ТҮЦ эрхлэгчид: Яриад байгаа стандартаа гаргаад өгчихвөл мөрдөөд ажиллана


ТҮЦ-ийг нүүлгэх, буулгах ажил хэдэн жилийн өмнөөс эхэлж, хэдэн хавар, намрыг дамнан үргэлжилж байна. Энэ хавар дахиад л эхлэх шив…

Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй барьсан, чанарын шаардлага хангаагүй ТҮЦ-үүдийг нийслэлийн засаг даргын зөрчил арилгах захирамжийн хүрээнд өчигдрөөс нүүлгээд эхэлжээ. Хотын дарга Х.Нямбаатар “Түүхэн үүргээ гүйцэтгэсэн ТҮЦ-үүдээ нүүлгэ. Төв зам дагуух болон Багшийн дээдийн урд талын завхарсан ТҮЦ-үүдийг энэ долоо хоногт цэгцэл” хэмээн үүрэг болгосон.
Одоогоор Баянгол дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй байрлуулсан 289 ТҮЦ-ийг нүүлгэж, орчныг нь цэвэрлэх ажил үргэлжилж байгаа юм.

Манай улсад CU, GS25, ТҮЦ гэгдэх цөөхөн хэдэн газар бүтэн 24 цаг үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрийг үйл ажиллагаа явуулж буй орчин, хүнсний аюулгүй байдал талаас нь авч үзэхэд ТҮЦ хамгийн доогуур үнэлгээ авах нь тодорхой. Учир юу гэвэл гадна орчноо цэвэрлэдэггүй, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлдгөөс гадна насанд хүрээгүй хүүхдэд тамхи зардаг, хугацаа нь дууссан хоолоо халааж өгдөг зэрэг олон шалтгаантай. Харин нөгөө талаас нь авч үзэхэд ТҮЦ олон хүний амьдрал ахуйг залгуулдаг. Хэдэн хүүхдээ хоолгүй хонуулахгүйн тулд ийм ажил эрхэлдэг хүн олон.

Иймд бид түргэн үйлчилгээний цэгийг нүүлгэн шилжүүлэх асуудалд иргэд болон ТҮЦ ажиллуулагсдын байр суурийг сонслоо.

Иргэд:

  • Нүүлгэх нь зөв. Гаднах орчноос нь харахад л мэдэгдэж байна. Бохир, заваан. Хоносон хоолоо халааж өгдөг гэх яриа ч бий…
  • Ер нь хүмүүс байхгүй байсан нь дээр гэж үздэг юм билээ. Миний хувьд байх ёстой газраа байх хэрэгтэй. Харин сургуулийн орчинд байх хэрэггүй. Хүүхдүүд ТҮЦ-ээс будагтай, хоносон, эрүүл ахуйн шаардлага хангахгүй бүтээгдэхүүн их авдаг. Яг зам дагуу байрладаг учраас хүүхдүүдэд тийм юм авах дур сонирхлыг нь төрүүлээд байгаа юм.
  • Хоёр талтай асуудал. Хэдэн хүнийг ажлын байр, орлогоос нь салгах гээд байна. Нөгөө талаас чанаргүй бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд өгч байгаа нь үнэн. Үйлчилгээний орчин маш чухал шүү дээ. Одоо шууд эргэн тойрныг нь харахад л ямар орчинд үйл ажиллагаа явуулж байгаа нь мэдэгдэж байна. Харилцаа хандлага, насанд хүрээгүй хүүхдэд тамхи зардаг гээд.
  • Эмх замбараатай байх хэрэгтэй. Нэг автобусны буудал дээр хоёр ТҮЦ байлгах ч юм уу. Ах нь автобусны жолооч учраас байнга л түүгээр үйлчлүүлдэг. Бохир заваан байгаа нь үнэн. Гэхдээ ТҮЦ байхгүй бол бас л хэцүү. Тэгэхээр стандартын шаардлага хангасан, цөөхөн ТҮЦ байхад л болно доо.
  • Хотын үзэмжид нөлөөлж байгаа ч гэсэн ТҮЦ ажиллуулж байгаа хүмүүсийн ажлын байрыг алдагдуулахгүй ямар нөхцөл, стандарт байгааг судлаад, шийдэх хэрэгтэй.

