхрөө “Юу бодож байгаа бол. Надад бодогдсон шиг юм бодогдож байгаа байх” гэж бодож байлаа. Эмч нарыгаа үнэхээр биширсэн. Бид чинь сахиургүй. Эмч, сувилагч нарын асаргаанд байсан. Үнэндээ баярлаад баршгүй. Бидний амьдрал баталгаатай болчихлоо. Эрүүл болсон. Ажил хийнэ. Үр хүүхдээ өсөхийг, дээд сургуульд сурахыг нь харна. Гэр бүлтэйгээ элэг бүтэн сайхан амьдарч байна. Үүнээс илүү яах вэ дээ. Одоо бол гоё байна аа.
-П.Батчулуун эмчтэй холбоотой асуудлыг юу гэж бодож байгаа вэ?
-Сөрөг юм яриад байгаа хүмүүсийн буруу. Яг юу болсныг мэдэхгүй байж хийсвэр яриагаар тэр эмчийг буруутгаж болохгүй. Бид шүүсэн шүүгээгүй бурхан шүүнэ. Тэр хүн угаасаа буян хийсэн. Би бол тэр эмчийг ердөө ч буруутгахгүй.
Тэр донорын эд, эрхтнээр 4 хүний амь аварсан гэсэн. Би түүнд маш их баярлаж байгаа. Тэр бүсгүйн 4 эрхтнээр 4 хүн аварсан байна. Эргээд тэр эмэгтэйн үр хүүхэд, ар гэрийнхэнд ямар нэг байдлаар буян ирнэ. Юм гэдэг чинь ээлж дараатай байдаг шүү дээ. Хэзээ ч хийсэн ямар ч буян үр хүүхэд, аав ээжид нь буян болоод, эргэж ирнэ ээ. Бас л над шиг зовсон 4 хүн өнөөдөр халуун ам бүлтэйгээ сайхан амьдарч байгаа. Тэр хүмүүс байнга талархаж л яваа. Тэр талархсан сэтгэлийн буян тэр донорын ар гэрт ирнэ.

Би одоо ар гэрийнхэндээ хэлнэ. Бидний махан бие газарт булагдана. Бидний сүнс биеэ орхиод дэгдчих юм чинь эд, эрхтнээ хэрэгтэй хүнд нь хандивлана. Гэр бүлийнхэндээ энэ тухайгаа нөхөр бид хоёр хэлээд, ойлгуулаад л байгаа.
Манай улсад тархины үхэлтэй донор үнэхээр хомс байгаа. Ноднин эрхтэн авсан гэж шуугьснаас хойш ийм донор бүүр байхгүй болсон гэсэн.
-Нөхөртөө донор хайгаад явж байхад “Тархины үхэлтэй донор олдохоо байсан” гэхээр танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Буруу л юм боллоо. Донор олдохгүй, зовж яваа хүмүүст улам л хэцүү юм болсон. Донорын ач тусыг хүмүүст таниулаасай гэж би боддог. Тэгвэл хүмүүс ойлгоно. Бид эмч нартаа нэг хурал дээр хэлсэн, “Доноруудаа урамшуулдаг болох юм сан” гэж. Эрүүл мэндийн сайддаа хэлье. Донорууддаа тэмдэг гардуулах ч юм уу, “Би хүний амь аварсан донор шүү” гэж өөрөөрөө бахархах сэтгэл төрүүлмээр байна. Урам зориг өгвөл донор шал ондоо болох байх. Донорт хандсан үйл ажиллагаа зохион байгуулмаар байна.
-Одоо донорыг яаж урамшуулдаг юм бэ. Лав л оршуулгын зардал өгдөггүй юм байна.
-Одоо бол донор жилд 1 удаа сувилалд сувилуулдаг. Даатгалаараа шинжилгээ хийлгэдэг.
Уг нь донор бүрэн эрүүлждэг гэсэн. Бид ч гэсэн хагалгааны дараа бүх арьс гуужаад, дөнгөж төрсөн хүүхэд шиг л болсон. Эмч нар ч биднийг “Шинэ хүнээ өлгийдөж авлаа. Чи дөнгөж төрсөн хүүхэд шиг байгаа шүү” гэдэг байсан. Би хав хар царайтай, турж эцсэн, аймаар байсан. Хагалгааны дараа яг нялх хүүхэд шиг царайтай болсон.
One response to “Б.Ганчимэг: 3-р эмнэлгээс Сүхбаатарын талбай хүртэл ганцаараа уйлаад, алхчихсан”
Эмч бурхаддаа талархая🙏