Өдрийн зээлгүй наймаачин “Нарантуул”-д лав алга


Өдрийн зээл гаргадаг хувь хүн олширч, наймаачид, жижиг, дунд бизнес эрхлэгчид өдрийн зээл их авах болжээ. Өдрийн зээл нь сарын 10 хувийн хүүтэй гэх боловч үнэн хэрэгтээ тийм биш. 1 сая төгрөг зээлсэн хүн өдөрт 50 мянган төгрөг сарын турш төлнө. Тэгэхээр зээлсэн мөнгөө 50 хувь нугалж төлдөг гэсэн үг. Манай сурвалжлах баг уг асуудлаар худалдаа эрхлэгчдийн байр суурийг сонсохоор “Нарантуул” захыг зорилоо.

Хөл хөдөлгөөн ихтэй, зай завсар бага байгаа болов уу гэсээр хойд хаалгаар оров. Хүн зөрөх сөхөөгүй бужигнаж байдаг газар эл хуль оргижээ. Миний санахад, нэлээн хэдэн жилийн өмнөөс л эмийн ургамал зарж, үүдэн тушаа суудаг эгч яг тэндээ сууж байв. 60 эргэм насны болов уу гэмээр харагдана.
Зорин очиж, орлого хэр байгааг асуух зуураа “Өдрийн зээл авдаг уу” гээд асуугаад амжив.“Авалгүй яах вэ? Энэ зах дотор өдрийн зээлгүй наймаачин байхгүй. Бүгд зээлтэй. Амьдрахын тулд авдаг юм шүү дээ. Яагаад гэхээр орлого байхгүй. Банкнаас авсан зээлээ төлж чадахгүй байгаа учраас өдрийн зээл авч байна. Сая төгрөг зээлсэн бол өдөрт 50 мянган төгрөг төлнө. Өдрийн орлого нь 50 мянгаасаа хэтрэхгүй үе ч байна. Хэцүү. Ямар ч мөнгөгүй хүмүүс банкны зээл нь нэхэгдэх үед яах аргагүй л өдрийн зээл авна. Өөр хэнээс зээлэх вэ? Өнөөдөр би 50 мянган төгрөг оллоо гэж бодоход, өдрийн зээлдээ өгөөд л дуусчихдаг. Элгээрээ хэвтэж байна шүү дээ, хэдэн наймаачид чинь” гэв.

Цааш явж дараагийн худалдаа эрхлэгчид дээр очлоо. “Хувь хүнээс л авахгүй бол банк өгөхгүй байгаа юм чинь яах вэ дээ. Аргагүйн эрхэнд авч байгаа. Өдрийн зээлдээ дарагдаад,зарим нь сэтгэл санаагаар унаад, ирэхээ ч больсон” гэсээр бараагаа гаргаж зогсов. Ихэнх наймаачид “Өр зээлээс их юм алга, орлого ч алга” гэж үглэсээр. Зарим нь “Яриа өгөхгүй” хэмээн дургүйцнэ. Хүний хөл бага, анир чимээгүй байгаа ч урин дулаан ирж, хэдэн наймаачид хувцсаа нимгэлжээ. Өвлийн цагт 4, 5 давхар зузаан хувцас өмсөж, хөлдсөн цемент дээр бараа зарж зогсохыг нь харахад сэтгэл таагүй. Харин өнөөдөр тэд цементээ усалж байв.
Комиссын барааны лангуугаар орлоо.
“Өдрийн зээл авалгүй яах вэ? Уг нь цаг тулсан мөнгөний хэрэг гарсан үед нэмэр болдог. Гэхдээ эргээд өрөнд унадаг нь хэцүү. Өндөр хүүтэй. Зээлэх гээд очихоор 5, 6 хувь гэдэг хэрнээ яг зээлэх үед 10 хувийн хүүтэй гээд буулгадаггүй юм. Өдөр болгон л 50, 60 мянгыг өгөөд байдаг. Банк нь зээл гаргах болохоор ийм тийм барьцаа хөрөнгө гээд хэцүү шүү дээ. Өдрийн зээлийн хүү нь өндөр ч барьцаа хөрөнгө шаарддаггүй болохоор аваад байдаг” гэлээ.

Нэлээд олон хүн дээр очиж, өдрийн зээлийн талаар асуухад “Авалгүй яах вэ?” гэдэг хариулт өгч байв. Тэдний ихэнх нь “Банкны зээл, арилжааны зээл, өдрийн зээл гээд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж амьдарч байна” гэлээ.
Өдрийн зээлийг 2016, 2017 оноос хувь хүмүүс олгож эхэлсэн гэх яриа бий. Албан ёсны хуульчилсан, дүрэм, зээлийн хүү байхгүй. Хувь хүмүүс олгодог учир аманд орсон хүүгээ хэлнэ. Олон хүн залилуулж, өрөнд унаж, зээлсэн мөнгөө гурав, дөрөв нугалж өгдөг жишээнүүд бий. “Одоо өдрийн зээл авдаг хүмүүс байдаг юм уу” гэх боловч, ганцхан захаар ороход ихэнх наймаачид нь өдрийн зээлд дарлагдаж, олсон орлогоо өдөртөө тушаагаад гэртээ буцдаг байна.
Барьцаа хөрөнгө шаардахгүй, ганцхан эрхэлж буй ажлаас нь хамаарч олгогддог, хуулиас гадуур, хараа хяналтгүй өндөр хүүтэй өдрийн зээлийг иргэд авсан хэвээр аж.
Өглөөний 11 цагт очиход эл хуль байсан “Нарантуул” зах цагийн дараа яг л хэвээрээ. Хэдэн наймаачид нь хүний хөл шагайж, хөзөр эргүүлсээр үлдлээ.

,

6 responses to “Өдрийн зээлгүй наймаачин “Нарантуул”-д лав алга”

  1. за болиочдээ тэгээд монголд өргүй хүн байхгүйшдээ харинч та нар олон жил хүн шулж баяжаа байлгүй одоо хүмүүс жаахан тухтай орчин сонирдог болсошдээ өөрсдөө сэтгээч

  2. Болохгүй байгаа бол өөр газар өөр лангуу нээгээд үзээч. Өөр газар илүү боломж байгаа ч юм билүү

  3. Ажил олж хийлдээ. Заавал зээл авч өдөржин гадаа зогсох юу байнаа. Дотор цалинтай ажил зөндөө л байна

  4. Наран туул захад тэнэгүүд наймаа хийдэг болж байх нь.өдөр хоног өнгөрөөх өөр ажил олж хийсэн нь дээр .Тархи нь гажигаасаа гарч чадах аа байж уу

  5. Аргагүй шүү дээ. Монголын иргэдийн тал нь наймаачин юм чинь. Хэн нь хэнийгээ шулах гэсэн юм.Өөр ажил хийж баялаг бүтээцгээе.

  6. Аргагүй шүү дээ. Манайхны хоёр хүний нэг нь наймаачин. Хэн нь хэнийгээ шулцгаах гэж амьдарч бна вэ

Leave a Reply to Зочин Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *