Австралийн Гриффит их сургуулийн Queensland Quantum and Advanced Technologies Research Institute (QUATRI)-ийн судлаач Х.Цэндсүрэн квант механикийн салбарт түүхэн нээлт хийжээ. Тэрээр Германы Макс Планкийн нэрэмжит Цөмийн Физикийн Институт (MPIK)-ын онолын физикчидтэй хамтран ажиллаж, квант хонгилын (quantum tunneling) үзэгдлийн үед “хориотой муж” хэмээгддэг бүсэд электронууд буцаж ойж, сарниж байгааг анх илрүүлсэн байна.
Энэхүү судалгаа нь квант механикийн 100 жилийн ойтой давхцан, Дэлхийн хамгийн том, нэр хүндтэй сэтгүүл болох “Physical Review Letters”-т 2025 оны 5-р сарын 27-нд нийтлэгджээ.
Квант хонгил ба хориотой муж гэж юу вэ?
Квант хонгил нь бөөмс сонгодог физикийн хуулиар бол давж гарах боломжгүй саадыг нэвтэлдэг онцгой үзэгдэл юм. Энэ нь бөөмс долгион мэт шинж чанартай болж, саадны дундуур “хонгилдож” дамжин өнгөрдөгтэй холбоотой. Харин “хориотой муж” гэдэг нь энэ саадны доторх бүс бөгөөд сонгодог физикийн үүднээс тэнд бөөмс байх ёсгүй гэж үздэг. Гэвч квант механикийн ертөнцөд боломжгүй гэдэг бол зөвхөн эхлэл юм!
Х.Цэндсүрэн багийн судалгаагаар квант хонгилын явцад электронууд зөвхөн саадыг нэвтэлж өнгөрдөггүй, харин хориотой мужид буцаж ойж, сарниж байгаа нь тогтоогджээ. Энэ нь урьд өмнө бүртгэгдэж байгаагүй “гаж” авир бөгөөд бидний квант механикийн талаарх ойлголтыг өөрчилж байна. Энэхүү нээлт нь одоогийн онолын загваруудыг сорьж, квант технологийн хөгжилд шинэ боломжуудыг нээж өгч байна. Жишээлбэл, энэ үзэгдэл ирээдүйд хэт хурдан компьютер, нарийвчлалтай мэдрэгч зэрэг технологийн дэвшилд нөлөөлж болзошгүй.
Эрдэмтэн Х.Цэндсүрэн энэ судалгааг Дэлхийн тэргүүлэх байгууллага болох Макс Планкийн нэрэмжит Цөмийн Физикийн Институттай хамтран гүйцэтгэсэн нь онцлог юм. Түүний ажлын үр дүнг “Physical Review Letters” сэтгүүлд нийтэлсэн нь уг нээлтийн өндөр ач холбогдлыг баталж байна. Энэ сэтгүүл нь физикийн салбарт хамгийн алдартай хэвлэлүүдийн нэгд тооцогддог.
Х.Цэндсүрэн энэ нээлтээ квант механик үүссэний 100 жилийн ойд зориулсан онцгой бэлэг хэмээн тодорхойлжээ. 1925 оноос анх үүссэн энэ шинжлэх ухаан өнөөдрийг хүртэл хүн төрөлхтний технологийг өөрчилсөн бөгөөд одоо энэ шинэ нээлтээрээ дахин нэг алхам урагшилж байна. Тэрээр хэлэхдээ, “Энэ ажил бол квант механикийн гайхамшигт ертөнцийг илүү гүнзгий судлахад оруулж буй миний хувь нэмэр юм” гэжээ.
Энэхүү судалгаа нь зөвхөн онолын шинжлэх ухаанд төдийгүй практик хэрэглээнд томоохон нөлөө үзүүлэх юм. Жишээлбэл:
Аттосекундын шинжлэх ухаан: Хамгийн хурдан үйл явцыг судлах боломж.
Квант технологи: Илүү хурдан, үр ашигтай тооцооллын систем.
Материалын шинж чанар: Нано түвшинд шинэ материал хөгжүүлэхэд туслах.
Өгүүллийг унших холбоос