Австралийн үндэсний цусны мэдээллийн сангийн (ABMDR) дарга, “Westmead” судалгааны төвийн зөвлөлийн дарга, профессор Жереми Чапман Монгол Улсын Дээд шүүх, Эрүүл мэндийн яам зэрэг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хандан захидал ирүүлжээ. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах төвийн дарга асан П.Батчулуунд Монгол Улсын шүүх 2.6 жил хорих ял оноосонтой холбогдуулан, тэрээр энэ захидлаа бичжээ.
Жереми Чапман бол ДЭМБ-д амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний зөвлөх, Австрали улсын Эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн юм байна. Тиймээс эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар маш сайн мэддэг аж.
Түүний захидлыг бүрэн эхээр нь орчуулан хүргэе!
Хүндэт эрхэм, холбогдох албан тушаалтан танаа
Би Монгол Улсад амьгүй буюу тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах асуудлаар үүсээд буй нөхцөл байдалд туйлын ихээр санаа зовниж байгаагаа илэрхийлж байна.
Сүүлийн найман жилийн хугацаанд би Монгол Улсад олон удаа очиж, Монгол Улсын Засгийн газар, сайд нар болон холбогдох албан тушаалтнуудад, мөн Улаанбаатар хотын эмнэлгүүдийн эмнэлгийн болон лабораторийн ажилтнуудад амьгүй буюу тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл явцын талаар зөвлөгөө, зааварчилгаа өгч ажилласан. Миний энэхүү ажил үйлсийг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч Алтангадас одонгоор шагнасан нь нэр төрийн хэрэг байлаа.

Монгол Улс амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний тогтолцоог амжилттай хөгжүүлж, Ази тивийн улс орнуудад жишиг болохуйц систем бий болгож чадсан. Энэ тогтолцоо нь Дэлхийн Эрүүл Мэндийн Ассамблейн зөвлөмж, Европ, Хойд ба Өмнөд Америк болон Австралийн шилдэг туршлагуудтай дүйцэхүйц хэмжээнд хөгжсөн байв.
Эрүүл мэндийн яамны ажилтнууд, ялангуяа профессор П.Батчулуун амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах ажлыг хууль, журмын дагуу үлгэр жишээ хэрэгжүүлж, олон нийтийн дэмжлэг болон донорын ар гэрийн зөвшөөрлийг чухалчлан авч үзэж, ажиллаж ирсэн. Гэтэл донорын ар гэр, хэвлэл мэдээлэл, шүүх байгууллага болон олон нийтийн дунд үүссэн үл ойлголцлоос шалтгаалан, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, журмын дагуу ажлаа гүйцэтгэсэн Эрүүл мэндийн яамны ахлах ажилтныг яллаж, шоронд хорьсон нь үнэхээр харамсалтай. Үүнд би маш их цочирдож, харамсаж байна. Би профессор П.Батчулууныг олон жил мэдэх хүний хувьд, Монголын эрүүл мэндийн салбар дахь шударга, эрэлхэг, чин сэтгэлтэй албан хаагч гэдгийг итгэл төгс баталж байна.

Монгол Улс амин эрхтний үйл ажиллагааны дутагдалд орсон өвчтөнүүдэд орчин үеийн анагаах ухааны тусламж үзүүлэх чухал, шийдвэрлэх мөчид цаг үед ирээд байгаа боловч, харамсалтай нь хойшоо ухарч байгаа нь харагдаж байна. Энэхүү нөхцөл байдлыг яаралтай засаж залруулахгүй бол Монголын иргэд эх орондоо эрхтэн шилжүүлэн суулгуулах боломжгүй болж, Дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ, тусламж үйлчилгээг авч чадахгүйд хүрэх аюултай байдал үүсэж байна.
Энэ бол зөвхөн өнөөдрийн биш, ирээдүйд олон хүний амь насыг хөндөх үндэсний хэмжээний эмгэнэл юм. Иймд энэ асуудлыг яаралтай залруулах талаар анхааралтай авч үзнэ үү гэж чин сэтгэлээсээ хичээнгүйлэн хүсье!
2 responses to “Хүний амь аварсан эмчийг хорьсонд Дэлхийн эмч нар санаа зовж байна”
Эмчээ суллаад нэр төрийг нь цагаатгаж уучлал гуйгаад ээ 🤔
Дэлхийд данстай эмчийг хилс хэргээр ял өгөх гэж байгаа улс манайхаас өөр байхгүй шүү .Сайн судал сонсоод үзээрэй ял авах гэмтэн биш. Сайд өөрийн ашиг сонирхлын зөрчилөө нуух гэсэн санаа байна лээ сайдын булхай их байгааг хүмүүс гаргаад л байгаа удахгүй үнэнд гүйцэтгэх цаг ирнэ Мөнхсайхан гуай