Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаг хэрэглээний талаарх асуудал өөрт нь “Итгэл хүлээлгэх” эсэх түвшинд хүрлээ. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд өөрт нь “Итгэл хүлээлгэх тухай” тогтоолоо УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн бариад байна.
Тэгвэл эл асуудлаар УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ өөрийн байр сууриал илэрхийлэв.
Тэрээр “Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхий сайд “Итгэл үзүүлэх” асуудлыг нэгдүгээрт тодорхой бодлогын асуудлаар, хоёрдугаарт улсын төсвийн дагуу тавина. УИХ үүнийг хүлээж аваад гурав хоногийн дараа, 10 хоногийн дотор шийднэ гэж заасан.
Ингээд Ерөнхий сайд өчигдөр “Итгэл хүлээлгэх” тогтоолын төслөө өргөн барьсан. Өнөөдөр, маргааш гээд ирэх Даваа гарагт уг асуудлыг шийдэх нь зөв гэж харж байна” гэв.
–Таны хувьд хамтарсан“Итгэл хүлээлгэх” эсэх асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
Ж.Бат-Эрдэнэ: Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд төр тогтвортой, ёс зүйтэй ажиллах ёстой гэж үзэж байгаа. Энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг миний бие өөрөө ахалж байгаад гаргасан. Том төслүүд буюу 14 мега төсөл багтсан шүү дээ. Тиймээс тогтвортой явах нь зүйтэй гэж нэгдүгээрт харж байна. хоёрдугаарт МАН-ын бага хурлын шийдвэр гарсан. Монгол Улсын Ерөнхий сайдыг ялсан нам тодорхойлдог шүү дээ. Ингээд МАН-ын бага хурлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг томилсон. Сая болсон бага хурлаар “Засгийн газраа дахин эмхэл” гэсэн тогтоол гарлаа шүү дээ. Тэгэхээр бага хурлынхаа шийдвэрийг хараад явсан нь зөв л гэж бодож байна.