Иргэд ТҮЦ-ийг нүүлгэх асуудалд дээрх байр суурийг илэрхийллээ. Ихэнхдээ хоёр талаас нь бодолцох хэрэгтэй. Хотын өнгө үзэмж чухал ч гэсэн олон хүний амьжиргаагаа залгуулдаг ажлаас нь салгах нь буруу гэдэг дүгнэлт гаргав. Харин одоо ТҮЦ ажиллуулдаг хүмүүсийн яриаг хүргэе.

МУБИС-ийн автобусны буудлын ардах ТҮЦ-нийхэн;

  • Өглөө болгон 5 цагт ирж, ТҮЦ болон эргэн тойрноо цэвэрлэдэг. Хэзээ ирээд ачаад явах бол гэж айгаад, 5 дахь өдрөөс хойш гэртээ хариагүй. Энэ ТҮЦ-ээр амьдралаа залгуулж байна. Эхнэр маань 3 хүүхдээ хараад, гэртээ суудаг. Манайх гэдэг айл амьжиргаагаа залгуулж буй ганц ажил шүү дээ.
  • Өмнө нь байсан бор ТҮЦ-ийг ачаад явсан. Дараа нь төмөр ТҮЦ авахад бас л ачаад явсан. Өчнөөн хохирч байгаа. Дотор нь байсан барааг бүгдийг нь буцааж өгөөгүй. Одоо энэ цагаан ТҮЦ-ээ 10 гаруй сая төгрөг зарцуулж барьсан. Улсаас мөнгө гуйгаагүй байхад, амьдралаа залгуулж буй хэдэн хүнийг ингэж зовоогоод яах вэ дээ? Ажлын байр байхгүй. Газар олгохгүй яасан ч хэцүү юм бэ! Өр зээлгүй хүн гэж алга. Алгын чинээ газарт яагаад байж болдоггүй юм
    ТҮЦ-нд номын худалдаа эрхлэгчид;
  • Багшийн дээд дээр байгаа завхарсан хэдэн ТҮЦ чинь л соёлыг авч үлдэж байна. Хуучин номын худалдаа аль ч улс оронд байдаг. ТҮЦ бол гаднаас нь харахад навсайсан муухай нь үнэн. Өмөөрөх зүйл байхгүй. Гэхдээ ном соёл гэдэг зүйл үгүй болох гээд байна шүү дээ. Хамгийн чухал зүйл нь олон хүний амьдрал байгаа. Би гэхэд хорт хавдартай, өрөөсөн бөөргүй. Тэгсэн хэр нь улсаас мөнгө гуйхгүй амьдралаа залгуулаад явж байна.
  • ТҮЦ ажиллуулагсдын ихэнх нь тэтгэврийн насны, ажил олдохгүй болсон хүмүүс байдаг. Улс орон хөгжөөд, бидэнд ажлын байр гаргаад өгчихвөл ТҮЦ-нд суух шаардлага байхгүй. Дээрээс нь яриад байгаа стандартаа гаргаад өгчих. ТҮЦ ийм байх ёстой гээд. Тэгвэл мөрдөөд ажиллана. Манайх гэхэд 4 нялх хүүхэдтэй. Энэ ТҮЦ-ний ард маш олон хүний ар гэр, амьдрал, ажил бий. Бид улсаас мөнгө нэхээгүй. Өөрсдийн ажлын байраа бий болгож байгаа хүмүүс.

ТҮЦ түүхэн үүргээ гүйцэтгэсэн үү?


One response to “ТҮЦ эрхлэгчид: Яриад байгаа стандартаа гаргаад өгчихвөл мөрдөөд ажиллана”

  1. Сега тоглох хүүхэд одоо бхгүй шиг,түц ээр түүхэнд үлдэх цаг нь ирсээн

Leave a Reply to Элбэгдорж Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *