Ой, хээрийн болон шар өвсний түймрийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд, НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Дэд хурандаа П.Соронзонболд:
-Улсын хэмжээнд өнөөдрийн /2025.03.21/ байдлаар Архангай аймгийн Хайрхан, Дорнод аймгийн Халхгол, Хэрлэн, Баян-Уул, Булган, Цагаан-Овоо, Дашбалбар, Чойбалсан, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт, Дадал, Дундговь аймгийн Өндөршил, Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт гээд нийт 6 аймгийн 17 суманд 21 удаа ой, хээрийн түймэр бүртгэгдсэн. Энэ түймэрт урьдчилсан байдлаар ойн 840 га, хээрийн 1.388.237 га талбай, 39 гэр, 15 сууц, чингэлэг, 6 автомашин, 11 мотоцикл, 75 хашаа, 27 өвөлжөө, 40 хаваржаа, 6937 бог, 569 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртсөн байна.
Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах хөдөлгөөнт 7 бүлэг Хэнтий аймгийн Дадал, Баян-Овоо, Галшар, Дэлгэрхаан, Биндэр сум, Дорнод аймгийн Матад сум, Сүхбаатар аймгийн Дарьганга сум буюу нийт 3 аймгийн 7 суманд ажиллаж байна.
Дэд хурандаа Д.Хадбаатар:
-Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд ой, хээрийн гал түймрийн дуудлага бүртгэгдээгүй, шар өвс шатсан 16 дуудлага бүртгэгдсэн байна. Ой, хээрийн болон шар өвсний гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд НОБГ, ЦУГ, Байгаль орчны удирдах газар, Тээврийн цагдаагийн алба хамтран, өчигдөр буюу 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн, нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл хийж байна. Эргүүлүүд нийслэлийн 5 дүүргийн ногоон бүсийн 31 чиглэлд ой, хээрийн болон шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг ханган ажиллах юм.