Украиныг дэмжигч эвслийн орнуудын ээлжит чуулган Парис хотноо пүрэв гарагт зохиогдоно


Украиныг дэмжигч Европын голцуу орнуудын эвслийн ээлжит шинэ чуулга уулзалтыг энэ долоо хоногийн пүрэв гарагт Парис хотноо зохион байгуулахаар болсныг Францын ерөнхийлөгч Э.Макрон мэдэгдсэн байна.

Э.Макрон мэдэгдэлдээ пүрэв гарагийн чуулганаар Украиныг дэмжигч эвслийн орнууд дайтагч талуудын хоорондох гал зогсоох тохиролцооны аюулгүй байдлын талаарх өөрсдийн төлөвлөгөөг эцэслэнэ гэдэгт найдаж байгаагаа тодотгожээ.

Ням гарагт АНУ-Украины уулзалт явагдсан бол даваа гарагт АНУ-ОХУ, пүрэв гарагт Европын орнуудын уулзалт гээд Украины дайны гал зогсоох асуудлаарх томоохон уулзалтууд ийнхүү ар араасаа зохион байгуулагдахаар болоод байна.

Украинд дэмжлэг үзүүлэх, ялангуяа боломжит гал зогсоох тохиролцооны тал дээр аюулгүй байдлын дэмжлэг үзүүлэх асуудлыг Их Британи, Франц улсууд голчлон тэргүүлж, урагшлуулсаар байна.

Энэ дайныг зогсоохын тулд Украинд үзүүлж буй гадаадын хөрөнгө санхүү, зэр зэвсгийн дэмжлэг туслалцааг зогсоох ёстой гэсэн шаардлагыг Москвагийн зүгээс тавьсаар байгаа ч Европын удирдагчид Украинд дэмжлэг туслалцаа үзүүлэхээ хамтарсан тунхаглал гарган батласан бөгөөд тус тунхаглалыг Оросыг дэмжигч Унгар улсыг оролцуулалгүй батласан билээ. 

Оросын зүгээс өсөн нэмэгдэж буй аюулыг тогтоон барих үүднээс ЕХ-ны батлан хамгаалах салбарын төсвийг нэмэгдүүлэх асуудлыг мөн Европын удирдагчид хэлэлцсээр байгаа бол Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ “гишүүн улс орнуудынх нь засгийн газрууд батлан хамгаалахын төсвөө огцом нэмэгдүүлэхээр зорьж байгаа Европ энэ дайныг үнэхээр өндөрлүүлэх хүсэлтэй байгаа гэж үү” хэмээн асууж, “Брюссель болон Европын бусад нийслэл хотуудаас Европыг зэвсэгжүүлэх дохио түлхүү ирсээр байна” хэмээн хэлсэн юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *