Зүүн аймгуудад нүүрлэсэн түймрийн аюул Улаанбаатарт гарахад ойрхон байна. Өнөөдөр ханш нээлээ. Энэ өдөр талийгаачийнхаа газрыг эргэх, газар Дэлхийдээ өргөл өргөх гээд олон хүн хөдөө гарч байна. Монгол орны нийт нутгаар хуурай, ихэнх нутгаар хэт хуурай байгаа энэ үед гал түймрийн аюулаас сэрэмжлэх нь хүн бүрийн үүрэг. БНСУ-д 17 мянган га талбайн ойг түймэрдэж, 26 хүний аминд хүрч, 200 гаруй барилга, үйлдвэр хуйхалсан түймэр оршуулгын газарт асааж орхисон хүжнээс үүдэлтэй байсныг сануулъя.
Манай улсад ч 2019 онд Улаанбаатар хотын Гоодойн аманд нэг хүн шар өвс шатааж байгаад гал алдаж, 16 айлын байшин түймэрдсэнийг мартаж болохгүй. Гэвч хүмүүс үүнээс сургамж авахгүй, шар өвсөө шатаасаар байна. Өнөөдрөөс нийт нутгаар дулаарна. Энэ үеэр шар өвс шатаахгүй байхыг анхааруулъя.
ШАР ГЭЭД ШАТААГААД БАЙВАЛ ӨВС УРГАХАА БОЛИНО
Шар өвс шатааж болохгүй шалтгаан 1. Түймэр 1 секүндэд хааш хаашаа 2 метр тархдаг. Салхитай үед бүүр ч хурдан, илүү хол тархаж, хянах боломжгүй болдог.
Шар өвс шатааж болохгүй шалтгаан 2. Хавар болохоор хүмүүс хашааныхаа шар өвсийг шатаах гээд өөрийнхөө төдийгүй өрөөлийн хөрөнгийг галдаж, өчнөөн төчнөөн төгрөгийн өрөнд орсоор байна. Энэ тухай мэдээлээд байхад, сонсоод, хараад хаширдаггүй нь хачин. Шар өвс шатааж болохгүй гээд байхад зөрүүдлэн шатаагаад, гал алдмагцаа аврал эрж гүйдэг.
Шар өвс шатааж болохгүй шалтгаан 3. Шар өвсөө шатаавал сайхан өвс ургадаг гэж хүмүүс эндүүрдэг. Үнэндээ бол шар өвсгүй, хар газарт ургасан өвсний ногоон өнгө илүү тод харагддаг. Хатсан шар өвсөн завсраар ургасан шинэхэн өвсний ногоон өнгө хуучин өвсний шар өнгөтэй холилдоод, арай алаг харагддаг. Ердөө л энэ. Харагдах байдал нь өөр болохоос шар өвсгүй газарт өвс сайхан ургана, шар өвстэй газарт өвс муухай ургана гэж үгүй. Өвс хэр ургахыг хөрсний үржил шим, чийг, Нар гурав л шийднэ.
Шар өвс шатааж болохгүй шалтгаан 4. Өөр нэг үнэнийг хүмүүс огт мэддэггүй. Өвс шарлаж хатан, хагдраад, газарт шингэж ялзран, хөрсийг бордоно. Шар өвс бол шинэ өвсний бордоо, хөрсний үржил шимийг бүрдүүлнэ. Нэг ёсондоо шар өвс аажмаар шороо болж хувирдаг юм. Шар өвсөө байнга шатаагаад байвал хашаан доторх газар чинь удалгүй үржил шимгүй болж, өвс сайхан ургахаа болино. Үржил шимээ алдсан хөрсөнд өвс ногоо биш, шарилж лууль ургана.
Шар өвс шатаагаад, гал алдсан тохиолдол
2025.04.03
- Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюут багийн Хавцгайт хороололд шар өвс шатааж байгаад гал алдаж, ойжуулалтын талбайн модоо шатаажээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн албан хаагчдыг очиход, 1 га шар өвс, ойр орчмын модны үндэс шатаж байсан аж.
2025.04.02
- Нийслэлийн дүүргийн Хан-Уулдүүргийн 22 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг онцгой байдлынхан 14:43 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 0.1 га талбайн шар өвс шатаж байсан аж.
- Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд 12:40 цагийн үед эзэнгүй айлын хашаан доторх шар өвс шатжээ. Уг гал хашаанд авалцан, 8 метр урт хашаа шатаж байсныг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар анги унтраажээ.
- Хан-Уулдүүргийн 3 дугаар хорооны иргэн Б хашааныхаа шар өвсийг шатааж байгаад, унтрааж чадалгүй 13:42 цагийн орчимд гал сөнөөгч дууджээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн албан хаагчдыг очиход 0.1 га талбайн шар өвс шатаж байсан аж.
- Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд иргэн М шар өвс шатааж байгаад гал алджээ. 13:58 цагт дуудлага хүлээн аваад, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийг очиход, 0.2 га газрын шар өвс, 10 метр хашаа, хураалттай 6 шоо метр мод, 1х1 метрийн хэмжээтэй нүхэн жорлон, 1.5х1.5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байжээ.
- Баянзүрхдүүргийн 21 дүгээр хороонд иргэн А хашааныхаа шар өвсийг шатаах гээд гал алджээ. 14:21 цагт дуудлага хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн албан хаагчид очиж, уг галыг унтраасан байна. А-гийн хашааны 2 га шар өвс шатсан байна.
- Багануурдүүргийн 3 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагаар Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн албан хаагчдыг очиход, иргэн И-гийн хашаанд 0.5 га шар өвс, угаалгын машин, иргэн Г-гийн хураалгатай 3 шоо метр банз шатаж байжээ.
- Сонгинохайрхандүүргийн 34 дүгээр хороонд эзэнгүй айлын хашааны 0.6 га шар өвс шатжээ. Онцгой байдлын хэлтсийн 11 дүгээр ангийн албан хаагчид 21:53 цагт уг дуудлагаар очиж, уг түймрийг унтраажээ.
