Өмнөд Солонгосын Hyundai компани АНУ-д 2028 он хүртэл нийт 21 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх талаараа даваа гарагт Цагаан Ордонд албан ёсоор зарласан байна.
Hyundai Motor Group-ийн гүйцэтгэх захирал Еюсун Чун, АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, АНУ-ын Луизиана мужийн амбан захирагч Жефф Лэдри нар дээрх мэдэгдлийг хамтдаа хийжээ.
Hyundai Motor Group-ийн гүйцэтгэх захирал мэдэгдэлдээ 4 жилийн хугацаанд хийх 21 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын 8.6 тэрбум ам.долларыг автомашины үйлдвэрлэлийн салбарт, 6.1 тэрбум ам.долларыг гангийн үйлдвэрлэл, сэлбэг эд анги болон логистикийн салбарт, 6.3 тэрбум ам.долларыг жолоочгүй автомашин, робот, хиймэл оюун ухаан, дрон гэх зэрэг орчин үеийн технологи болон эрчим хүчний салбарт тус бүр зарцуулах бөгөөд энэ нь тус компанийн АНУ-д хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт болж байгааг онцолжээ.
Түүний хэлснээр хөрөнгө оруулалтын хүрээнд АНУ-ын Луизиана мужид гангийн үйлдвэр байгуулж, Америкт 1300 шинэ ажлын байр бий болгохоос гадна энэ долоо хоногт АНУ-ын Жоржиа мужид 8 тэрбум ам.долларын шинэ автомашины үйлдвэрээ нээхээр болсныг мэдэгдэж, Жоржиа мужийн Саванна хот дахь үйлдвэрт 8500 гаруй ажлын байр бий болгож, жилд 1 сая ширхэг автомашин үйлдвэрлэдэг болно хэмээн тодотголоо.
Мөн тэрээр Hyundai компани АНУ-ын эрчим хүчний аж үйлдвэрийн салбарт дэмжлэг үзүүлж, Өмнөд Солонгос улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах зорилгоор 3 тэрбум ам.долларын өртөг бүхий шингэрүүлсэн байгалийн хийг Америкаас худалдаж авна хэмээн мэдэгдэж, АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампыг Hyundai компанийн Америкт байгуулагдах шинэ үйлдвэрт зочилохыг урьсан байна.
Хариуд нь АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп “Hyundai бол үнэхээр агуу компани” хэмээн тодорхойлоод, тус компанийн АНУ-д хийж буй олон тэрбумын хөрөнгө оруулалтыг түүний засаг захиргааны хэрэгжүүлж буй тарифын бодлого “маш хүчтэй, амжилттай” хэрэгжиж буйг харуулсан явдал болж байгааг онцолжээ.
Ийнхүү Трампын засаг захиргааны зүгээс бусад улс орнуудын эсрэг тарифын бодлого явуулж, харилцан тэгш тариф тогтоох төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлснээс хойш АНУ-д томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийхээ зарласан Өмнөд Солонгосын анхны компани Hyundai болоод байна. Тус компанийн энэхүү шийдвэр нь Трампын засаг захиргааны БНСУ-д үзүүлж буй тарифын дарамт, шахалтыг зөөлрүүлэхэд тус нэмэр болно гэж ажиглагчид харж байна.
Д.Трампын хувьд АНУ-тай шударга бус худалдаа явуулдаг гэх 15 улс орны “Бохир 15” хэмээн нэрлэсэн жагсаалтыг гаргасны дотор Өмнөд Солонгос улс багтаад байсан бөгөөд БНСУ-ын албаныхан тус улсын эсрэг үзүүлэх АНУ-ын тарифын нэмэгдлээс сэргийлэх ажлуудыг дипломат шугамуудаа ашиглан явуулсаар байгаа билээ.