Монголоос бусад оронд улс төрчид ёс зүйн хариуцлага хүлээдэг


Монгол улсад төрийн өндөр дээд эрх мэдэл хашдаг улс төрчдийн ёс зүйн асуудал байнга шахам хөндөгдөж байдаг боловч ёс зүйн хариуцлага хүлээж байсан жишиг тун цөөхөн бий. Тэгвэл хилийн чанадад ёс зүйн хариуцлага хүлээж улс төрийн хариуцлага хүлээдэг ямар ямар жишиг байдгийг хамтдаа сонирхоцгооё.

Монголчуудын олноороо ажиллаж амьдардаг БНСУ-д улс төрчдийн ёс зүйн хариуцлага маш өндөр түвшинд байдаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд саяхан албан тушаалаа огцорсон тус улсын Ерөнхийлөгч  Юн Сог Ёль гэнэтийн онц дэглэм тогтоосон гэдэг үндэслэлээр огцорч түүнийг бүх насаар нь хорих тухай асуудал яригдаж байна.

Юн Сог Ёлын эхнэр, тэргүүн хатагтай Ким Кеон Хи 2,200 ам.долларын үнэтэй “Dior” брэндийн цүнхийг бэлгээр хүлээн авсан гэдэг шалтгаанаар түүний нэр хүнд олон нийтийн дунд унаж өөрөө ч энэ шалтгаанаар ард олноосоо уучлал хүсэж байсан юм. Өмнөд Солонгосын авлигын эсрэг хуульд төрийн албан хаагчид болон тэдний эхнэр, нөхрүүдийг ажил үүрэгтэй нь холбоотой байдлаар 750 ам.доллароос илүү дүнтэй бэлэг авахыг хориглодог.

Түүнчлэн БНСУ-ын эмэгтэй Ерөнхийлөгч Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе найзынхаа авлига албан тушаалын хэргээс болж огцорч хуулийн хариуцлага хүртэл хүлээсэн түүх бий.

Ёс зүйн хэм хэмжээ өндөртэй Япон улсад улс төрчдийн ёс зүйн хариуцлага хүлээсэн түүх бүүр ч олон байна. Тус улсад сайдын эхнэр албаны машинаар дэлгүүр хэссэний төлөө сайд уучлал гуйгаад огцордог жишиг үйлчилдэг.

2014 оны 10 сард сонгуулийнхаа хандивын мөнгөнөөс гоо сайхандаа зарцуулсан Японы худалдаа аж үйлдвэрийн сайд Юуко Обучи огцорч байсан бол сонгуулийнхаа сурталчилгаанд бэлэг сэлт тараасан тус улсын эдийн засгийн хөгжлийн сайд Сугавара Ишю өөрөө огцроод зогсохгүй түүнийг сайдаар томилсныхоо төлөө Ерөнхий сайд Шинзо Абэ ард олноосоо уучлал хүсэж хариуцлага хүлээж байсан удаа бий.

2011 онд Гамшгийн дараах сэргээн босголтын сайд Масахири Имамура цунамигийн хохирлын мэдээлэл өгөхдөө тайлбарыг буруу хэлснээсээ болж огцорсон бол 2014 онд Японы эдийн засгийн сайд Мидори Мацушима хамаатныхаа хүний бизнесийг дэмжих хөрөнгө оруулагч олж өгснийхөө төлөө огцорсон түүх байдаг.

Бэлгийн дарамт, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн нь илэрсэн хүмүүсийн хувьд тус улсад улс төрийн карьер нь бүр мөсөн дуусдаг, ажил албан тушаалаа тэр даруй хүлээлгэн өгч, доор гэгч нь мэхийн ард түмнээсээ уучлал хүсдэг жишиг байгаа юм.

Улс төрч, сайд дарга нар нь ёс зүйн хариуцлага хүлээдэг улс төрийн соёл зөвхөн Азийн улс орнуудад байдаг зүйл биш. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орон, Европын улс орнуудад ч үйлчилдэг. Тухайлбал 2018 онд Их Британийн Лордын танхимын Олон улсын хөгжлийн сайд Майкл Бейтс чуулганы хуралдаанаас хэдэн минут хоцорсныхоо төлөө уучлал хүсэж огцрох өргөдлөө өгсөн байдаг. Тэрээр өргөдөлдөө: “Байх ёстой газраа байх ёстой цаг хугацаандаа байж чадаагүй нь миний хариуцлагагүйнх” гэж дурдсан байсан гэдэг.

Энэ мэт хилийн чанадад  төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа сайд дарга нар олон нийтээс шүүмжлэл сонсох төдийд буруугаа хүлээн огцордог бичигдээгүй жишиг үйлчилж байна. Харин Монгол улсад улс төрчдөд ёс зүйн хариуцлага шаардсан, ард түмний шүүмжлэл дагуулсан үйл явдал ар араасаа хөвөрдөг ч ёс зүйн хариуцлага хүлээсэн нь хэд байдгийг нэхэн санахад илүүдэхгүй болов уу.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *