Өнөөдөр Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг УИХ-ын чуулган болон, Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд оролцож дууссан.
Тэгвэл Ардчилсан намын 8 сайд хамтарсан Засгийн газраас гарах өргөдлөө өгчээ. Тодруулбал “Ардчилсан намын сайд нар бид Хамтарсан засгийн газарт багтаж ажиллах нь Ардчилсан намын байр суурьтай зөрчилдөнө хэмээн үзэж Монгол Улсын Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн гурав дахь хэсэгт “Монгол Улсын Ерөнхий сайд засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, УИХ-д өргөн мэдүүлнэ…….. мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна”….. Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 23-дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 2-д “Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр томилж, чөлөөлнө”…..мөн хуулийн 22 дахь зүйлийн 1 дэх хэсэг “Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос албан тушаалаас чөлөөлж өгөх хүсэлтээ Засгийн газрын гишүүн нь Ерөнхий сайдад өргөн мэдүүлж болно” гэж тус тус заасныг үндэслэн чөлөөлөгдөх хүсэлтээ үүгээр гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” хэмээсэн байна.
АН-аас дараах 8 сайд Хамтарсан Засгийн газарт ажиллаж буй билээ.
- Шадар сайд Л.Гантөмөр,
- Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл,
- Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа,
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан,
- Хот байгуулалт барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь,
- Цахим хөгжил, инновац харилцаа холбооны сайд Ц.Баатархүү,
- Монгол Улсын сайд, “20 минут”-ын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн,
- Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр

