УИХ-ын даргын захирамжаар УИХ-аас Суррон, цахилгаан скүүтерийг хэрэглээг зохицуулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан юм. Уг ажлын хэсгийн багийнхан Бүгд найрамдах Казахстан улсад очиж туршлага судлаад ирсэн байна. Ингээд уг хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуульч Ө.Жамбалсүрэнтэй ярилцлаа.
-Цахилгаан скүүтер, мопедыг өргөнөөр хэрэглэдэг улс орон олон бий. Яагаад ажлын хэсэг Казахстаны туршлагыг судалсан талаар тодруулахгүй юу?
-Казахстан улсын тухайд цаг уур байгаль цаг уурын онцлог нь Монгол улстай төстэй. Түүнчлэн цахилгаан скүүтер, моторт дугуйг замын хөдөлгөөний хуульдаа 2023 оны 6-р сард оруулж баталсан улс гэдгээрээ онцлогтой. Мөн замын хөдөлгөөний ачаалал, скүүтерийн хэрэглээ нь эрс нэмэгдсэн зэрэг нь манай улстай тун төстэй байгаа юм. Хуульд оруулахдаа тус улс цахилгаан скүүтер, жижиг цахилгаан тээврийн хэрэгсэл хэмээн тодорхойлсон байдаг. Скүүтерийн тухайд 25 км цагаас хэтрэхгүй хурдтай, зөвхөн 1 хүн унахад зориулагдсан суудалгүй, 2 эсвэл 3 дугуйт тээврийн хэрэгслийг хэлнэ гэж тодорхой дурдсан байна лээ. Харин жижиг тээврийн хэрэгсэлд мөн 1 хүний суудалтай, 25 км цагаас хэтрэхгүй хурдлах зохицуулалттайг хуульчлаад зогсохгүй дээрх тээврийн хэрэгслүүдийг унаж замын хөдөлгөөнд оролцож байгаа жолоочийн эрх үүрэг, ямар замаар хэрхэн зорчихыг Казахстан улс 2023 оноос хуульчлаад энэ хууль нь маш амжилттай хэрэгжээд явж байгаа туршлага байна. Бид хуулийг боловсруулж батлуулсан яам тамгын газрын ажилтнуудтай, энэ чиглэлд бизнес эрхэлдэг компаниудын төлөөлөлтэй уулзсан. Монголд байдаг Жет скүүтер гэхэд дэлхийн 7 улсад үйл ажиллагаагаа явуулдаг “ JET sharing” гэдэг компанийн тухайд анх Казахстан улсад үйл ажиллагаагаа эхэлж байсан түүхтэй юм билээ. Тус компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Астана хот, Алмата хотын аль алинд цахилгаан скүүтерийн хэрэглээ хэрхэн нэвтэрсэн туршлагыг газар дээр нь очиж үзэж танилцлаа.

