Хамтарсан Засгийн газрын хувь заяа яригдаж эхэлсэнтэй холбоотойгоор Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас дараах зүйлсийг тодрууллаа.
-Хамтарсан Засгийн газрыг огцруулах тухай яриа гарч байна. Та ямар байр суурьтай байна вэ?
-Бид том зүйлээ ярих хэрэгтэй шүү дээ. Улсаа бодох ёстой биз дээ? Үгүй юм уу?
-Иргэд Ерөнхий сайдыг хариуцлага хүлээхийг шаардан, жагсаж байна шүү дээ.
-Ерөнхий сайд гарч ирээд, тайлбараа хэлсэн л байна лээ шүү дээ. Шалгуулъя гээд. Би үзсэн. Шалгасан хойно л ярь л даа. Би та нарт зориулаад 1 зүйл хэлье. Бүгдээрээ улс орноороо тоглосон зүйл хэвлэлээр ярьж, бичиж, Дэлхий нийтэд нүдний булай болдгоо больё. Одоо биднийг хэн ч тоохгүй. Хэрүүлтэй айл ямар байдаг билээ. Яг л тийм болчихлоо. Өнгөрсөн он жилүүдэд ч ийм л байсан. Санаж байгаа бол 2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газар унаад л нохойн замаар ороо биз дээ. Яг энэ давтагдана.
-Засгийн газрын тэргүүний хувьд ард иргэдээ хүндлээд, ирээд тайлбар өгчихдөг байх нь зарчим биз дээ?
-Гарч ирээд хэвлэлд ярилцлага өгсөн л байна лээ шүү дээ. Та бүгд авсан нь хэвлэлээр яваад байсан даа.
-Сайдын цалин хэдэн төгрөг байдаг вэ?
-УИХ-ын гишүүний цалинтай ижилхэн шүү дээ.
-УИХ-ын гишүүний цалин дээр нэмэх нь сайдын цалин гэж үү?
-Юу гэж тийм юм байх вэ? Нэмэхгүй шүү дээ.
-Засгийн газрын сайд нар тэгээд цалингүй ажилладаг юм уу?
-Ижил төрлийн л цалин авна шүү дээ. УИХ-ын гишүүнээс юугаараа илүү юм? УИХ-ын гишүүн өөрөө ЗГ-ын гишүүн биз дээ. Тэгээд л ижилхэн цалин авдаг.
-Сайд цалингүй ажилладаг болж таарч байна уу? Сайд нарын ачаалал УИХ-ын гишүүдийнхээс их биз дээ?
-Ажил хийх гэж л сайд болсон юм чинь. Тэрэнд хүн ялархаад байх зүйл байхгүй шүү дээ.
-Маргааш болох танай намын бага хурлаар хамтарсан Засгийн газрыг задалж, АН, ХҮН-ыг засгаас гаргах асуудлыг хэлэлцэх мэдээлэл байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Тэр талаар мэдэх зүйл алга. Та бүхнээс л анх удаа сонсож байна. Яг үнэндээ би нисэхийн 100 жил гээд гадуур яваад огт мэдээлэлгүй байлаа.
-Ерөнхий сайдад хариуцлага тооцохгүй юм уу?
-Шалгаж тогтоож байж хариуцлага ярьдаг болохоос шалгаж тогтоогоогүй асуудалд хариуцлага тооцно гэж юу байсан юм бэ? Худлаа далимдуулж л байхгүй юу? Өө хайгаад л
-Ерөнхий сайд өөрөө юу?
-Үгүй ээ. Засаглалын хямрал руу зориуд оруулж байна уу л гэж харж байна. Ерөнхий сайд аль болохоор л хамтраад юмаа хийгээд явах тухай л яваа шүү дээ. Тийм биз дээ. 2012 оны Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаагаад юу боллоо? Санаж байгаа биз дээ.
-Иргэдийн төлсөн татварын мөнгөөр тансаглаад байгаа эсэхийг хянаж чадаж байгаа болов уу?
-Хянадаг агентлаг байгаа биз дээ. Татварын ерөнхий газар байна. Хэн хянахгүй байгаа юм.
-Жилд 240 саяын орлоготой хүний хүүхдийн зарцуулсан гүйлгээ л анхаарал татаад байна.
-Тэр мэрийг нь би мэдэхгүй ээ. Гэхдээ Монголын 1 зүйр үгийг сануулъя. “Түрүүчийн хүний хүүхдийг хуруугаар бүү заа” гэж үг байдаг. Өнөөдөр чи хүний хүүхдийг зааж болно. Маргааш тэр чамд ирнэ. Энэ бол амьдралын хууль. Болдоггүй байхгүй юу? Өвөг дээдсийн сургаал. Хүнийг өөрийг нь оролдож болно. Үр хүүхдээр нь оролдож болдоггүй байхгүй юу.
-Та үүнийг улс төр гэж харж байна уу?
-За одоо одоо боллоо. Ингээд яриа дууслаа.
-За баярлалаа.
One response to “Б.Дэлгэрсайхан: Бид улсаараа шившиг боллоо. Хамтарсан ЗГ-аа унагаавал биднийг хэн ч тоохоо болино”
Чойжилсүрэн, Дэлгэрсайхан, Жавхлан, Номин, Мөнхсайхан, Гантөмөр, Эрдэнэбүрэн, Туваан гэээд бодсон чинь Данхын ЗГ-т олигтой юм байгаамуу???