“Засгийн газрын 1 алдаа бол том төслүүдээ их хурдан явуулсан. Том төслүүдээ явуулчихсан юм чинь одоо АН хэрэгтэй юү, үгүй юү гэдэг юм ярьж байгаа. Шахсан хүмүүс тийм л юм ярьсан шүү дээ. Гашуунсухайт яваад иртэл дараагийн Засгийн газар зурагдчихсан байсан” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдэд учирлав.
Түүнийг ийн Төрийн ордонд УИХ-ын гишүүдийн хөлд сууж байхад гадаа нь “Огцрох амархан” жагсаал үргэлжилж, залуус Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотлохыг, хэрвээ чадахгүй бол огцрохыг шаардаж байлаа. Тэмээ гэхээр ямаа гэж, тэнгэр гэхээр газар гэсэн өдрүүд ийн үргэлжилсээр… Л.Оюун-Эрдэнэ орлогоо нотлохын оронд “Би “Хөсөг”, “Херо” гэдэг орлоготой. Миний хүү 23 настай. Би түүний насан дээр “Дэлхийн зөн” олон улсын байгууллагад ажиллаж байсан” хэмээн өөр юм ярьсаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлыг аргалж, үргэлжлүүлээд УИХ-ын гишүүдийг цаламдах гээд барсангүй.
Төрийн байгуулалтын байнгын хорооны 25 гишүүнээс 24 нь хуралдаа сууж, Л.Оюун-Эрдэнэ өөрөө санал өгөхөөс татгалзан хурлаас гаран, Х.Уянгахишиг гишүүн энэ хуралд оролцсонгүй. МАН-ын бүлгийн гишүүд намынхаа даргад итгэл үзүүлэх санал өгсөн нь тодорхой. Харин АН-ын бүлгийн 8 гишүүний 6 нь дэмжээгүй, 2 нь Л.Оюун-Эрдэнийг дэмжсэн бололтой.
Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд;
- Ж.Бат-Эрдэнэ /УИХ-ын ТББХ-ны дарга/ –МАН
- Д.Амарбаясгалан /УИХ-ын дарга/ –МАН
- С.Амарсайхан /Засгийн газрын гишүүн/ –МАН
- Б.Баярбаатар /УИХ-ын гишүүн/ –МАН
- Э.Болормаа /УИХ-ын гишүүн/ –МАН
- С.Бямбацогт /Засгийн газрын гишүүн/ –МАН
- С.Зулпхар /УИХ-ын гишүүн/ –МАН
- Л.Мөнхбаатар /МАН-ын бүлгийн дарга/ –МАН
- О.Номинчимэг /УИХ-ын гишүүн/ –МАН
- Л.Оюун-Эрдэнэ /Ерөнхий сайд/ –МАН
- Ц.Сандаг-Очир /УИХ-ын гишүүн/ –МАН
- Н.Учрал /Засгийн газрын гишүүн/ –МАН
- Л.Энх-Амгалан /Засгийн газрын гишүүн/ –МАН
- О.Алтангэрэл /Засгийн газрын гишүүн/ –АН
- Ж.Баярмаа /УИХ-ын гишүүн/ –АН
- Л.Гантөмөр /Засгийн газрын гишүүн/ –АН
- Э.Одбаяр /Засгийн газрын гишүүн/ –АН
- Б.Пүрэвдорж /УИХ-ын гишүүн/ –АН
- Ц.Туваан /Засгийн газрын гишүүн/ –АН
- О.Цогтгэрэл /АН-ын бүлгийн дарга/ –АН
- Ө.Шижир /УИХ-ын гишүүн/ –АН
- Б.Батбаатар /УИХ-ын гишүүн/ –ИЗНН
- Т.Доржханд /Засгийн газрын гишүүн/ –ХҮН
- Г.Уянгахишиг /УИХ-ын гишүүн/ –ХҮН
- Н.Номтойбаяр /УИХ-ын гишүүн/ –Үндэсний эвсэл
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Аливаа албан бичиг хуульд үндэслэх ёстой. “Итгэл үзүүлэх тухай” энэ бичиг ямар хуульд үндэслэснийг би олж харахгүй байна. Энд төсвийн асуудал байхгүй байна. Бодлогын тодорхой асуудлаар гэхээр яг ямар асуудлаар итгэл үзүүлэхийг хүсэж байгаа юм бэ?” гэж удаа дараа шаардсан ч түүний асуултад оновчтой хариулт ирсэнгүй. “Би байхгүй бол Монголын ажил урагшлахгүй” гэсээр байгаад Л.Оюун-Эрдэнэ ТББХ-гоор хүссэн шийдвэрээ гаргуулав. Өнгөрсөн хэд хоногт тэр орлогоо нотлохын оронд ордон дотор үлдэх аргаа хайлаа.
УИХ-ын ТББХ энэ удаад алдаа гаргаж, дараа дараагийн парламентад муу жишиг үзүүллээ. Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төсөл оруулж ирвэл УИХ хүлээн авч, хэлэлцэх хуультай. Гэтэл Ерөнхий сайд бодлогын тодорхой асуудал гаргаж ирсэнгүй. Орлогоо нотолж чадахгүй байгаадаа бантаад, Ерөнхий сайдлын өндөр албан тушаалдаа үлдэх зорилгоор л УИХ-д хандаж, түүнийг нь ТББХ хүлээж аваад, хэлэлцчихлээ. Монгол Улсын эрх ашиг биш, Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүний эрх ашиг хөндөгдсөн байхад, үүнийг УИХ-ын ТББХ-ны 17 гишүүн ялгаж салгаж чадсангүй. МАН-ын гишүүд даргадаа тал засаад, аваад үлдчихэв.
Бас нэг ноцтой асуудал үүссэн нь ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд тус байнгын хорооны хуралд суусан явдал юм. Тэд хуралд суугаад зогссонгүй, санал хураах үед ч гарч явсангүй. Улмаар УИХ-ын чуулганд ч сууж, санал өгөв. Уг нь тэд Л.Оюун-Эрдэнэ шиг хурлаас гарч явах ёстой байлаа.
Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно. Тиймээс сайд нар бол ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд. Гэтэл тэд ТББХ-ны хурал, УИХ-ын чуулганд сууж, “Би огцрохгүй” гээд өөртөө санал өгсөн нь хамгийн шог байлаа. Тэд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэх тангаргаасаа няцлаа. УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд заасны дагуу тэднийг “Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх үүргээ зөрчсөн” хэмээн Үндсэн хуулийн цэцэд өгөх, эргүүлэн татах нөхцөл үүсэж байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үүнийг харсаар байж, зэрэгцэж суугаад, намынхаа даргыг аварлаа, сайд нараар санал өгүүллээ. Ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүдийг аль ч хурлаас гаргасангүй.
УИХ-ын ТББХ, чуулганы энэ шийдвэрийг ҮХЦ хүчингүй болгож, Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэхийг дахин хэлэлцэх асуудал үүсэхээр болсон ч Ерөнхий сайд огцорсноор энэ асуудал шийдэгдэв. Даанч хойч үедээ хөгийн үлгэр үзүүлсэн нь харамсалтай.
One response to “Хойч үедээ хөгийн үлгэр үзүүлсэн парламент”
Pee tanai site iim hugiin setguulchidtei uudluhgui bga ni argaguimda