Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрт нь “Итгэл үзүүлэх” тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор гишүүдийн байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Хамтарсан Засгийн газрын мега төслүүд, бодлогууд цаашдаа хийж хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд “Итгэл үзүүлэх” тогтоолыг УИХ-д өргөн бариад үүнийг хуулийн хүрээнд шийднэ.
Улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулаад хэвлэл мэдээллээр төрийн тэргүүн, Ерөнхий сайд, УИХ болон Засгийн газрын гишүүдийн хооронд үл ойлголцол үүсэх байдлаар янз бүрийн мэдээлэл түгээхдээ болгоомжтой хандахыг би уриалж байна. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар бараг 22 асуудлыг шийдсэн шүү дээ. Төрийн ажилд завсарлага гэж огт байхгүй. Би ч гэсэн өнөөдөр ЗГХЭГ-ын даргын хувьд ажлаа явуулж байна. Ажил хэвийн үргэлжилж байна. Төрийн ажил тогтвортой явж байгаа, үүнд санаа зоволтгүй.