Казахстан улс цахилгаан скүүтерийг маш хурдан хугацаанд боловсруулж батлаад хэрэгжүүлээд маш амжилттай нэвтрүүлсэн байна. Тус улсын иргэд скүүтер хэрэглэхэд үүсэж байгаа хуулийн харилцаа эрх үүргээ мэддэг болсон нь тун их анхаарал татсан. Үүнтэй холбоотойгоор скүүтертэй холбоотойгоор гарч байсан осол гэмтлийн тоо ч эрс буурсан байна. Скүүтерийг давхардаж буюу 2 хүн 1 скүүтер унахыг хориглоно, ачаа ачихыг хориглоно, тээрийн хэрэгсэлтэй ойрхон явахыг хориглоно гэх мэт зохицуулалтыг хуульчилсан байна лээ. Бид ч гэсэн Монгол улсад энэ туршлагыг нэвтрүүлэх талаар хуулийн төсөлдөө оруулсан байгаа. Казахстан улсын хувьд унадаг дугуйн замаар скүүтерээр зорчихыг зөвшөөрдөг юм билээ. Явган хүний зам дэд бүтцээр зорчихыг мөн зөвшөөрдөг гэхдээ хөдөлгөөний хурдыг 5 км цагаас ихгүй байх ёстойг хуульчилсан байгаа юм. Биднийг очиход ч явган хүний зорчих хэсгээр скүүтертэй хүмүүс зорчиж байсан. Гэхдээ явган зорчигчид бас зэрэгцэн зорчоод сурчихсан дадалтай нь харагдсан. Астана, Алмата хотуудад скүүтертэй холбоотой үүссэн 1 асуудал нь зогсоолын асуудал. Зарим иргэд явган зам дээр орхидог гэдэг ч юм уу, энд тэнд хаясан асуудал гардаг юм билээ. Манай бас төстэй зүйл нь скүүтерийн хэрэглэгчид болоод үйл ажиллагаа эрхлэгчдэд тавьдаг хяналт алга. Скүүтер түрээсэлдэг аж ахуйн нэгжүүд ашгаа олоод татвараа төлөөд явдгаас өөрөөр төр захиргааны байгууллагын өмнө хүлээсэн үүрэг алга. Гэхдээ иргэдийнхээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлыг хуульд тусгаж өгсөн нь өнөөдөр үр дүнгээ өгсөн байна. Харин дараагийн удаа хяналт зохицуулалтын асуудлаа хуульдаа тусгаж өгөх төлөвлөгөөтэй байгаагаа ярьж байсан. Алмата хотын хувьд 2,8 сая хүнтэй, 700 мянган тээврийн хэрэгсэлтэй учраас скүүтерийн тоо алсдаа нэмэгдэнэ гэсэн тооцоололтой байгаа юм билээ. Харин бидний хувьд тус улсын туршлагыг үндэслээд асуудлыг цогцоор нь шийдэх гээд зорьж байна.
-Казахстан улсад Мопед, скүүтер 2-ын зохицуулалт хуульдаа ижил суусан байна уу?
– 50 км цаг хүртэл хурдлах бололцоотой тээврийн хэрэгслийг тусад нь хуульчилсан байна лээ. Хууль нь арай хатуу. Мопед Казахстанд хүргэлтийн бизнест түлхүү хэрэглэдэг. Мопедыг унадаг дугуйн зам болоод явган хүний замаар зорчихыг хориглодог. Автомашин зорчих хэсэгт зорчдог. Мопедоо бүртгэдэг. Скүүтерээ бол бүртгэж чадаагүй байна. Гэхдээ хэтдээ скүүтерээ бүртгэнэ гэсэн зорилготой байна лээ. Харин скүүтерийн түрээсийн үйлчилгээ эрхлэгчид өөрсдөө дахин давтагдашгүй дугаар бий болгосон байгаа юм. Өөрсдөө аппликэйшнээр замын цагдаагийн газартайгаа нягт хамтран ажилладаг харагдсан.
-Энэ зохицуулалтууд манайд хэрхэн хуульчлах гэж байна.
-Бидний боловсруулсан хуулийн төсөлд Казахстан улсынхтай төстэй байдлаар тодорхойлолтуудыг нь оруулсан. Гэхдээ цахилгаан дугуйг цахилгаан дугуй болон дөрөө хосолсон гэж ангилж байгаа. Монголд сүүлийн үед хувь иргэд өөрсдөө 30-45 км\цагийн хурдтай цахилгаан дугуй оруулж ирэх нь ихсээд байна. Казахстанд бол 25 км\цагаас хурдтай зорчдог бол мопед руу оруулдаг. 50 км цагаас дээшээ бол мотоцикл ангилалд оруулдаг. Бид мопедоо ангилаагүй. 25-30 км цагийн хурдтайг яах вэ гэхээр тээврийн цагдаагийнхан хэлэх үггүй болчхоод байна. Тиймээс бид мопедыг хурдных нь чадлаар ангилах шаардлага үүсээд байгаа юм. Одоо манай улсад мөрдөгдөж байгаа замын хөдөлгөөний хуулиар мопедын хурдыг ангилаагүй. Гэхдээ тухайн тээврийн хэрэгслээр хүн болоод ачаа бараа аль алийг нь тээвэрлэдэг шүү дээ. Мопедын зохицуулалтаар скүүтерийг зохицуулах бололцоо байхгүй шүү дээ.
-Скүүтер, мопедын хэрэглээ өнөөдөр хотын гудамжаар замбараагаа алдлаа шүү дээ. Хэрэглээ улам бүр нэмэгдсээр. Үүнийгээ дагаад осол гэмтэл ч нэмэгдсээр байна. Хуулийн төслийг боловсруулах ажил ямар явцтай байна вэ? Хэзээ их хурлын босго давах вэ?
-Бид хуулийн төслөө боловсруулаад 3 сард D-Парламент цахим өргөдлийн системд байршуулсан. 4-р сард Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Хараахан засгийн газрын хуралдаанаар ороогүй оочероо хүлээж байна. Засгийн газар саналаа өгчихвөл УИХ-д өргөн бариад аль болох хурдан батлуулах хүсэл эрмэлзэл бол манай ажлын хэсэгт байгаа. Гэхдээ процесс л удаад байна гэх үү дээ.
-Цахилгаан скүүтерийн үйлчилгээ эрхлэгчдийн хувьд хуулийн төслийг хэрхэн хүлээн авч байна вэ? Тэдэнд тавигдах шаардлага хууль батлагдсанаар нэмэгдээд ирэх байх?
-Үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс аль болох л хууль шаардлагагүй. Бид стандартаа баталчихвал мөрдөөд байж чаднаа гэдэг байр суурийг илэрхийлсээр байдаг. Гэхдээ скүүтерийн хэрэглээ улам бүр нэмэгдэж байгаатай холбоотойгоор хуулиар зохицуулж, хариуцлагажуулж үүрэгжүүлэхээс өөр аргагүй. Хууль баталж байж л бид шаардлага тавьж, хариуцлага нэхнэ. Одоо скүүтер түрээсийн бизнес эрхлэгчидтэй төрийн байгууллагуудын харилцаа нь албан бичиг солилцох хэлбэрээр өрнөж байна. Албан бичиг өгсөн гээд хариуцлага шаардах хууль эрх зүйн үндэслэл үүсэхгүй учраас хэн ч мөрдөж дагахгүй. Хууль баталж байж л хяналт зохицуулалтыг албажуулна. Хүний амь насны асуудал шүү дээ. Тээврийн цагдаагийн албанаас тодорхойлсноор скүүтер унасан хүн зам дээр хутга бариад гүйж байгаа хүнээс ялгаагүй байна хэмээн тодорхойлж байна лээ. Яг голыг нь олсон тодорхойлолт шиг санагдсан.
Хүн мөргөвөл шууд гэмтээнэ. Хамгийн гол нь скүүтер унаж байгаа гол хэрэглэгчид 10-19 насны хүүхдүүд байна. Хүний амь нас эрүүл мэндтэй холбоотой асуудал учраас заавал хуульчилж, зөвшөөрлийг шинээр бий болгох шаардлагатай.
Гэхдээ энэ зөвшөөрөл нь тусгай зөвшөөрөл авдаг шиг хүнд суртлаар олддог биш. Хэдэн скүүтер оруулж ирж хэрэглээнд нэвтрүүлж байгаа юм тэрийгээ бүртгэлжүүлэх шаардлагыг л хуульчлах ёстой. Тэр бүү хэл цахилгаан скүүтерийг хэрэглэхийг хориглосон улс орон байна, хэрэглээг нь маш хатуу хуулийн зохицуулалттай болгосон ч улс орон байна. Бид нэгэнт нэвтэрчихсэн энэ хэрэглээг нь хариуцлагатай болгож хуульчилъя л гэж байгаа юм.
-Хятад улс бол унадаг дугуй, мопедыг өргөн хэрэглэдэг ч скүүтерийг хэрэглэдэггүй шүү дээ.
-Тиймээ Хятад улс скүүтерийн хэрэглээг хориглодог улсуудын 1. Орос улс байна. 290 орчим сая хүн амьдардаг 35 томоохон хотууд скүүтерийг хэрэглээг хориглодог. Францын Парис 2018 онд хориглосон, Нидерланд, АНУ-ын Филадельфиа, Канадын Торонто, Сидней, Мелбүрн, Барселон, Индонез, Сингапур гээд олон газар хориглосон байна. Дээрх улс орны зам дэд бүтэц мэдээж манай улстай харьцуулшгүй сайн байгаа байх. Гэхдээ тэд иргэдийнхээ аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавиад скүүтер хэрэглэхгүй гээд шийдчихсэн байна.
-Нэгэнт дэлгэрчихсэн хэрэглээг одоо болиулна гэж байснаас хуульчилж дэгтэй болгох нь зөв байх шүү.
-Тэгэлгүй яах вэ? Манай улс 1 хэсэг зам хэрэгтэй гээд авто зам бариад, үгүй бол явган хүний зам хэрэгтэй гээд явган хүний зам бариад байсан. Явган зам, автомашины зам гээд 2 туйлтай сэтгэж яваад эргээд харсан чинь явган зам, авто замын аль аль нь 5 км цагийн хурдтай болчхоод байна. Бид олон төрөлт тээврийн хэрэгслийг дэмжинэ гээд бодлогоо гаргаад дугуйн зам талбай бий болгоод явбал энэ түгжрэл, энэ олон хүний стресс бухимдал буурна шүү дээ.
-Хуулийн төсөл батлагдаад ирвэл скүүтерээр зорчих зам талбайг бэлтгэх шаардлага үүсэх нь дээ. Үгүй ядахдаа дугуйн замынхаа хэмжээг нэмэхгүй бол одоо ч скүүтертэй хүмүүс явган зорчигчидтой зэрэгцэн зорчих хүндрэлтэй харагдаад байгаа шүү.
-Скүүтер түрээсийн бизнес эрхлэгчдийн зүгээс явган зорчигчийн замаар зорчиж байя гэдэг хүсэлт тавиад байгаа. Манай улсын хувьд скүүтертэй авто замын хөдөлгөөнд оролцвол илүү өндөр эрсдэлтэй байна. Шууд мөргүүлэх, шүргүүлэх эрсдэл маш өндөр байна. Тэгээд ч зам дээр багтах зай үндсэндээ байхгүй гэхэд хилсдэхгүй. Явган зорчигчийн зам дээр бол зохицоод зорчих бололцоотой. Хэрвээ явган зорчигчийн зам дээр скүүтертэй зорчуулахгүй гэвэл осол гэмтлийн тоо улам нэмэгдэх эрсдэлтэй шүү гэдгийг бизнес эрхлэгчид мэдэгдээд байгаа. Тэгээд ч иргэдийн скүүтерийн хэрэглээ маш өндөр байгааг бид бодолцох учиртай.

-1 жилийн дотор скүүтерийн тоо 16 мянга болчихсон гэдэг тоо яригдаж байсан. Тээврийн цагдаагийн алба үгүй ядаж гаалийн мэдүүлгээр бид энэ тоог яг нарийн нягталж бүртгэсэн зүйл байгаа юу?
-Энэ тоог бизнес эрхлэгчид өөрсдөө өгсөн. Түүнээс улсад скүүтер, цахилгаан дугуй хэдэн ширхэг орж ирсэн, замын хөдөлгөөнд оролцож байгаа тухай нэг ч дата алга. Монгол улс авто машинаа, мотоциклтойгоо л тоолдог. Бусад ийм жижиг төрлийн тээврийн хэрэгслийн талаар мэдээ баримт улсад байхгүй гэсэн үг.
