“АСЕАН+3”-ын гишүүн орнуудын Сангийн сайд нар болон Төв банкны ерөнхийлөгч нар ням гарагт Италид уулзах үеэрээ хамтарсан мэдэгдэл гаргасан байна. Дээрх хамтарсан мэдэгдлээрээ АСЕАН-ы гишүүн орнууд болон Япон, Хятад, Өмнөд Солонгос улс олон талт чөлөөт худалдааны талаарх “бүрэн амлалт”-аа дахин нотоллоо.
Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Трампын засаг захиргааны хэрэгжүүлж буй тарифын арга хэмжээ нь бүс нутгийн эдийн засагт цохилт өгөх вий гэсэн болгоомжлолтой холбоотой юм. Тус хамтарсан баримт бичигт Азийн бүс нутгийн эдийн засгийн хэтийн төлөвт “тодорхойгүй байдал ихэссэн” хэмээн нотолсон байна. Үүнд “Худалдааг ивээх үзлийг хурцатгах нь Дэлхийн худалдаанд сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хуваагдалд хүргэж, бүс нутаг дахь худалдаа, хөрөнгө оруулалт, хөрөнгийн урсгалд сөргөөр нөлөөлж байна” гэжээ.
Түүнчлэн “Олон талт үзэл баримтлал, дүрэм журамд суурилсан, ялгаварлан гадуурхалгүй, чөлөөт, шударга, нээлттэй, хүртээмжтэй, тэгш, ил тод олон талт худалдааны тогтолцоог бүрдүүлэхийн төлөө, Дэлхийн худалдааны байгууллагыг гол цөмөө болгоход бүрэн тууштай байгаагаа дахин нотолж байна” хэмээн мэдэгдсэн байна. Дээрх мэдэгдэлд мөн “Бүс нутаг хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх болно” гэжээ.
