2022 онд зам, тээврийн осолд орж, ГССҮТ-д хүргэгдээд, тархины үхэл гэсэн оноштойгоор донор болсон талийгаач эмэгтэйн ээж Д.Алтантуяа, талийгаачийн 3 хүүхдийг дагуулан ирж, яг одоо сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна.
Донорын ээж Д.Алтантуяа:
-Би донор Алунгоогийн ээж байна. Би 3 хүүтэйгээ ирсэн. Батчулуун эмчийн шүүх хурал болсноос хойш фэйсээр байнга янз бүрээр хэлээд, намайг 3 хүүхэдтэй маань буруутгаад байгаа болохоор би хэвлэлийн хурал зарлаад ирлээ.
Ард түмэн биднийг буруу ойлгоод байгаа болов уу гэж бодоод дахиад эхнээс нь ярьж өгье гээд ирлээ. Миний охин 2023.08.05-нд хороололд аваарт ороод, Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн. Биднийг өглөө эмнэлэгт очиход, хагалгаа хийчихсэн, тархины үхжилттэй гэж эмч нар хэлсэн. Би ч он сараа хольж солиод байж магадгүй л юм.
Гэмтлийн эмч нар “Охиноо донор болгооч. Танай охин тархины гэмтэлтэй. Ямар ч юугүй болчихсон. 1000-д 1 л сэхдэг юм” гэсэн. Тэгээд “Эргээд сэхэх байлгүй дээ. Гайгүй байлгүй дээ, миний охин. Босоод ирэх байх аа” гэж хэлэхэд, “Ер нь хүнд, хэцүү шүү. Хагалгаанд ороход бэрх байсан шүү” гэж эмч нар тайлбарласан. Өдөржингөө гэмтлийн эмнэлгийн эмч нар биднийг хэд дуудсан. Тэгээд сүүлд нь Батчулуун эмчтэй уулзаад, гар хөлийн үсэг зураад, элгийг нь 2 бөөртэй нь өгөөч ээ” гэхэд би эргэлзээд, өдөржингөө тээнэгэлзэж байгаад, “Өч төчнөөн хүүхэд ард нь эх эцгийгээ хараад бүлтгэнээд үлддэг юм болов уу. Аав ээж нь бүлтгэнээд “Хүүхдээ аварчих юм сан” гээд үлдэж байгаа юм болов уу”, “Миний охин үнэхээр босож ирэхгүй юм болов уу. Үнэхээр босож ирэхгүй болчихсон юм бол түмэнд буян болъё доо” гээд 3 хүүхдээ бодоод, 1 эцэг эх ч гэсэн над шиг шаналахгүй байгаасай гэсэндээ би охиныхоо элэг, 2 бөөрийг хандивласан.
Донорт өгөхөд миний охины хөлийнх нь хамаг шөрмөс, ясыг авчихсан байсан. Оршуулахдаа мэдсэн, бид. Эрхтнийг нь аваад, хоосон хальсан дотор нь цутгамал цутгаад, төмөр утсаар оёчихсон байсан. Тийм байдалтай хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгөхдөө аятайхан хүлээлгээд өгчихгүй, “Одоо хүнээ аваарай” гээд бараг л шидэх шахуу л өгсөн байсан, манай хүүхдэд.
Хүний эрхтэнг тэгж авчхаад, одоо яагаад фэйсээр янз янзын юм яриад байгаа юм бэ. Яагаад ингэж зовоогоод байгаа юм бэ? Биднийг битгий шаналгаач. 3 хүүхдийг нь битгий зовоогооч! Охиноо алдсанаас хойш жил гаруйн дараа аавыг нь бас алдчихсан.
Арай гэж тэсээд байж байтал фэйсээр ингээд байхаар надад ч гэсэн хэцүү, 3 хүүхдэд маань ч хэцүү байна. Одоо тэгээд юу хүсээд байгаа юм.
Хамаг юм нь эрүүл байсан болохоор тэгсэн юм болов уу гэж бодох юм. Тухайн үед “Миний охин үнэхээр босож ирэхгүй юм болов уу?” гэж бодож байсан.
Хэн ч хүнийхээ хамаг эртнийг тонуулчихъя гэж бодохгүй. Хоосон хүн би гаргачхаад, шаналаад байж байхад, битгий ингэж зовоогооч. Энэ улсууд тийм л юм бол өөрсдөө донор болооч! Миний охин шиг донор болоод, тэр өвдөж зовоод, донор олдохгүй байгаа улсуудад хамаг эрхтнээ өгөөч ээ гэж хэлмээр байна.
Миний охин 10 хэдэн хүнд буян болсон. Батчулуун эмчээс би 1 ч төгрөг нэхээгүй. 100 төгрөг ч нэхээгүй. Улсууд залгаад “Тийм их мөнгө авчихсан юм уу”, бараг л “Хүүхдийнхээ эрхтнийг зарчихсан юм уу”, “Хэдэн төгрөгөөр зарсан юм бэ. Мөнгө авчхаад та нар ингээд байгаа юм биш үү” гэж асууж байна. Давж заалдах шүүх хурал болоод, 2 хонож байхад, цонх маань хагарч унасан. Хүүхдүүд гүйлдээд харсан. “Юу ч байхгүй байна” гэсэн. Би хүүхдийнхээ эрхтэнг зараагүй. Хүнээс мөнгө нэхээгүй. Миний охин өчнөөн улсад буян болж байхад, яагаад янз бүрээр хэлээд байгаа юм бэ? Битгий тэгээч гэж хэлмээр байна.
Аав нь ч гэсэн сэтгэлээр их унасан. Их уйлдаг байсан. Жил гаруй өвдөөд, оны өмнөхөн нас барсан. Энэ хэргийг буцаагаад задалъя гээд байгаа юм уу. Яая гээд байгаа юм бол доо, одоо. Задалъя гэвэл би задлахад бэлэн байна. Би сэтгэл санааны хохирол нэхээгүй. “Миний хүүхдийн эрхтнийг авчихсан та нар мөнгө өгөөч” гэж хэлээгүй. Би бас хүний эх болохоор энэ хүнийг хараад өрөвддөг. Ямар учралаар энэ хүн хүний хүүхдийн эрхтэнг авчхаад, насныхаа эцэст тэтгэвэрт гарахдаа яагаад ийм юмтай зууралдчихав даа” гээд би ил хэлэхгүй ч гэсэн өрөвдөөд, шүүх хурлаас гараад уйлж байсан. 2 ч шүүх хуралд орсон. Гараад л уйлж байсан, би. Би дахиж шүүх хуралд ормооргүй байна. Дахин дахин ингэж яриад байх надад хэцүү байна. 3 хүүхэдтэйгээ тайван баймаар байна.
“Би ч гэсэн эмээгээ дагаж юм хэлнэ” гээд дунд хүү тувт хэлж байгаа. “Яагаад ингээд байгаа юм, миний ээжийг. Миний ээжийн эрхтнийг авчихсан гээ биз дээ” гээд байгаа хүүхдүүд нь.
Анх “Зариг”-тай очиход, Батчулуун эмч “Уучлаарай” гээд үг хэлж чадахгүй л байсан. Элэг, бөөр, шөрмөсийг нь бараг цуг авдаг, бараг л холбоотой байдаг гэж хэлж байсан. Тийм биш байх л гэж бодож байна. Машины мотор эвдрэхэд, дугуйных нь хамаг юмыг тайлаад авдаггүй биз дээ. Тэрэнтэй адилхан миний охины элэг, бөөрийг авахдаа хөлийн шөрмөс, бүх л юмыг 10 хэдэн ширхэг юм аваад, тийм болгочхоод, одоо надаас юу нэхээд байгаа юм. Намайг яа гээд байгаа юм.
-Хоосон цаасан дээр гарын үсэг зуруулаад, дараа нь элэг, бөөр, шөрмөс гэж нөхөж бичсэн гэдэг үнэн үү?
-Эгч нь одоо нуух юмгүй. Тэр үед уймарчихсан. Гарын үсэг зурсан, дээр нь тийм ийм юм гэхэд эгч нь тэрийг анзаараагүй. Тэгэхдээ элэг, бөөр гэж хэлсэн. Элэг, бөөр гэж бичээд зуруулахдаа “Уучлаарай. Дахиад 1 юм хэлье” гэсэн. “Юу?” гэсэн “Ойр хавийнх нь бусад судсыг авч магадгүй шүү” гэхээр нь “Яаж байгаа юм” гэсэн чинь “Тэр хүний судас, ганц нэг юм гэмтчихсэн байдаг юм” гэсэн. “За тэр яах вэ. Өшөө юмыг нь авахгүй биз дээ” гэхэд “Өөр юманд гар хүрэхгүй ээ” гэж хэлсэн хүн нь Батчулуун эмч өөрөө байхгүй юү. Тэгчээд хүний хөлд юу л байдаг юм, тэр бүгдийг нь аваад, цутгамал цутгачихсан, гулжигнасан юм л хүлээлгэж өгсөн.
–Донорын хуудсан дээр шөрмөс гэж нэмж бичсэн юм уу?
-Ер нь нэмж л бичсэн байгаа шүү дээ. Элэг, бөөрийг нь авчхаад, хөл, гарынх нь шөрмөс, ястай нь бүгдийг нь авъя гэвэл би донор болгохгүй байсан. Анхнаасаа үнэн зөв хэлсэн бол Батчулуун бид хоёр одоо ингэж шүүх, цагдаадаа тулаад, олны өмнө гарч, уйлаад явахгүй байсан.
-Гарын үсэг зуруулахдаа цаас хоосон байсан юм уу?
-Ер нь хоосон цаасан дээр л бичсэн дээ, бид нар. Гарын үсэг зурсан нь үнэн. “Элэг, бөөрийг нь хандивлаач ээ” гэхэд их л юм бодсон. Би чинь сэтгэлээр унаад, галзуурахад нэг хуруу л дутуу байсан. Хүүхдүүд маань хүртэл өгнө, өгөхгүй гээд хоорондоо муудалцсан. Тэгэхэд нь би “Түмэнд буян болъё. Үр хүүхэд, эцэг эх нь амь тавих гээд бидэнтэй адил сандарч тэвдэж яваа хүмүүс зөндөө байгаа” гэхэд “За та л тэгж байгаа бол яах вэ” гэсэн.
-Донорын зөвшөөрлийн хуудсан дээр элэг, бөөр гэж бичсэн байсан юм уу?
-Бичээгүй.
-Элэг, бөөр гэж бичээд гарын үсэг зуруулсан гэж та түрүүн хэллээ шүү дээ.
-Эгч нь бас уймарч байгаа шүү дээ. Хэн ч үр хүүхдээ өвдөж зовоод, уймраад, эгч нь галзуурахад нэг хуруу л дутуу байсан. Тэгж байхад хүнийг дахин дахин эмнэлэг рүү дуудаад байсан. Өгөөгүй байсан бол охин минь босоод ирэх байсан ч юм болов уу гэж хардалт төрөөд сууж байна. “Хэрэггүй л өгч, тэр үед” гээд өөрийгөө бараг буруутгаад сууж байна даа.
-Та ямар үндэслэлээр тэр эмчийг цагдаа, шүүхэд өгсөн юм бэ?
-“Элэг, бөөрийг нь донор болгоод өгч байхад, хөл, гарынх нь яс руу яагаад орсон юм бэ. Шөрмөсийг нь яагаад авчихсан юм бэ. Тэрийг ав гэж хэн зөвшөөрөл өгсөн юм бэ” гээд хандсан даа. “Зариг”-т хандсан л даа, би. Тэгээд шүүх, цагдаад өргөдөл гаргаад явсан.
Урьд нь хэчнээн хүнээс тийм юм авсан юм, мэдэхгүй шүү дээ. Зүгээр өнгөрсөн улсуудын тийм юмыг авч байсан л байх гэж бодож байна. Хүн хараа үхэхэд, шалгаж авч байгаарай гэж ард түмэнд хэлье дээ.
-Улсаас дараа нь оршуулгын зардал өгсөн үү?
-Өгөөгүй. Би ямар ч мөнгө нэхээгүй. Манай өвгөнийг 12-р сард бие нь муу байхад Батчулуун эмч “Уулзъя” гээд ирсэн. Намраас хойш өмгөөлөгчөөр дамжуулаад ярьсан юм л даа. 11 сард нэг уулзсан юм. “Охины элэг, бөөрийг өгч байхад яагаад шөрмөсийг нь авч байгаа юм бэ” гээд хэлэхэд “3 хүүхдэдээ юу яагаарай” гээд 2 сая төгрөг өгсөн. П.Батчулуун надад 2 сая төгрөг өгсөн. Тэрийгээ нөхөн олговор гээд байгаа юм уу? 1 эрхтэн ч 2 сая төгрөг хүрэхгүй ш дээ, ер нь бол. Би энэ хүнээс 1 ч төгрөг нэхээгүй.
-Оршуулгын зардал нөхөж өгсөн юм биш үү?
-Оршуулгын зардал гэж аваагүй. Нөхөн олговор нэхээгүй, би. Оршуулсан хойно нь дахиж гаргаж ирж, шүүх шинжилгээний задланд оруулсан, бид нар. Шүүх эмнэлгийн магадлагаа 2 ч байгаа.
-Цөс авсан гэж бас буруутгасан байсан.
-Цөсийг үү? Шөрмөс гэж хэлээгүй байхгүй юү. Цөсийг элэгтэй цуг авъя гэж хэлээгүй.
“Та нар их том буян үйлдэж байна. Манайх донор болсон улсуудаадаа 3 сая 500 мянган төгрөг өгдөг юм аа” гэж хэлсэн. Тэр мөнгийг ЭМЯ өгөх юм байх л гэж бодсон. Би тэгж ойлгосон. Бусад нь яаж ойлгосныг мэдэхгүй. Нийгмийн даатгалын байгууллагад хандахад, оршуулгын зардал өгөх боломжгүй гэсэн. Миний охин тэр үед ажилд ороод 6, 7 сар л болж байсан. Тэгээд ажилласан жил нь хүрэхгүй байна гэсэн. Би “Өө тийм үү” гээд л өнгөрсөн.
Би энэ хүнийг шоронд хийе гээгүй. Шүүх, цагдаа л шийднэ үү гэхээс, би хийе гээд хийчихгүй шүү дээ. Түүнээс энэ хүний мууг үзье гэж бодохгүй шүү дээ, эгч нь.
One response to “Донорын ээж Д.Алтантуяа: П.Батчулуун эмч надад 2 сая төгрөг өгсөн”
Батчулуун эгч гэдэг чинь хятад хүн байна шд. Яагаад анагаах ийм муухай хужаа авч сургадаг байнаа балиар хогийн цэг вэ. Бид нарыг авахгүй хужаа нарыг л авдаг балиар хужаагийн хогийн цэг . Дэлбэлж бүгдийг нь албал таарна . Батчулууныг хүний эрхтэнг наймаалсан хэргээр цаазал