Иран улс цэргийн аюул заналхийлэлгүй нөхцөлд АНУ-тай цөмийн гэрээ байгуулахад бэлэн гэв


Иран улс “гэрээ байгуулагдах боломж” бүхий цөмийн хөтөлбөрийн яриа хэлэлцээг энэ долоо хоногийн бямба гарагт АНУ-тай явуулахад бэлэн байна хэмээн тус улсын гадаад хэргийн сайд Аббас Арагчи мэдэгдсэн байна.

Гэхдээ эхлээд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Ираны эсрэг цэрэг, зэвсгийн аюул заналхийлэл үзүүлэхгүй хэмээн тохиролцох ёстой бөгөөд Иран улс хэзээ ч алагчлах үзэл хандлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг А.Арагчи нэмж хэлжээ.

Мөн тэрээр даваа гарагт Д.Трампын хийсэн Иран улстай шууд яриа хэлэлцээ явуулна гэсэн мэдэгдлийг үгүйсгэж, зуучлагч Оман улсад бямба гарагт зохиогдох яриа хэлэлцээ шууд бус байдлаар явагдах болно гэлээ.

Ираны гадаад хэргийн сайдын хийсэн дээрх мэдэгдэл Америкийн Washington Post сонины мягмар гарагийн дугаарт нийтлэгдсэн байна. Тэрээр мэдэгдэлдээ Иран, Америк цөмийн гэрээний асуудлыг цааш нь үргэлжлүүлэхийн тулд эхний ээлжинд “ямар ч цэрэг зэвсгийн оролцоо, аюул заналхийлэл” байх ёсгүй гэдэг дээр тохиролцох ёстойг онцолж, Иран улсад цөмийн зэвсэг бүтээхгүй хэмээн хүлээсэн үүргээ зөрчсөн нэг ч баримт, нотолгоо байхгүй гэдгийг тодотгожээ. “Бид энхийг эрхэмлэж байгаа гэдгээ ил тод, нээлттэй илэрхийлж байна. АНУ-ын талаас бидэнтэй үнэхээр дипломат яриа хэлэлцээ явуулахыг хүсэж байгаа гэдгээ харуулах хэрэгтэй. Хэрвээ бидэнд хүндэтгэлтэй хандвал бид ч хариуг нь барих болно, одоо бүх зүйл АНУ-ын гарт байна” хэмээн Ираны гадаад хэргийн сайд хэлсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *