УИХ, ЗГ хоёрын аль нь “том” байхыг шийдэх гэсэн АН-ын тэмцэл амжилт олох болов уу?


126 гишүүнтэй парламентын 42 суудал АН-ынх. Харин Ардчилсан намын энэ суудлууд өнгөрсөн 7 хоногт хоосон үлдэж олон чухал хуулийн төсөл ардчилсан намын төлөөлөлгүйгээр хэлэлцэгдлээ. Ардчилсан намын энэхүү “ажил хаялт” үргэлжлэх эсэхийг тэд өнөөдөр болох бүлгийн хурлаараа хэлэлцүүлэх товтой байгаа юм. Ерөнхий сайдын чуулганы танхимд гаргасан бүдүүлэг үйлдэл зөвхөн Ж.Баярмаа гишүүнтэй холбоотой асуудал биш, харин институт хоорондын зөрчлийн асуудал хэмээн АН-ын бүлгээс том зургаар тайлбар хэлж байна. Институт хоорондын зөрчил гэдгийг тодруулбал Монгол улсын үндсэн хуульд төрийн эрх барих дээд байгууллага бол УИХ гэж заасан байдаг.

УИХ засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Энэ утгаараа институтын асуудал мөн бол УИХ-ын дарга болоод бусад гишүүдээс АН-ын хийж байгаа тэмцлийг дэмжих учиртай. Гэвч УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болоод бусад парламентын гишүүдээс АН-ын хийж байгаа акцыг дэмжсэнгүй. Харин ч шүүмжлэх байр суурьтай байлаа. УИХ-ын дарга 2 хүний хоорондын маргааныг УИХ-тай холбож нааж эмзэглэлээ хэмээн АН-ыг буруутгасан. Тэр бүү хэл хэнд эрхлээд байгаа юм хэмээн зэмлэж амжсан. УИХ-ын гишүүдийн зүгээс ч хоёр хүний хоорондын маргааныг УИХ-ын асуудал болгож дэвэргэлээ гэдэг шүүмжлэл нэг биш нэлээн хэд гарав. Парламентын алдагдаад байгаа байр суурийг том толгойтой засгийн газарт мэдрүүлэх гэсэн АН-ын оролдлого парламентаасаа огт дэмжлэг авч чадахгүй нь тодорхой боллоо. Уг нь бол эмэгтэй гишүүнийг асуулт асууж вакумжсаныг нь хэлсний төлөө илт дээрэнгүй хандсанаа эрхэм Ерөнхий сайд хүлээн зөвшөөрч уучлал гуйсан бол парламент засгийн газрын дэргэд өнөөдрийнх шиг “жижиг” харагдахгүй байх байлаа.

УИХ засгийн газарт хяналт тавьдаг эрх мэдлээ хуулийн дагуу хэрэгжүүлдэг болъё гэсэн АН-ын шаардлагыг парламент бүхэлдээ биш юм гэхэд ядахдаа их хурлын дарга дэмжсэн бол парламент муухай харагдахгүй байх боломж уг нь байсан.

76 гишүүнтэй парламентыг бэхжүүлэх үүднээс 126 гишүүнтэй болгож нэмэгдүүлсэн байдаг. Парламент нь гүйцэтгэх засаглалдаа хяналт тавьж ажиллах зохицуулалт 2016 оноос эхлээд хэрэгжихээ больж Засгийн газар парламентынхаа толгой дээр зайдалдаг болчихсон. Ийм янзтайгаар 8-9 жил болчихсон учраас Ерөнхий сайд парламент өөрийнх нь ажилд хяналт тавих үүрэгтэй институт гэдгийг мартсан байж болох юм. Ерөнхий сайдын Ж.Баярмаа гишүүнийг С.Баярцогт даргаа хэмээн дуудсан тэр харилцаа бүдүүлэг доромж утгатай байсан төдийгүй маш дээрэнгүй харагдсан. Бүх ард түмний өмнө өөрийнх нь ажилд хяналт тавих үүрэгтэй ард түмний төлөөлөлд хандаж байгаа Ерөнхий сайдын хандлага Ж.Баярмаа гишүүний хэлсэнчлэн үнэхээр вакумжсан юм биш байгаа?

Ямартаа ч гүйцэтгэх засаглалын тэргүүн АН-ын шаардлагыг хүлээн авч уучлал гуйхгүй нь тодорхой байна. Энэ үйлдэл нь Засгийн газар Парламентаар хянуулахгүй ажиллах болно гэсэн байр суурь байхыг үгүйсгэх арга байхгүй. Их хурал дахь АН-ын бүлгээс Парламентыг чиглүүлж ажиллаж байгаа засгийн газрын үйл ажиллагааг байранд нь тавина гэдэг байр суурийг удаа дараа илэрхийлж байсан төдийгүй баасан гариг бүрд байдаг Ерөнхий сайдын мэдээллийн цагийг УИХ-ын асуулгын цаг болгож өөрчлөх саналтай байгаагаа ч мэдэгдсэн билээ. Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлээ парламент засгийн газраас эргүүлэн авч чадах уу гэдэг эргэлзээтэй сэдвүүдийн 1 болсон бололтой. 2 өдрийн ажил хаялт зарлаж завсарлага авсан АН намын шаардлагыг нохой хуцсан чинээ авч хэлэлцээгүй учраас магадгүй тэд өнөөдрөөс шаардлагаа өөрчилж их хурлын эрх мэдлийг нэмэх оролдлогоо өөр маягаар хэрэгжүүлэх арга байх биз ээ. Ямар ч байсан асуудлыг УИХ-ын Ёс зүй дэгийн байнгын хороогоор хэлэлцүүлнэ гэсэн. Төрийн үйл ажиллагааг цэр цээжиндээ бөөр бөгсөндөө байрлах зарчимд нь оруулах гэсэн АН-ын оролдлого амжилт олох эсэхийг Монголын ард түмэн ажиглаж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *