Б.Чойжилсүрэн: 2025 оны өвлийг тэг зогсчихгүйхэн шиг давж чадлаа


Эрчим хүчний салбар үнээ өсгөсний эхний галлагааны улирлаа дуусгаж байна. Тэгвэл салбар өнгөрсөн өвөлдөө ашигтай ажиллаж чадсан эсэхийг салбарын сайдаас тодрууллаа.

-Тог цахилгааны үнэ нэмэгдээд эрчим хүчний салбар алдагдалгүй болж чадсан уу?

-Алхам алхмаар гайгүй болж байна. 3-4 жил шаардагдана. 1 цахилгаан станц барилаа гэхэд дор хаяж 36 сар зарцуулагдана.

-Галлагааны улирал дуусаж байна. Гайгүй давж чадсан уу?

-Бид өнгөрсөн галлагааны улирлыг гайгүй гал алдуулчихгүйхэн шиг давж чадлаа. Ямар ч байсан тэг зогсчихсонгүй. Энэ нь салбарын хариуцлагатай ажиллагаатай холбоотой. Хэвлэлийнхнийг далимдуулаад гүрийж ажиллаж 2025 оны өвлийг давсан салбарынхандаа баярлалаа гэж хэлье.

-Эрчим хүчний шинэ эх үүсвэр хэзээ нэмэгдэх вэ?

-2027 оны эхний хагастаа багтаад Баянгийн цахилгаан станцын эхний 330 мегаваттын блокийг ашиглалтад авна. 2025 ондоо багтаад Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 2-р хэсгийн 150 мегаваттын эх үүсвэрийг ашиглалтад оруулна. 2026 ондоо багтаад Сэлэнгэ аймгийн төв дээр баригдаж байгаа цахилгаан станцыг ашиглалтад оруулна гэж тооцоолж байгаа. Тосонцэнгэлийн цахилгаан станцын 30 мегаваттын хүчин чадалтайгаас 22 мегаваттын эх үүсвэрийг өнгөрсөн жил ашиглалтад оруулсан. Түүнчлэн 400 мегаваттын хүчин чадалтай батерей станцыг ашиглалтад оруулах яриа хэлэлцээр явж байна.

-Өнгөрсөн 7 хоногт СХД-ийн нэгдсэн эмнэлгийн тогийг мэдэгдэлгүй тасалснаас болж эмнэлгийн үйлчилгээ доголдог ихээхэн алдагдал хүлээсэн байна. Яагаад хязгаарлалтыг урьдчилж сануулж байж болдоггүй юм бэ?

-Ирэх өвлийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд эрчим хүчийг хэсэгчлэн хязгаарлаж засвар үйлчилгээг хийж байгаа. Гэхдээ хязгаарлалт хийх газрууддаа урьдчилж мэдэгддэг.

-Тэгээд яагаад СХД-ийн эмнэлэгт урьдчилж мэдээлээгүй юм бол?

-Би томилолтоор явж байгаад ирсэн учраас нарийн мэдээлэлгүй байна. Тодруулаад эргээд мэдэгдье.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

,

One response to “Б.Чойжилсүрэн: 2025 оны өвлийг тэг зогсчихгүйхэн шиг давж чадлаа”

Leave a Reply to Ss Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *