Сүүлийн жилүүдэд залилах гэмт хэрэг тэр дундаа цахим залилан өсөх хандлагатай байна. 2025 он гарсаар 5744 залилах гэмт хэрэг Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд үүнээс үүдэж иргэдэд 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Залилах гэмт хэргийн арга илүү нарийссан гэнэ. Тухайлбал, телеграм, Тik Тok, we chat, whats app зэрэг платформуудыг ашиглан “Онлайнаар цагийн ажил хийлгэнэ”, “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөөрэй”, “Гэрээсээ ажиллаж мөнгө олох боломжтой”, “Цахимаар сурталчилгаа хийж мөнгөө өсгөөрэй” гэх мэт хуурамч зар, мэдээгээр дамжуулан залилах төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.
Тодруулбал, улсын хэмжээнд 2025 оны эхний дөрвөн сард нийт 18605 гэмт хэрэг Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Үүний 13119 гэмт хэрэг нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байгаа юм. Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 30 гаруй хувийг буюу 5744 хэрэг нь залилах гэмт хэрэг байна. Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 80 гаруй хувийг залилах гэмт хэрэг эзлэх болжээ. Он гарснаас хойш телеграм аппликэйшнээр дамжуулан эд хөрөнгөө бусдад залилуулсны улмаас иргэдэд нийт 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. 2024 онд залилах гэмт хэргийн улмаас нийт иргэн, хуулийн этгээдэд 318 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Энэ нь 2023 оноос 70 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм.
Сүүлийн өдрүүдэд иргэдийн гар утсанд “Телеграм апликэйшинд сайт дээр таны зураг байна” таньдаг хүний нэр, зурагтай хаягаас бичиж , хуурамч линк явуулж байгаа нь иргэд, олон нийтийг төөрөгдөлд оруулж байна. Ингэснээр иргэд зургаа харах гэж линкээр нэвтэрч, нууц үгээ алдах тохиолдлууд гарч байгаа тул ямар нэгэн ач холбогдолгүй линкээр орж нууц үгээ оруулахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулсан юм.