-Өнөөдөр хуульгүй ч гэсэн скүүтер, цахилгаан дугуйн хэрэглээ нийтэд тарчихсан байна. Үүнтэй холбоотой осол гэмтлийн тоо ч тасрахгүй байдаг. Унаж яваад гэмтсэн эсвэл мөргүүлж гэмтсэн иргэдийн хохирлыг хэрхэн шийдэж байгаа талаар мэдээлэл өгөөч?
-Өнөөдөр скүүтер, цахилгаан дугуйг тээврийн хэрэгсэл гэж бүртгээгүй учраас албан журмын даатгал үйлчлэхгүй байна. Скүүтер унаж яваа хүн тухайн тээврийн хэрэгслийн эзэн биш шүү дээ. Хэрэв бид хуулиар скүүтер, цахилгаан дугуйг тээврийн хэрэгсэлд тооцчихвол даатгал үйлчлээд хохирлыг барагдуулах үндэслэл бий болно гэсэн үг. Тэгэхээр түрээсийн бизнес эрхлэгчид ч үүрэг хүлээгээд техникийн аюулгүй байдлыг илүү хариуцлагатай хангана шүү дээ. Одоо бол иргэний хуулиар л шийдэгдэж байна. Гэхдээ даатгалын асуудлыг сайтар судлах шаардлага бий.
-Хуулиар бизнес эрхлэгчдийг үүрэгжүүлчихлээ гэж бодоход хувиараа цахилгаан мотортой скүүтер, дугуй оруулж ирээд унаад байвал яах билээ?
-Хувь иргэн тухайн тээврийн хэрэгслийнхээ эзэн учраас бүртгүүлж, даатгуулна гэсэн үг. Гэхдээ хуулийн төслөө батлуулж скүүтер, цахилгаан дугуй нь тээврийн хэрэгсэл мөн юм аа гэдгийг хүлээн зөвшөөрсний дараа шүү дээ.
-Скүүтер, цахилгаан дугуй оруулж ирж, түрээслүүлж байгаа компаниуд тээврийн хэрэгслийн татвар, зам ашигласны татвар төлөхгүй байгаа гэсэн үг үү?
-Тийм татвар төлдөггүй л бизнес байгаа юм. Гаалийн татвар, НӨАТ-ын татвар төлж байгаа байх. Авто машинтай харьцуулахад бараг татваргүй гэж харж болохоор юм байна.
-Тун ашигтай бизнес гэж харагдаж байна. Хууль батлагдахгүй байх тусмаа энэ төрлийн бизнес эрхлэгчдэд ашигтай нөхцөл байдал байгаа юм биш үү?
-Нэг талаар бол тийм. Гэхдээ өөр талаас нь харж үзвэл 2000 скүүтер оруулж ирж түрээсэлж байгаа бизнес эрхлэгч нийслэлийн түгжрэлийн асуудлыг шийдэлцэж яваа гэдгийг бид мартаж болохгүй. Төдий тооны хүн түгжрэлд хувь нэмрээ оруулж машинтайгаа түгжрэхгүй скүүтер унаад ажлаа амжуулж стресстэхгүй ажиллаж амьдарч явна гэдгийг бодолцох ёстой. Бид хуулийн төсөлдөө бага хэмжээний татварыг оруулж өгөх санал оруулсан. Энэ төсөлд ТЕГ, Сангийн яам саналаа хэлж оролцохыг хүлээж байна. Хэрвээ скүүтер, цахилгаан дугуйнаас бага ч гэсэн зам ашигласны татвар хураамж авдаг болчихвол дугуйн замаа сайжруулж нэмэх төсөв хөрөнгө бий болно шүү дээ.
-Энэ хуулийг явган зорчигчид хамгийн их хүлээж байгаа болов уу гэж бодож байна. Мэдээлэл өгсөнд баярлалаа.
-Баярлалаа
One response to “Хуульч Ө.Жамбалсүрэн: Скүүтер, цахилгаан дугуй түрээслэгчид хуулийн зохицуулалтыг хүсэхгүй байна”
Наад хууль чинь скүүтэрийн бизнес эрхлэгчдэд зориулсан хууль байна. Та нар харин иргэдээ бодох сэтгэл алга