Япон улсын хоёр дахь том хотын нэг Осака энэ жилийн хувьд Дэлхий нийтийн анхаарлын төвд байх нь. Өчигдөр “Осака- Кансай ЭКСПО 2025“ Дэлхийн үзэсгэлэн албан ёсоор нээлтээ хийв. Тус үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито, Хатан хааны хамт, Угсаа залгамжлах Хунтайж гэргийн хамт, Япон Улсын Ерөнхий сайд Ш. Ишиба нар хүрэлцэн ирж зочдод мэндчилгээ дэвшүүлэв. “Бидний амьдралын ирээдүйн нийгмийг бүтээх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэнд дэлхийн 158 улс орон, олон улсын 7 байгууллага оролцож, улс орноо Дэлхий нийтэд таниулан сурталчлах зорилготой юм. Өөрөөр хэлбэл, Дэлхийн олон улс орнуудын оюун санааны билэгдэл, түүхийн үнэт олдворуудыг нэгэн дээвэр дор харах, танилцах ховор боломжийг нээлээ.

Энэ талаар Япон улсын Ерөнхий сайд Шигэрү Ишиба хэлэхдээ “Дэлхийн экспо бол цаг үеийг тусгах толь, гадаад , дотоодын оюун ухааныг нэгтгэсэн индэр юм” хэмээн тодотгож байна. Энэхүү нэр хүндтэй үзэсгэлэнд Монгол Улс “Монголын амар амгалан-Пакс Монголика” сэдвийн хүрээнд оролцож байгаа аж. Ерөнхий зохион байгуулагчаар Гадаад харилцааны яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон Токио дахь Элчин сайдын яам, Осака дахь Ерөнхий Консулын газар болон Чингис хаан үндэсний музейтэй хамтран оролцож байна.
Өнөөдрийн байдлаар Монголын Эзэнт Гүрний түүхэн өв соёлыг танилцуулах зорилгоор Чингис хаан үндэсний музейн 28 үнэт үзмэрийг энд дэглээд буй. Энэхүү үнэт үзмэрийг биетээр нь үзэх гэсэн жуулчдын тоо олон байсан нь нээлтийн үеэр анзаарагдаж байлаа.

Монгол Улсын хувьд энэ удаа түүхэн өв соёлоо түүхийн он дарааллаар байршуулж орчин үетэй нь зэрэгцүүлсэн нь жуулчдын сонирхлыг татаж байв. Тодруулбал, дэд сэдвийн хүрээнд “ Go Mongolia” үндэсний брэндийг онцлон сурталчилж YR болон AR технологийг эртний Хархорум хотод аялах, Монгол наадамд оролцох, уламжлалт монгол ахуй, байгалийн үзэсгэлэнт газруудыг виртуал орчноор дамжуулан үзүүлсэн юм. Ингэснээр Монгол Улсад тэр дундаа аялал жуулчлалын салбарт өөрчлөлт орж, эдийн засгийн хөрөнгө оруулалтад зайлшгүй эерэг нөлөөлөл үзүүлнэ гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байна. Энэ удаагийн дэлхийн үзэсгэлэнг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс 28 сая гаруй жуулчид ирнэ гэж тооцоолж байна.
Хиймэл арал босгов
Дэлхийн энэхүү үзэсгэлэн Осака хотод хоёр удаагаа зохион байгуулагдаж байгаа нь энэ аж. Анх 1970 онд зохион байгуулах эрх авч уг арга хэмжээндээ зориулж асар том парк байгуулж, гол үзмэр нь 70 метр өндөр “Нарны цамхаг” байжээ. Тухайн үед үзэсгэлэнг 64 сая хүн ирж үзсэн тооцоо байна. Харин одоогийн үзэсгэлэнгийн хувьд Осака мужийн Засаг захиргаанд багтах далай дээр арал босгосон юм. Түүн дээрээ экспогийн билэг тэмдэг болсон “Их цагариган дээвэр” нь дэлхийн хамгийн том модон байгууламжийг бүтээж чаджээ. Энэхүү байгууламж нь орчин үеийн барилгын өндөр технологийг японы уламжлалт “Нүки” хэмээх холболттой хослуулж хийсэн нь газар хөдлөлт байгалийн гамшигт тэсвэртэй бат бөх барилга гэдгийг Японы Ерөнхий сайд нь онцолж байна.
Монголын хаяг
“Осака-Кансай экспо 2025” Дэлхийн үзэсгэлэнд Монгол Улсын асар Commons D хэсэгт байрлаж байна. Уг үзэсгэлэн зургаан сарын турш үргэлжилнэ. Экспогийн хүрээнд Монгол Улсын үндэсний өдөрлөгийг 7 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулна. Энэ өдөр Монголын түүх, соёл, урлаг, өв уламжлалыг олон улсад таниулах онцгой хөтөлбөрийг танилцуулахаар бэлтгэж байгаа юм.
Экспо 4 дүгээр сарын 13-наас 10 дугаар сарын 13 хүртэл үргэлжлэх юм. Цагийн хуваарийн хувьд өглөөний 09:00-21:00 цаг хүртэл тогтмол ажиллана.
Япон улс, Осака хот, сэтгүүлч В.Сарантуяа