Л.Оюун-Эрдэнийн баар нь баялгийн сан


Хүүгийнхээ тансаглалаас болоод огцорлоо гэж Л.Оюун-Эрдэнийг олон хүн даапаалж байна. Нэг талаас тийм. Нөгөө талаас үгүй. Тансаглалд дуртай танхил хүү бол аавд нь тавьсан дэгээ, ард олонд шидсэн өгөөш байлаа. Үмхэх хүмүүс ч олдов. Үмхүүлэх гишүүн ч бэлэн байв. Л.Оюун-Эрдэнийг ч дэгээдэж чадлаа.

Мөнгө мөртэй. Л.Оюун-Эрдэнэ мөр үлдээхгүй явж чадах ч гэр бүл нь чадсангүй. Ажил хийж үзээгүй, сургуульд ч сурч шалиагүй, эцэг эхийгээ баастаж явдаг хүүхдүүд манай улстөрчид, баян бизнесмэнүүд дунд зөндөө бий. Тэд нь эцгийнхээ олсон мөнгийг тодоос тод мөр татуулан үрж явдаг. Тийм ганц мөрөөр ороход л Засгийн газар огцорч байна. Аюултай мөнгө, айхтар мөр байж шүү дээ.

Засгийн газрыг огцруулахад хүргэж буй энэ тэмцэл ингэж төгсөнө гэж Л.Оюун-Эрдэнэ лав төсөөлсөнгүй. Тулаанд одоогоор стратегийн орд эзэмшигч хувийн хэвшлийнхэн илүүрхэж явна. Тэд Л.Оюун-Эрдэнийг эцэст нь нам цохилоо. Босож ирж чадах эсэхийг бүү мэд. Тэр Ерөнхий сайдын суудлаас буусан ч УИХ-ын гишүүн. Парламентын танхимаас тулаанаа үргэлжлүүлэх боломж түүнд бий. Хэрвээ түүний тэмцэл үүгээр дуусвал “Женко” Х.Баттулга ба “М Си Эс”-ийн эзэн Ж.Оджаргал нарын нанчилдаан ч намжих биз.

Үндсэн хуульд 2019.11.14-нд нэмэлт өөрчлөлт оруулахдаа 6.2-т “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ…Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн заалт нэмсэн. Энэ бол стратегийн ордоос олборлож буй баялгийг 30 гэр бүл иддэг явдлыг зогсоож, ард түмэнд хишиг хүртээх эхлэл болсон заалт. Үүнийг Үндсэн хуульд оруулсан хүн нь Х.Баттулга. Тэр олон буруу юм хийсэн ч зөв хийсэн ганц юм бас байдаг нь энэ заалт.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах үед энэ заалт алга болж, араас нь хөөцөлдөж байж буцаан олж ирж, УИХ-ын гишүүдэд ойлгуулан, Үндсэн хуульд оруулсан хүн бол тухайн үеийн УИХ-ын гишүүн Ц.Гарамжав. Стратегийн буюу Ц.Гарамжавын тодорхойлсноор агуу ордыг эзэмшигчид ард түмэнтэй хуваахыг тэр бүр хүсэхгүй. Гэсэн ч хүссэн ч, эс хүссэн ч хуваалцахаас өөр аргагүй болгож, ард түмнийг баялагтаа эзэн байлгаж өгсөн энэ хүмүүсийн эсрэг эргээд янз бүрийн хар явуулга өнгөрсөн хугацаанд бишгүй гарсан даа.

Л.Оюун-Эрдэнэ ч стратегийн ордуудаар оролдож явсаар ердийн ажилчнаас Ерөнхий сайдын суудал хүртэл дэвшсэн. Нүүрсний хулгайг алга болгоно, намынхаа авлигачидтай тэмцэнэ гэж хэчнээн ч их хашхирав. Гэрлийн хурдаар өөрийг нь албан тушаал ахиулж, амжилтад хүргэсэн стратегийн ордууд эргээд өөрийг нь тэр суудлаас авч шидлээ. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар батлуулахдаа тэр стратегийн ордын ашгаас ард түмэнд авч өгөх нэрээр хувийн компаниудын 34%-ийг төрд авах гэсэн нь буруудав. Тэр үед төр бол Л.Оюун-Эрдэнэ байлаа. Насаараа Ерөнхий сайд байх юм шиг, нам нь түүнийг эгнэгт дээрээ залах мэт эндүүрээд, хувийн компаниудын хувьцаа руу тэр халдсан. Тэр үедээ л тэр баартсан. Тэгээд эцэст нь энэ.  

Манай улс уг нь дотоодын байтугай гадаадын компаниудтай стратегийн ордоо хамтран ашиглаж буй туршлагатай. Агуу ордуудынхаа ашгийг ард түмэндээ хүртээе гэхэд гадаадынхан татгалздаггүй. “Рио тинто”-гоос Оюутолгой ордын үр өгөөжийн 53%-ийг аваад, ард түмэнтэйгээ хуваалцаад болж л байна. “Орано” грүппээс Зөөвч-Овоо ордын өгөөжийн 51%-ийг авахаар гэрээ байгууллаа. Болж л байна шүү дээ. Гэтэл яагаад дотоодын компаниудад энэ зарчмаар хандахгүй байна вэ? Л.Оюун-Эрдэнэд өөр эрх ашиг байсан юм биш үү?


One response to “Л.Оюун-Эрдэнийн баар нь баялгийн сан”

  1. ОЭ-ийн огцролтыг Стратегийн ордтой хутгах хэрэгггүй. Төр 34% эзэмшинэ гэдэг төгс сайн зүйл биш хэдий ч өнөөдрийн ард түмний итгэлийг алдсан нь ОЭ сүүлийн 5 жил ЕС хийсэн хугацаанд авилга улам цэцэглэсэн, ард түмний амьдрал улам дордсон, хэвлэлийн эрх чөлөө ухарсанд л байгаа юм. Баялгийн сан бол 33 дахь асуудал.

Leave a Reply to Иргэн Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *