Энгэрт нь төмөр зүүж өгөөд, төрүүлсэн хүүхдүүдийг нь хөнөөгөөд байх ч гэж…


4 дүгээр сарын 21. Даваа гараг. Шинэ долоо хоногийн эхний өдөр. Түм бужигнасан их хотын ажлын нэг өдөр ийн эхлэхэд Төв аймгийн Жаргалант суманд 3 хүүхэд гэртэйгээ шатаж, нас барсан гэх аймшигт мэдээ олны зүрхийг зүсэж, чихийг нь сортхийлгэлээ.

 Одоо энэ цаг мөчид галд амиа алдсан тэдгээр багачуудыг оршуулж буй. Тухайн өдөр буюу гал гардаг өдөр Жаргалант суманд засаг даргын шийдвэрээр бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулжээ. Үүнд хүүхдүүдийг хүртэл дайчилжээ. Аав, ээж нь төдийгүй дүү нараа харж үлдсэн 6 дугаар ангийн охин ч мөн дуудагджээ. Шинэ долоо хоногийн ажлын эхний өдөр байтал сумын сургууль, цэцэрлэгийн эрхлэгч дур мэдэн шийдвэр гаргаж, сургууль, цэцэрлэгээ амраасан байна.

Ингээд л албан ажилд дайчлагдсан аав, ээж, эгч 3 гэртээ цоожилж үлдээсэн 2, 4, 5 настай 3 хүүхэд, дүүгээ алдав.

   Хуулиараа бол сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох, амраах шийдвэрийг Засгийн газар, Боловсролын яам гаргах эрхтэй. Гэтэл Жаргалант сумын сургууль, цэцэрлэгийн эрхлэгч хуулийг үл тоож, Засгийн газар, Боловсролын яаман дээгүүр давж, цэцэрлэгийг амраасан байна. Хэрвээ цэцэрлэг амраагүй ажиллаж байсан бол тэдгээр бяцхан хүүхэд цоожтой хаалганы цаана үлдэхгүйгээр, өнөөдөр гэр бүлтэйгээ цуг эсэн мэнд байх боломжтой байв.

Сургуулийн сурагчид ч бүх нийтийн цэвэрлэгээнд оролцсон

Тэр өдөр сургууль хүртэл сурагчдад хичээл ороогүй аж. Ангидаа хичээлээ хийж байх ёстой сурагчдыг бүх нийтийн цэвэрлэгээнд дайчилжээ. 6 дугаар ангийн сурагчийг хүртэл тэр цэвэрлэгээндээ оролцуулжээ.

Бүх нийтийн цэвэрлэгээ гэх албадлагын шинжтэй ажил зохион байгуулснаар бүтэн гэр бүлийн амьдрал орвонгоороо эргэж, зул асаасан зурагны өмнө нулимстай зогсож байна. “Зайрмаг авчраарай” гээд үлдсэн 3 хүүхдийн халуун галд шатсан амийг өнөөдөр хэнээс нэхэх вэ? 4 хүүхэд төрүүлсэн тэр ээж “Эхийн алдар” одонтой, алдарт эх. Гэтэл 3-ыг нь нэг дор аймшигтайгаар алдчихлаа.

Үүнтэй ижил хэрэг одоогоос яг 5 жилийн өмнө Дархан-Уул аймагт гарсан. Эргэн сануулбал цэцэрлэгийн 50 жилийн ойн бэлтгэлд дуудагдсан ээж 3 хүүхдээ мөн харамсалтайгаар алдсан юм. Тухайн үе нь 2020 он буюу ковидын цар тахлын ид үе. Улс даяар хөл хорио тогтоож, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон байтал ой тэмдэглэхээр бэлтгэж, бүх ажиллагсдаа дайчилсан эрхлэгчийн хариуцлагагүй шийдвэрээс болж, 3 хүүхэд амиа алдаж, нэг ээж өнчирч үлдсэн.

    Бүх нийтийн цэвэрлэгээ гэх албадлагын ажил, хурган даргын бодлогогүй шийдвэр бол энэ хоёр хэргийн гол шалтгаан. Их цэвэрлэгээг хавар, намартаа нэг буюу жилд хоёр удаа хийдэг. Төрийн байгууллагууд нь удирдан ахалж, хувийн хэвшил, иргэд ойр орчмын талбайгаа цэвэрлэх үүрэгтэй. Угтаа бид урдах ажлаа хийж, улсдаа татвар, шимтгэлээ төлж байгаа. Түүгээр улс ТҮК байгуулж, үйлчлэгч, цэвэрлэгч гэх ажлын байр бий болгож, хүмүүсийг цалинжуулан ажиллуулдаг. Цэвэрлэгээ бол тэдний ажил. Тэд ажлаа хийж, цалингаа авдаг.

Гэтэл яагаад биднээр социализмын үеийн дарангуйллын субботник хийлгэнэ вэ? Татвар төлөгчдөөрөө, бүх иргэнээрээ цалин хөлсгүйгээр их цэвэрлэгээ хийлгэдэг явдал өнөө цагт коммунист дэглэмтэй хэдхэн улсад л байдаг байх. Ардчилсан улс бол тийм албадлагын, цалингүй цэвэрлэгээг гэмт хэрэгтнээр хийлгэдэг. Манайд ч албадан ажил хийлгэх ял гэж бий. Тэднийгээ ашиглаж чадахгүй байж, гэмгүй мөрөөрөө иргэдээ дээрэлхэж байгаа юм биш үү? Даварчихсан.  

Монголын үрс маш олон болог. Бүхнийг хүүхдийн төлөө. Хүүхдийн төлөө “За” гэж хэлье гээд л байдаг. Үнэндээ өнөөдрийн төр, түүнд ажилладаг дарга нар Монголын үрсийг харааж байх шиг. Манай улсад 2020 оноос хойш хүүхэд төрүүлсэн ээжүүдийн тоо 20 мянгаар цөөрсөн гэсэн статистик үзүүлэлт бий. Хүүхэд төрүүлсэн гэж эхийн энгэрт төмөр зүүхээсээ өмнө нийгмийн гажуудсан тогтолцоогоо засах хэрэгтэй байна.

Төрүүлсэн хүүхдийг нь шатаачих юм бол, усанд үйчих юм бол, тогонд цохиулчих юм бол, машинаар дайрчих юм бол, нохойгоор бариулчих юм бол хүүхэд төрүүлж яах юм. “Эхийн алдар” гэдэг төмрөөр чинь яадаг юм.  


One response to “Энгэрт нь төмөр зүүж өгөөд, төрүүлсэн хүүхдүүдийг нь хөнөөгөөд байх ч гэж…”

  1. Их цэвэрлэгээ гэлтгүй, амралтын өдрөөр байгууллагын урлаг спортын тэмцээн уралдаан гээд хүчээр цуглуулдаг асуудал бас байна

Leave a Reply to Zochin Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *