УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах багийн гишүүн, Гавьяат эмч, доктор, профессор Б.Төмөрбаатар:
-2006 оноос манай улс 398 хүнд бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийсэн. Үүний 57 хүнд нь тархины үхэлтэй донороос бөөр авч суулгасан. Бөөр, элэг гээд 1 цогцосноос 7-8 эрхтэн авч эмнэлэгт хэрэглэх боломжтой. Тархины үхэлтэй донороос бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ бол П.Батчулуун эмчийн албаны үйл ажиллагаатай салшгүй холбоотой.
П.Батчулуун эмчийн алба мухардалд ороод, түүнээс хойш кадавр донор байхгүй болчихлоо. Энэ эмчилгээ зогсчихлоо.
Бид жилдээ 50-60 хүнд бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийдэг. 2024 онд 10 хүнд тархины үхэлтэй донороос бөөр авч шилжүүлсэн. 2025 он гараад энэ эмчилгээ тасарсан. Үүний цаана бөөрөө солиулах, шинээр амьдрах гэсэн хүмүүсийн найдвар тасарч, энэ үйл ажиллагаа доголдсон. Уг нь аятайхан эхлээд, хөгжиж байтал яг энэ цэгт ирээд, энэ алба үйл ажиллагаа явуулж чадахаа байчихлаа. Амьд доноргүй өчнөөн хүн байдаг. Зарим нь өвчнөө дийлэхгүй нөгөө ертөнц рүү явж байгаа. Хөдөө аймгуудын өвчтөнүүд тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд хамрагдахад их төвөгтэй. Тархины үхэлтэй донороос бөөр авч шилжүүлнэ гэдэг яаралтай мэс засал. 500 км-ийн цаанаас яаралтай Улаанбаатарт ирж, яаралтай шинжилгээ өгч, яаралтай хагалгаанд ороход тун хэцүү.
Энэ жил бид 60-аад хүнд хагалгаа хийнэ. Жилээс жилд энэ тоо нэмэгдэж байна. Жилд 300 гаруй хүн хагалгаа хийлгэх жагсаалтад ороод байна. Үүнээс ядахдаа жилд 40 хувьд нь хагалгаа хийдэг болчихмоор байна. П.Батчулуун эмчийн алба үүнд тун чхуал.
Бөөр шилжүүлэн суулгахад эрүүл мэндийн даатгал тун чухал. Хүн хүч, техник, технологи, барилгаас эхлээд олон хүчин зүйл үүнд нөлөөлдөг. Энэ бол төртэй холбоотой асуудал.
Донороос зөвхөн эрхтэн авдаггүй. Системээр нь авдаг. Судасгүй, шээлгүүргүй мухар бөөр авбал хүнд суулгах аргагүй учраас системээр нь авч байж хүнд суулгадаг. Тэгж байж нөгөө хүн амьдардаг. Ингэж системээр нь авдгийг хуулийнхан ойлгож байгаа юм болов уу? Системээр нь авсан байхад буруутгаад байгаа нь ойлгомжгүй.
Бид донорын ар гэрээс нь зөвшөөрлийн бичиг авдаг. Шүүх дээр үүнийг бараг тоодоггүй юм байна лээ. Ийм юм нөлөөлөөд байгаа юм болов уу?