Эрдэмтэд урьд нь хэний ч харж байгаагүй цоо шинэ өнгө нээжээ


Америкийн эрдэмтэд урьд өмнө нь нэг ч хүн харж байгаагүй цоо шинэ өнгийг олж нээснээ мэдэгдсэн байна. Эрдэмтэд лазерын импульсыг нүд рүү харвах туршилтынхаа үеэрээ дээрх нээлтийг хийжээ.

Хүний нүд рүү лазерын импульсээр харвах туршилтын үеэр тэд цэнхэр-ногоон өнгөний холимог болох цоо шинэ өнгийг нээж, тус өнгийг “olo” хэмээн нэрлэсэн байна. АНУ-ын Калифорнийн их сургуулийн профессор Рен Нг-ийн хамтран удирдсан дээрх судалгааны тайлан өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт шинжлэх ухааны “Science Advances” сэтгүүлд нийтлэгджээ. Профессор Рен Нг энэ нээлтээ “гайхалтай” хэмээн тодорхойлов. Тэдний судалгаа цаашлаад өнгө ялгадаггүй буюу өнгөний харалган байдлын судалгаагаар үргэлжлэх боломжтой гэж үзэж байгаа ажээ.

Эрдэмтэд судалгааны туршилтын үеэр “olo” хэмээх цоо шинэ өнгийг нээсэн. Туршилтад оролцсон 5 хүний 1 болох профессор Рен Нг тус өнгийг “Бодит ертөнцөд харж болох ямар ч өнгөнөөс илүү ханасан өнгө” хэмээн онцолсон байна. Ханасан өнгө гэдэг нь аль нэг өнгөний төгс эрчимтэй харагдах шинж чанарыг хэлдэг юм. Өөрөөр хэлбэл эрдэмтдийн нээсэн уг шинэ өнгийг хүмүүс энгийн нүдээр харах боломжгүй, тодорхой өдөөлтийн тусламжтайгаар л харах боломжтой ажээ.

Туршилтад оролцсон 5 хүний 4 нь эрэгтэй, 1 нь эмэгтэй. Бүгд хэвийн хараатай хүмүүс байсан байна. Түүнчлэн 3 нь уг судалгааг явуулсан эрдэмтэд байжээ. Зарим шинжээч, мэргэжилтэн шинэ өнгө нээх явдал маргаантай гэж үзэн, шүүмжлэлтэй ханддаг. Тэд “Үүнийг яаж тайлбарлахаас л шалтгаална” хэмээн хэлж байна.

,

2 responses to “Эрдэмтэд урьд нь хэний ч харж байгаагүй цоо шинэ өнгө нээжээ”

  1. Уг нь монголчууд завсрын өнгийг, тухайлбал “ногоон цэнхэр” гэх маягаар нэрлэж практикт хэрэглэж байдаг л даа. Гэхдээ америк эрдэмтэд гэрлийн долгионы хэмжээ болон судалгааны бусад параметрийн тусламжтайгаар үндэслэлтэй сонин шинэ санааг дэвшүүлж байгаа юм болов уу гэж бодлоо.

  2. Гэрлийн долгионы уртыг нарийвчлаад үзээд байвал хэдэн ч өнгө ялгаж ярьж болох юм болов уу. Амьдрал практикт бус, онолын хувьд их ач холбогдолтой асуудал байхыг үгүйсгэх аргагүй биз ээ.

Leave a Reply to Т.Дорждагва Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *