Улсын дээд шүүх Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга асан, Төрийн соёрхолт, Гавьяат эмч П.Батчулуун эмчийн гомдлыг 2025 оны зургадугаар сарын 4-ний 09.00 цагаас хэлэлцэхээр товлосон байна.
П.Батчулуун эмчийн зүрхний үйл ажиллагаа алдагдаж биеийн байдал нь огцом хүндэрч УГТЭ-т хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Түүнийг Эрүүгийн хуулийн 15.3.2 дахь хэсгийг (хүний эд эрхтэн залилан авах) зөрчсөн гэж үзэн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2.6 жил хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Хэргийг эргэн сануулбал П.Батчулуун эмчийг Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байхдаа 2023 онд зам тээврийн ослоор нас барсан хохирогчийн ар гэрийнхнээс элэг, бөөр, эргэн тойронд байгаа судсыг авах талаар зөвшөөрөл авсан ч зарим эд эрхтнийг авахдаа зөвшөөрөл аваагүй гэх хэрэгт буруутган яллагдагчаар татсан юм.