Туркийн Истанбул хотод 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ


Лхагва гарагт Туркийн 15 сая гаруй хүн амтай Истанбул хотод 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас  230 гаруй хүн бэртэж гэмтсэн талаар холбогдох албаны хүмүүс мэдэгдээд байна.

Тодруулбал, орон нутгийн цагаар 4-р сарын 23-ны өдрийн 17 цаг 49 минутад 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд газар хөдлөлтийн голомт нь Истанбул хотын Силиври дүүрэгт, 7-10 км-ийн гүнд газар хөдөлсөн болохыг тус улсын Гамшиг, онцгой байдлын албанаас мэдээлжээ.

Туркийн дотоод хэргийн яамны мэдээлэлд газар хөдлөлт 13 сек үргэлжилж, газар хөдлөлтийн дараагаар Истанбул хот болон ойр орчмын мужуудад 130 орчим удаагийн хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн гэжээ.

Газар хөдлөлт болон чичирхийллийн үеэр байшин барилгууд ганхаж байсантай холбоотойгоор айдаст автсан олон тооны хүн өндрөөс доош үсэрч, бэртэж гэмтсэн тохиолдлууд бүртгэгдсэн байна. 150 гаруй хүн өндрөөс үсэрч гэмтэн, эмнэлэгт хүргэгджээ.

Лхагва гарагийн газар хөдлөлтийн үеэр азаар хүний амь нас үрэгдээгүй байна. Түүнчлэн эрчим хүч, байгалийн хийн хоолой, ундны цэвэр ус болон цэвэрлэх байгууламжийн дэд бүтцүүдэд хохирол гэмтэл учраагүй талаар Истанбул хотын дарга өөрийн Х хуудсандаа нийтэлжээ.

Эдийн засгийн хохирлын тухайд одоогийн байдлаар 380 орчим байшин барилга эвдэрч сүйдсэн гэсэн мэдээлэл ирээд байгааг тус улсын байгаль орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Мурат Курум мэдэгджээ.

Газар хөдлөлт болох үеэр бүх нийтийн баярын өдөр таарсан тул ерөнхий боловсролын сургуулиуд ажиллаагүй байсан бөгөөд байгалийн гамшгийн улмаас пүрэв, баасан гарагуудад мөн сургуулиудыг хаах шийдвэрийг Турк улсын боловсролын яамнаас гаргасан байна.

Одоогоос 2 жилийн өмнө Турк улсын өмнөд хэсэгт асар хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 55 мянга гаруй хүн амь үрэгдэж, 148.8 тэрбум ам.долларын бодит хохирол учруулж байсан билээ.


One response to “Туркийн Истанбул хотод 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ”

  1. Дахин дахин газар хөдлөлт болж хүмүүсийн сэтгэл хэцүү байгаа. Урьдчилсан мэдээллээ чанаржуулах шаардлагатай юм байна. Хүн амьтан амь мэнд гарсан нь яамай даа.

Leave a Reply to Цэвэгмэд.Н. Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *