Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
-Сонгодог парламентыг нэлээд ярьж байгаа. Санал хураалт нээлттэй, илэн далангүй байх хэрэгтэй. Бид яаж саналаа өгсөн бэ гэдгээ сонгогчдодоо хэлдэг байх ёстой. Хөшигний ард болсон гэдгийг нуулгүй, хэн ямар байр суурьтай байгаа вэ гэдгээ нээлттэй, шударга хэлэх ёстой.
Эрүүл мэндийн салбарт шударга ёс тогтоогүй. Иргэд эмнэлэг дээр очоод эмчилгээ хийлгэх боломжгүй болсон. Дамын наймаачнаасаа салаагүй цагт эрүүл мэндийн салбар хөгжихгүй.
Том мега төслүүд ярьж болно. Гэхдээ эрүүл мэнд, боловсролын салбараа хаяж болохгүй. Эрүүл хүн байж хөдөлмөр хийж, Монгол Улсын төсвийг бүрдүүлж байгаа шүү дээ.
Сонгодог парламентын хүрээнд үзэл бодлоо шууд илэрхийлэх зоригтой гишүүд байгаа гэж бодож байна. Би үлгэр жишээ болоод, байр сууриа илэрхийлье. Би Ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй гэдгээ шуудхан хэлчихье.