Л.Оюун-Эрдэнийн танхимын “ТҮГЖИЛ”-үүд хэн бэ?


Өнгөрсөн шөнө огцрох нь шийдэгдсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах үндэслэл өөр намаас биш нам дотроосоо, нам намдаа бүр Засгийн газрын танхим дотроосоо эхэлсэн болохыг өчигдөр өрнөсөн үйл явдлууд харууллаа. Гашуунсухайт-Ганцмод боомт яваад ирэхэд, дараагийн Засгийн газар зурагдчихсан байсан гэдэг тайлбар Л.Оюун-Эрдэнийнх. Түүний халааснаас шууд их хуралд суусан Э.Болормаа гишүүн ч “Хань болж чадахгүй сайд нараа зайлуулаач” гэдэг үгийг удаа дараа хэлсэн нь танхим дотроосоо Л.Оюун-Эрдэнийг унагаах процесс өрнөснийг харуулж байгаа 1 баталгаа юм. Тэгвэл Ерөнхий сайдын багт итгэл эвдсэн “Түгжилүүд” яг хэн хэн байсан бэ гэдэг нь ойрын өдрүүдэд тодорхой болно. Гэхдээ дээрх “Түгжилүүд”-ийн ашиг сонирхол хоорондоо эвсэж байж, бас намынхаа дэмжлэгийг хүртэж байж, сайдын суудал хүртэх үгүй нь тодорно. Тэр болтол багагүй хугацаа зарцуулагдах нь дамжиггүй. Тэгвэл Л.Оюун-Эрдэнийг суудлаас нь буулгасан “Түгжилүүд” хэн хэн байж болох талаарх таамаглал дэвшүүлж үзье.

Ерөнхий сайдад итгэл үзүүлж мэдэх уур амьсгал бүрдсэн чуулганы нэгдсэн хуралдаанд шөнө дунд зорин ирж, үгээ хэлсэн Төрийн тэргүүний үг гишүүдийн санал хураалтад нөлөөлсөн байх магадлал бий. Ерөнхийлөгч “Миний өсгөсөн хайртай хүүхдүүд албан тушаалд битгий шигд” хэмээн өөрийнхөө саналыг тодорхой илэрхийлсэн. Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн талаас илэрхийлсэн байр суурь болоод засаглалын тогтолцоо өөрчлөгдөнө гэсэн Л.Оюун-Эрдэнийн айлгах тактик зэрэг нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын зөрчил хурцадсан болохыг нотлов.

Энэ бүхнээс харахад Ерөнхийлөгчийн талын сайд нар Л.Оюун-Эрдэнэд хань болоогүй болж таарч байгаа юм.

Засгийн газрын 22 сайдын 6 нь Ерөнхийлөгчийн талын хүмүүс гэгддэг. Тодруулбал: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарыг “түгжилдсэн” гэдэг таамаглал төрийн ордноор нэг жиг жуг хийж явна. Тэд Ерөнхий сайдад “Итгэл үзүүлэх” хэлэлцүүлгийн явцад асуулт асууж үг хэлэлгүй чимээгүйхэн оршиж байсныг ард түмэн ч ажигласан байж мэднэ.

Тэгвэл дээрх сайд нар Ерөнхийлөгчтэй ямар харилцаа хамааралтай байж болохыг таамаглах гээд үзье. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг Төрийн тэргүүний хүн гэж тодорхойлох нь бий. Б.Батцэцэг хувийн хэвшлийн салбарт ажиллаж байгаад 2010 оноос МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр томилогдон ажилласан түүхтэй. Тэгвэл 2008-2012 онд МАН-ын генсекийн албан тушаал одоогийн Ерөнхийлөгчийнх байсан. Тэгэхээр Төрийн тэргүүн Б.Батцэцэг сайдын улс төрийн карьерыг эхлүүлсэн “багш” нь болж таарч байна.

Сангийн сайд Б.Жавхлангийн хувьд Төрийн тэргүүнтэй үеэл, ахан дүүгийн холбоотой гэдэг. Харин Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы хувьд УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Ерөнхийлөгчийн зөвлөхийн албыг хашиж байсан түүхтэй. Тэгвэл С.Бямбацогт сайдын хувьд өдгөө парламентад 5 дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа туршлагатай улстөрч. Тэрээр хэд хэдэн байнгын хороо даргалахаас эхлээд бүлгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд гээд томоохон албан тушаал хашиж явсны хувиар Батлан хамгаалахын сайдын суудлаа ахиулах санаархалтай байж болох. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы хувьд Л.Оюун-Эрдэнийн танхим насгүй болсныг мэдмэгцээ саналаа дараагийн ЗГ-т орох тохироотой худалдсан байхыг үгүйсгэх аргагүй. Харин одоогийн Засгийн газрын гал тогоог барьж ирсэн Н.Учралыг Ерөнхийлөгчийн талыг баримтлагч гэж яригддаг. Шалтгаан нь У.Хүрэлсүхийг 2015 онд Шадар сайдаар ажиллаж байхад Н.Учрал хэвлэлийн зөвлөхөөр нь ажиллаж байсан. Өмнө нь дандаа намын ажил, алба хашиж ирсэн Н.Учралыг Төрийн ордонд өрөө тасалгаатай болгож, гишүүн, сайд, дарга болтол нь өөд татсан хүн бол Ерөнхийлөгч.

Энэ бүхнээс харахад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллаж байсан МАН-ын 12 сайдын 6 нь Ерөнхийлөгчийнх, 1 нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүн буюу Б.Тулга.

Уг нь Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлнэ хэмээн хуульчилсан байдаг ч Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө танхимыг бүрдүүлж чадаагүй нь түүний тэргүүлсэн Засгийн газрын хувь заяаг шийджээ гэж харж болохоор байгаа юм.

Үнэн хэрэгтээ түүнд АН, ХҮН-ын сайд нарыг царайчлахаас өөр сонголт байгаагүй болж таарч байна. Өчигдөр хэлсэн үгэндээ Л.Оюун-Эрдэнэ засаг дотроосоо шинэ Засгийн газрын бүтцийг зурсан явдалд цохилт авснаа нуугаагүй. Ингээд Монгол Улсын төрийг ардчиллын 33 жилийн түүхэнд хамгийн удаан жолоодсон Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ суудлаасаа бууж байна. Ардчилал гарснаас хойш ажиллаж байгаа 18 дахь Ерөнхий сайд байсан тэрээр танхимдаа чамгүй олон түгжилтэйгээс гадна сандал суудалтайгаа хамгийн удаан зууралдсан Ерөнхий сайд болон Монголын улс төрийн түүхэнд нэрээ үлдээлээ.

,

One response to “Л.Оюун-Эрдэнийн танхимын “ТҮГЖИЛ”-үүд хэн бэ?”

  1. МАН ын сайд нар түгжилдсэн гэхээс илүү энэ бүгдийн буруутан, Засаг огцорсоны буруутан бол Женко Баттулга юм. Оюун-Эрдэнэ өөрөө л буруутай, Женкод толгойгоо мэдүүлж Женкогийн үгээр явсанд МАН-ыхан дургүйцсэн.

Leave a Reply to Дэнзэн Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *