БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан И Жэ Мюн үдээс өмнө тангараг өргөж,албандаа орно


6 дугаар сарын 2-ны мягмар гарагт явагдсан БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч И Жэ Мюн ялалт байгуулснаар тус улсын 14 дэх төрийн тэргүүнээр тодорлоо.Орон нутгийн цагаар мягмар гарагийн 20:00 цагт хаагдсан санал хураалтын дараагаар шууд эхэлсэн санал тооллогын дүн лхагва гарагийн үүрээр гарч, улмаар Өмнөд Солонгосын улсын Сонгуулийн үндэсний хороо хуралдан энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг албан ёсоор баталснаар өглөөний 06:21 цагийн орчимд шинэ ерөнхийлөгч И Жэ Мюны бүрэн эрхийн хугацаа эхэлсэн талаар тус улсын хэвлэлүүд мэдээллээ. Сонгуулийн үндэсний хорооноос танилцуулсан дүнгээр Ардчилсан намаас нэр дэвшсэн И Жэ Мюн 49.42%-ийн саналаар ялалт байгуулсан бол түүний гол өрсөлдөгч болох эрх баригч Ард түмний хүч намын нэр дэвшигч Ким Мүн Сү 41.15%-ийн санал цуглуулж, ялагдал хүлээжээ.Түүнчлэн сонгуулийн ирц урьдчилсан байдлаар 79.4%-тай гарсан нь сүүлийн 30 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болсон талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Ийнхүү импичментээр огцорсон өмнөх төрийн тэргүүн Юн Сук Ёл цэргийн онц байдал зарласнаас яг хагас жилийн дараа зохиогдсон ээлжит бус ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний нэр дэвшигч ялалт байгуулаад байна.

Тэрээр Ардчилсан намын төв байрны гадна дэмжигчиддээ хандан хийсэн мэдэгдэлдээ “эцэст нь бид 6 сарын өмнө цэргийн онц байдал зарласан хүмүүсийг огцруулж, хариуцлага тооцож чадахаар болж байна, энэ улс орныг удирдагчид нь ард түмэн та бүхэн юм шүү, үүнийгээ өөрсдийн өгсөн саналаараа батлаж чадлаа” гээд, ерөнхийлөгчийн үүрэг бол улс орныхоо ард түмнийг нэгтгэх гэдгийг би хэзээ ч мартахгүй гэсэн байна. Өдгөө 60 настай, БНСУ-ын шинэ ерөнхийлөгч И Жэ Мюн шилжилтийн хугацаагүйгээр шууд албандаа орох бөгөөд түүний тангараг өргөх ёслолын арга хэмжээг Үндэсний Ассамблейд орон нутгийн цагаар лхагва гарагийн 11:00 цагт зохион байгуулахаар болжээ. Тэрээр БНСУ-ын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч И Жун Хо-гоос ерөнхийлөгч болон зэвсэгт хүчний ерөнхий коммандлагчийн үүргээ хүлээж авах юм. И Жэ Мюн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолынхоо өмнө нийслэл Сөүл хот дахь Үндэсний оршуулгын газарт очиж, хүндэтгэл үзүүлэхээр төлөвлөжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *