Өнөөдөр Ерөнхий сайд руу чиглэсэн “Огцрох амархан” жагсаал 8 дахь өдрөө үргэлжилнэ. Тэгвэл хамтарсан засгийн газрыг тэргүүлж байгаа Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын суудалд хэр зэрэг удаан суусан талаар товч сийрүүлье. Тэрээр 2021 оны нэгдүгээр сард одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс Ерөнхий сайдын суудлыг авснаас хойш 4 дэх жилдээ гүйцэтгэх засаглалыг тэргүүлж ажиллаж байна. 2021-2024 оныг хүртэл 3 жил Ерөнхий сайдаар ажиллаж байсан тэрээр 2024 оны парламентын сонгуулиар олонхын суудлыг бүрдүүлсэн гавьяагаараа засгийн газрыг АН, Хүн намтай хамтран байгуулаад жил гаруйн хугацаанд ажиллаж байгаа юм. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байгаа хугацаа ерөнхий сайд нарын хамгийн урт ажилласан он жилүүдтэй дүйж байна. Тодруулбал одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2017-2020 онд Ерөнхий сайдаар ажиллаж, мөн 2020-2021 онд засгийн газраа тэргүүлж ажиллаж байсан түүхтэй.
Сүүлийн 20 жилийн хугацаанд Ерөнхий сайд нарын ажлын хугацаанаас дээрх 2 эрхмийн засгийг ахалсан он жилүүд хамгийн урт хугацаанд тооцогдож байгаа юм.
Хэрвээ өнөөдөр эхэлж байгаа МАН-ын бага хурлын шийдвэрээр тэрээр Ерөнхий сайдын суудалдаа үлдэх эрхээ сунгуулж чадвал тэрээр хамгийн урт хугацаанд Монголын төрийг тэргүүлсэн Ерөнхий сайд болж түүхэнд тэмдэглэгдэх нь. 2000 он гарснаас хойш Монгол улсын засгийн газрыг нийтдээ 10 Ерөнхий сайд тэргүүлж ажиллаж байснаас бүрэн эрхийнхээ хугацааг бүтэн буюу 4 жил удирдсан Ерөнхий сайд Намбарын Энхбаяр байлаа. Тэрээр 2000-2004 онд засгийн газрыг 4 жил халаагүйгээр удирдсан гэдгээрээ ялгардаг. Түүнээс хойш парламентын сонгуулийн үр дүнд байгуулагдсан засгийн газрууд 4 жилээ огцорч солигдолгүй туулж байсан түүх байхгүй байна.
2000-2004 онд Н.Энхбаяр Ерөнхий сайд
2004-2006 онд Ц.Элбэгдорж Ерөнхий сайд
2006-2007 онд М.Энхболд Ерөнхий сайд
2007-2009 онд С.Баяр Ерөнхий сайд
2009-2012 онд С.Батболд Ерөнхий сайд
2012-2014 онд Н.Алтанхуяг Ерөнхий сайд
2014-2016 онд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд
2016-2017 онд Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд
2017-2021 онд У.Хүрэлсүх Ерөнхий сайд
2021-2025 онд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд
Тэгвэл Монголын төрийг удирдаж байсан сүүлийн таван Ерөнхий сайд нарын ажлаа өгсөн шалтгаануудыг эргэн сөхье.
2012-2014 онд Шударга ёс эвсэлтэй хамтарч Шинэчлэлийн засгийн газрыг байгуулсан Н.Алтанхуягийн танхимыг задран унахад нам дотроосоо буюу Женкогийн фракц голлох үүрэг гүйцэтгэсэн бол засгийг хамтран байгуулсан Шударга ёс эвслээс Г.Уянга, Л.Цог нар дэмжлэг үзүүлсэн гэж яригддаг.
2014-2016 онд Монгол улсын засгийн газрыг удирдаж байсан Ч.Сайханбилэгийн тухайд УИХ-ын ээлжит сонгуулиар ялалт байгуулж чадаагүй учраас дараагийн Ерөнхий сайдад тамгаа шилжүүлж өгсөн түүхтэй. Гэхдээ түүнийг ажиллаж байх хугацаанд огцруулах асуудал ахин дахин босож, парламентаар хөндөгддөг сэдэв байсан нь нууц биш. Эрдэнэтийн 49 хувийг хувь, Оюу толгойн гэрээтэй холбоотойгоор Ч.Сайханбилэгт хариуцлага тооцох асуудал одоо ч яригддаг ч тэрээр хилийн чанадад оргон зайлсан цөөн тооны монголын улс төрчдийн 1 болоод удаж байна.
2016-2017 онд Ерөнхий сайдын албыг хашиж байсан Ж.Эрдэнэбатыг ЖДҮ-ийн хэрэгт холбогдсон балаг нь суудлаас нь унагаж байсан түүх бий. Тэрээр энэ асуудлаар ялын тогтоол хүртэл уншуулсан байдаг.
2017-2021 оныг хүртэл Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд Ковидын үеэр амаржсан эхийг тавчиктай өвлийн шөнөөр зөөвөрлөсөн гэх шалтгаанаар өөрөө сайн дураараа ажлаа өгсөн түүхтэй. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн төлөө тавчиктай ээжийн нүүлгэн шилжүүлэлтийг У.Хүрэлсүх өөрөө зохион байгуулсан уу гэдэг хардлага нийгэмд яригдаад өнгөрсөн бор шувуунуудын 1 билээ.
2021-2025 он буюу одоог хүртэл Монгол улсын засгийн газрыг удирдаж байгаа Л.Оюун-Эрдэнийн байр суурь хэрхэхийг ойрын өдрүүдийн улс төр шийдэх нь тодорхой байна. Тэрээр хамтарсан засгаа авч үлдэх үү? эсвэл ажлаа өгч хариуцлага үүрэх үү? Нэг бол АН, Хүн намын сайд нараа танхимаасаа гаргаж намынхаа гомдогсдыг сайдын суудлаар шагнаж суудлаа хадгалж үлдэх үү гэдгийг одоогоор таахад эрт байгаа юм. Хамтдаа ажиглацгаая.
One response to “Л.Оюун-Эрдэнэ суудалдаа тогтож чадвал 2000 оноос хойш хамгийн удаан ажилласан Ерөнхий сайд болж түүхэнд тэмдэглэгдэнэ”
Хамгийн удсан, хамгийн их мөнгө үрсэн мөртлөө гараас нь гарсан в байхгүй