БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ долоо хоногт ОХУ-д айлчилж, Эх орны дайнд ялсны 80 жилийн ойд зориулсан цэргийн жагсаалд хүндэт зочны хувиар оролцохоор болжээ. БНХАУ-ын ГХЯ-наас ням гарагт мэдэгдсэнээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар Хятадын удирдагчийн ОХУ-д хийх дөрвөн өдрийн айлчлал 5-р сарын 7-ны лхагва гарагт эхэлнэ. Айлчлалын үеэр Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын тулгамдсан асуудлууд болон мөн АНУ-ын зуучилж буй Украины дайны нөхцөл байдлын талаар санал солилцох болно гэжээ.
Мөн тус яам “Хоёр улс нэг талыг баримталсан, дээрэлхэх үйлдлийг эсэргүүцэж, эрх тэгш, дэг журамтай олон туйлт ертөнц, нийтийг хамарсан ашигтай, хүртээмжтэй эдийн засгийн даяаршлыг хамтдаа дэмжинэ” хэмээн мэдэгдлээ. БНХАУ-ын даргын айлчлалын үеэр Ши, Путин нар хоёр талын хэд хэдэн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах төлөвтэй байгаа талаар Кремль мэдэгдсэнийг Оросын “Тасс” агентлаг мэдээллээ.
Энэ нь өнгөрсөн оны 10-р сард ОХУ-д зохиогдсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд Ши Жиньпин, В.Путин нар уулзсанаас хойших анхны дээд хэмжээний уулзалт болох гэж байна. 2022 оны 2-р сард Украинд халдан довтолсонтой холбогдуулан Москвагийн эсрэг тавьсан Барууны хориг арга хэмжээг Бээжин эсэргүүцэж, улмаар сүүлийн жилүүдэд хоёр тал харилцаагаа улам бэхжүүлсээр байна. Өнгөрөгч 2024 онд Ши Жиньпин, В.Путин нар гурван удаа биечлэн уулзсан нь үүний тод жишээ юм.
